Д. Авирмэд: АХБ-ны гэрээгээр зохицуулагддаг төслийн тендерийг хатуу хяналт дор шалгаруулдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Д. Авирмэд: АХБ-ны гэрээгээр зохицуулагддаг төслийн тендерийг хатуу хяналт дор шалгаруулдаг

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд тендерээс их хэмжээний мөнгө завшсан тухай зарим хэвлэл онцолсон. Дуулианы эзэн болоод буй түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг Баянхошуунд хийгдэх дэд бүтцийн ажлын тендерийг будлиантуулсан гэж хэвлэлүүд бичээд байх юм. Хэл ам дагуулаад байгаа тендерийнхээ тухай тодорхой мэдээлэл өгөөч?

– Азийн хөгжлийн банк(АХБ)-наас санхүүжилттэй манай төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хэсэгчлэн хөгжүүлж, зургаан дэд төвийг бүтээн байгуулах юм. Өөрөөр хэлбэл, хот доторх хотыг бий болгоно. Үүний нэг нь Баянхошуу дэд төв. Төсөвт өртөгтэй 6.9 сая ам.долларын санхүүжилттэй автозам болоод инженерийн дэд бүтэцийн ажил хийх компанийг тендерээр сонгон шалгаруулсан. Ингэхдээ тендерийг хоёр удаа зарласан л даа. Эхлээд зарласан тендерт Хятадын компани шалгарсан боловч юанийн ханш өссөнтэй холбоотойгоор энэ ажлыг хийх боломжгүй гээд татгалзсан. Дахин тендер зарлахад Германы “Ludwig Pfeiffer” компани шалгарсан юм. Тэдний өгсөн үнийн санал нь 9.1 сая ам.доллар байсан. Өмнөх тендерт ялсан Хятадын компани мөн л иймэрхүү үнийн санал өгсөн байв. Ингээд тендерт шалгарсан Германы компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл АХБ-наас ирсэн. Одоогоор бид гэрээ байгуулах шатандаа явж байна. Тендерт шалгарсан компанийн үнийн санал болох 9.1 сая ам.долларт НӨАТ орчихсон байгаа. НӨАТ-ын арван хувь нь Монголдоо үлдэнэ. Тэгэхээр татварын арван хувийг хасаад 8.2 сая ам.доллараар гэрээ хийнэ гэсэн үг.

-Тэгвэл та гүтгэгджээ дээ. Хуулийн байгууллагад хандах уу?

-Тендерийн зөрүүг Д.Авирмэд гэдэг хүнийг аваад идсэн гэсэн мэдээлэл бол ор үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Намайг болон төслийн багийнхныг гүтгэсэн энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шүүхэд хандсан байгаа. Эрүүгийн цагдаагийн газраас хүртэл ирж биднээс тайлбар авсан. Дан ганц Д.Авирмэд гэдэг хүний нэр төрийг гутаах зорилготой ийм мэдээлэл тараасан бол өөр хэрэг. Гэтэл улс орны бүтээн байгуулалттай холбоотой том төсөл явж байхад ингэж худал хуурмаг мэдээлэл цацах нь маш хортой. Цаашид хэрэгжих олон төсөл хөтөлбөрүүдэд тээг болж мэднэ шүү дээ.

Тендерийн шалгаруулалтыг Д.Авирмэд гэдэг хүн бие дааж шийдвэр гаргадаггүй. Тендерийн үнэлгээний хороо нь АХБ-ны худалдан авалтын хороо руу шууд саналаа явуулна. Тэндээ шалгагдаад, нэмэлт материал хэрэгтэй бол хүлээж аваад, эцсийн шийдвэрээ гаргадаг. Засгийн газрын АХБ-тай байгуулсан хэлэлцээрт бүх худалдан авалт болоод санхүүгийн үйл ажиллагаа АХБ-ны бодлогоор явагдана гэж заасан байгаа.

-Тендер яаж зарлагдсан юм бэ?

-Энэ тендер олон улсад нээлттэй зарлагдсан болохоор гадаад, дотоодын компаниуд оролцох бүрэн боломжтой байсан. Автозам, цэвэр бохир ус, дулаан гээд дэд бүтцийн энэ бүх ажлыг хийж байсан туршлагатай компани хэрэгтэй учраас Германы компани шалгарсан гэсэн.

-Ямартай ч энэ төсөл Д.Авирмэд гэдэг хүний дур зоргоор тоглоод байдаг ажил биш гэдгийг ойлголоо. Ер нь та энэ албан тушаалд яагаад томилогдсон юм бэ?

-Олон улсын байгууллагатай гэрээлсэн төслийн дотоод хяналт сайн байдгийн гол утга учир нь энэ. Цаана нь Сангийн яам, НЗДТ хянадаг. Манай байгууллагуудын гэрээлэгч дээр гарч байгаа төлбөрүүдийн нэгдүгээр гарын үсгийг Сангийн яам, хоёрдугаар гарын үсгийг Нийслэлийн Засаг дарга зурдаг юм. Би бол байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаан дээр гарын үсэг л зурах үүрэгтэй хүн. Миний хувьд 2000 оноос хойш АНУ-ын Азийн сангийн,“Мерси кор”-оос явуулсан Говийн санаачилга төсөл, Монголын мянганы сорилтын сангийн санхүү хариуцсан захиралаар ажиллаж байгаад 2014 оноос энэ төслийг эхлэхэд санхүүгийн мэргэжилтнээр орж ажилласан. Ингээд 2016 онд төслийн зохицуулагч болсон. Энэ салбартаа буюу төслийн менежментээр 19 дэх жилдээ ажиллаж байна. АНУ болон Австралид төслийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

-Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр хэдэн жил хэрэгжих вэ. Эргэн төлөлт нь ямар хугацаатай юм бол?

-Гурван үе шатаар есөн жил хэрэгжинэ. Энэ хугацаанд нийтдээ зургаан дэд төвийг барьж байгуулна. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах төсөл юм. 2022 оны 12 дугаар сарын 31-нд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад, 2023 онд бичиг баримтуудаа шилжүүлж өгөх юм. Төслийн санхүүжилт бол 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл байгаа.

Хот төлөвлөлтийн шинэ шийдлийг гэр хороололд оруулж ирж байж өнөөдрийн төвлөрлийг сааруулх ёстой.Гэр хорооллын иргэдийг дэд бүтцэд холбосноор тэнд босох том бүтээн байгуулалтын суурийг тавьж өгч байгаа юм. Ингэснээр дэд төвүүдэд хүн амыг гурав дахин нягтаршуулж, гэр хорооллын замбараагүй төлөвлөлтийг засч чадна. Хамгийн гол нь тэнд амьдарч байгаа иргэд төрийн болон хувийн, соёлын, бизнесийн гээд бүх хэрэгцээт үйлчилгээгээ тухайн амьдарч байгаа газраасаа авчихдаг болбол заавал хотын төв рүү орох шаардлагагүй болно. Иймд нийгмийн байгууламж буюу хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төв байгуулах ажлууд төсөлд багтсан. Бизнес инкубатор бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст дэмжлэг болох зорилготой. Гэр хороололд хийгдэж буй анхны жишиг болсон ажил юм. Бизнес инкубатор төв байгуулагдсанаар ажилгүйдлийн тоо буурч дэд төвийн иргэдийн санхүүгийн чадамжид эергээр нөлөөлнө гэж харж байгаа. Мөн Баянхошуу дэд төвд одоо үерийн далангийн тохижилтын ажлыг хийж байгаа. Зүгээр далан бариад орхичихгүй. Тэнд дугуйн зам, ногоон байгууламж, сагсны талбай,хүүхдийн тоглоомын талбай, дасгалын төхөөрөмжүүдийг хийх юм. Эдгээрээс гадна дэлхийн жишигт нийцсэн усан спортын төв байгуулна.

-Хөтөлбөрийн эхний шатанд ямар бүтээн байгуулалт өрнүүлэв?

-Баянхошуу дэд төвийн хувьд СХД-ийн нийт таван хорооны 165 га талбайд хэсэгчилсэн төлөвлөлт хийгээд орон сууцжуулах, барилгажуулах суурь нөхцлийг бий болгож байгаа юм. Энэ жил дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийсэн. Цаашаа 3.2 км шинэ дулааны шугам тавих компани шалгарсан. Одоо ажлын явц нь 60 гаруй хувьтай байна. 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд инженерийн дэд бүтцийн ажлуудаа 100 хувь дуусгачихна. Мөн гэр хорооллын иргэд цахилгааны хүчдэл муутай байдаг шүү дээ. Тэгэхээр 35 Мвт-ын цахилгаан хангамжийг барина. 1000 метр куб усан хангамж хийнэ. Бохирын шугам төв коллектортой холбогдох болохоор 2017 онд барилга угсралтын ажлаа хийгээд дуусчихсан. Харин Сэлбэ дэд төв СБД-ийн 14, ЧД-ийн 18, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га-д хэсэгчилсэн төлөвлөлт хийж байгаа. Олон улсын стандартад нийцсэн бие даасан дулааны эх үүсвэр буюу 26.6 Мвт-ын дулааны станц барьж байна. Сэлбэ дэд төвдөө АХБ-ны шаардлагын дагуу 50 айлыг нүүлгэн шилжүүлж байршуулах орон сууц барьсан. Энд хүмүүс дараагийн байрандаа ортол түр суурьших юм. Бас 240 хүүхдийн цэцэрлэг байгуулж байгаа.

-Танай төслийн хүрээнд иргэдийн орлогод нийцсэн орон сууцны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-АХБ-наас манай төсөлтэй холбогдож орж ирж байгаа өөр нэг төсөл нь “Орлогод нийцсэн орон сууц буюу хот шинэчлэлтийн төсөл” юм. Дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан эко орон сууц барих ажил эхэлж байгаа. Иргэдийн орлоготой уялдуулсан орон сууцаа ирэх онд барих юм. Ер нь гэр хорооллыг хөгжүүлэхдээ бүх төрлийн орон орлоготой хүмүүс тэнд очоод амьдрах нөхцлийг нь бүрдүүлнэ. Блоколсон таун хаусын хороолол, өндөр нягтаршилтай орон сууцны барилгуудыг байгуулах юм. Өнөөдөр гэр хороолол ногоон байгууламжгүй болохоор асар их тоосжилттой байгаа. Иймд дэд бүтэцтэйгээ ногоон байгууламжуудаа ч хамтад нь төлөвлөсөн.

-Газар чөлөөлөлт ямархуу явцтай байна?

-Манай төслийн хүрээнд 800 гаруй хашаа хамрагдаж байгаа. Газар чөлөөлөлтөд 30 тэрбум зарцуулж байгаа бөгөөд энэ ажил 95 хувьтай байна. Бидний судалгаагаар газраа чөлөөлсөн иргэдийн 80 орчим хувь нь байшинд орсон байгаа.

-Төслийн дараагийн үе шат гэр хорооллын аль хэсэгт хэрэгжих вэ?

-Хөтөлбөрийн хоёрдугаар үе шат нь Дамбадаржаа, Дэнжийн мянга орчимд дэд төв байгуулна. Эдгээр төвийн төлөвлөлтийг хийх дизайнераар Солонгосын компани орж ирсэн байгаа. Дамбадаржаалин хийд-Долоон буудал-Зургаан буудал-Хайлааст, баруун тийшээ Дэнжийн мянга гэсэн талбайг хамарч буй төлөвлөлтийг томоор нь харах юм бол энэ хооронд орон сууцжуулах том коридор үүсч байгаа. Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхдээ Дамбадаржаалин хийдийг аялал жуулчлалын гол бүс болгох зорилготой. Бас дэд төвүүддээ цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Д.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж