Баянхонгор аймгийн Жаргалант суманд Байдрагийн голыг даган нутагладаг иргэдийн төлөөлөл болсон “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас өнөөдөр /2018.10.01/ мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутагт орших Мандалын Бөөрөг хэмээх газарт “Жамп”, “Агь хаарвист” гэх компаниуд Байдраг голын дэргэд нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлож хууль зөрчих болжээ.
Аймгийн шүүхээс нь “Жамп” компанийг алт олборлохыг нь хориглох шийдвэр гаргасан байгаа ч аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрлийг авсан гэх тайлбартайгаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй аж. Мөн тус компани Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нартай нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх гэрээ байгуулж, өөрсдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “Агь хаарвист” гэх компаниар алт олборлолт хийлгэж байгаа гэнэ.
“Агь хаарвист” компани нь Бөөргийн гол дотор, “Жамп” компани нь тус голын хажууд алт олборлолт хийж, алт угаасан бохир усаа шууд нийлүүлдэг байна. Бөөргийн голтой нийлсэн бохир ус нь Мандалын голоор дамжин, Байдрагийн гол руу нийлж нийт таван сумыг ундны усаар хангадаг Байдрагийн голын эхийг бохирдуулж байгаа ажээ. Энэ жил бороо хур их байсан учраас бохир ус гамшгийн хэмжээнд хүрч, сумын иргэд алт угаасан (шлам-тай) бохир саарал ус уусаар өнөөдрийг хүргэлээ гэж хурал зохион байгуулагчид хэллээ.
“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Анх нөхөн сэргээлтийн уурхай ирлээ гэхэд малчид маш их баярласан. Гэтэл бодит байдал дээрээ ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй. Байдрагийн гол одоогоор улаан саарлаараа эргэсэн, юу урсаж байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Харин иргэд бид өөр уух ус байхгүй учраас ундны усаа Байдрагийн голоосоо авсаар байна. Бохир ус ууж байгаа иргэдийн эрүүл мэнд чимээгүй хохирсоор байгаа. Ус нь бохирдвол цус нь бохирдоно. Цус нь бохирдвол нас нь богиносно гэдэг. Манай нутгийн 250 орчим иргэд хүнд нөхцөлд амьдарч байна” гэсэн юм.
Тус ТББ-ын зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, аймгийн прокурорын газар гэх мэт бүх шатны байгууллагад хандсан ч шалгалт хийсэн дүр үзүүлэхээс өөр арга хэмжээ авдаггүй байна. Харин өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг бодит байдалтай танилцжээ. Удахгүй нааштай хариу ирнэ гэж найдаж байгаагаа нутгийн иргэдийн төлөөлөл илэрхийллээ.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ