Ухаалаг утсыг хориглосноор багш нарын ачаалал улам нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Ухаалаг утсыг хориглосноор багш нарын ачаалал улам нэмэгджээ

Сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр өнөөдрөөс /2018.10.1/ хэрэгжиж эхэллээ

Ухаалаг утсыг хориглосноор багш нарын ачаалал улам нэмэгджээ

Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр өнөөдрөөс /2018.10.1/ хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын хүн амын 80.6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэдэг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаагаар хот, хөдөө, орон нутгаас сонгосон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71.8 хувь нь өөрийн гар утастай байжээ. Мөн тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг байсан аж. Түүнчлэн нийслэл дэх нийт сурагчдын 96.9 хувь нь цахим хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь цахим хаягаа тогтмол хэрэглэдэг байна.

Засгийн газраас гаргасан дээрх шийдвэр нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг утасны хэрэглээ нээлттэй байх юм. Учир нь сургалттай холбоотойгоор ухаалаг утас ашиглах тусгай шаардлага тулгардаг байна.

Мөн багш нарын утас нээлттэй байх тул яаралтай үед сургалтын дундуур эцэг эхчүүд багш нартай холбогдож болно.

 ХИЧЭЭЛ СОНИРХОЛГҮЙ САНАГДСАН ҮЕД УТСААРАА ФЭЙСБҮҮК  ОРДОГ БАЙСАН

Сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглох шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг шалгахаар нийслэлийн Монгол III сургуулийг зорилоо. Хамгийн эхэнд  XI ангид оров. Сурагчид нийгмийн ухааны хичээлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлэн хичээллэж байв. Уг шийдвэрийн талаар сурагч Т.Алтаншагай сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Өнөө өглөө манай ангийнхан бүгд утсаа унтраан ангийн багшдаа хураалгасан. Багш бидний утсыг шүүгээнд хийгээд цоожилсон. Хичээл тарахаар бүх утсыг эргүүлж өгнө. Энэ шийдвэрийг маш зөв гэж үзэж байна. Хэдэн жилийн өмнө гар утасгүй байхад болоод л байдаг байсан. Одоо бол бараг бүгд ухаалаг утасны хамааралтай болоод байгаа. Хичээлийн үед утасныхаа тооны машин, толь бичгийг ашигладаг байсан. Бас хичээл сонирхолгүй санагдсан үед утсаараа фэйсбүүк ордог байсан. Одоо энэ хэвшлээрээ халаас руугаа гараа явуулаад утас байхгүй болохоор хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж байгаа. Шийдвэрийг ангийнхан зарим нь дэмжиж, зарим нь дурамчхан хүлээн авч байгаа. Зөв шийдвэр болохоор удалгүй бүгд ухаалаг утсыг халах шийдвэрт дасах байх. Мөн шийдвэрийг хэрэгжүүлснээр сурагчдын анхаарал зөвхөн хичээлд төвлөрч, сурлагын чанар нэмэгдэх байх” гэлээ.

ХИЧЭЭЛИЙН ТУРШИД “УТСАА БОЛЬ” ГЭДЭГ

Дараа нь уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа талаар багш нарын байр суурыг сонслоо. Монгол III сургуулийн нийгмийн ухааны багш А.Очир “Ухаалаг утас хэрэглэснээр сурагчдын анхаарал төвлөрөл багасдаг. Мөн багш хичээлийн туршид сурагчдад “Утсаа боль” гэдэг үгийг хэлдэг. Тиймээс сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах нь цаг үеэ олсон ухаалаг шийдвэр. Шийдвэрийг хэрэгжүүлснээр эцэг, эх, багш нарын хооронд хэдэн асуудлыг тодорхой болгох шаардлага байна. Нэгдүгээрт, ухаалаг утсыг хурааж аваад, эргүүлэн тарааж өгөх нь хүүхдэд ч, багш нарт ч эрсдэлтэй. Сурагчийн утсыг хурааж авснаар өмчийн асуудал хөндөгдөнө. Энэ хэрээр багшид эрсдэл үүснэ. Тиймээс ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих нь илүү үр дүнтэй” гэсэн юм.

УХААЛАГ УТАС БАЙХГҮЙ ҮЕД СУРАГЧИД НОМ Л УНШДАГ

Шийдвэртэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонслоо. С.Санжмятав “Манай охин II ангид сурдаг. Ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар хүүхдийн анхаарал дээшилнэ. Мөн сошиалаас янз бүрийн мэдээлэл авах эрсдэл багассан. Мөн ухаалаг утас гараагүй байх үед сурагчид ном л уншдаг байсан” гэв.

 УХААЛАГ УТАСНААС БОЛЖ ХҮҮХДИЙН ГЭРИЙН ДААЛГАВАР, ГЭРИЙН АЖИЛ ОРХИГДОЖ, БӨӨН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА

Харин уг шийдвэртэй холбоотойгоор ахлах ангийн сурагчдын эцэг, эхийн байр суурийг сонсоход П.Пүрэвдорж “Манай охин X ангид сурдаг. Утсыг нь өнөөдөр /2018.10.1/ ээж нь хураасан. Ухаалаг утсыг нь “Nokia”-гаар сольж байгаа. Ингэснээр гар утсыг холбоо барих хэмжээнд л барина. Ухаалах утас гарахаас өмнө зурагтад донтлоо гэдэг байсан. Одоо ухаалаг утас асуудал дагуулдаг боллоо. Ухаалаг утаснаас болж хүүхдийн гэрийн даалгавар, гэрийн ажил орхигдож, бөөн асуудал болж байна. Би охиндоо ухаалаг утас авч өгсөн гээд давхар загнуулсан” гэлээ.

БАГШИЙН АЧААЛАЛ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ТОВЧЛУУРТАЙ УТАС РУУ ШИЛЖИХ УРИАЛГА ГАРГАЖ БАЙНА

Шийдвэрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайхаас тодруулахад “Засгийн газрын тогтоолыг мөрдөхийн тулд ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмжийн хэрэглээг сургуулийн орчинд хориглох журам гаргасан. Журмын дагуу эцэг, эх, сурагчдын зөвшөөрлөөр хичээлийн үед ухаалаг утсыг хурааж, хичээл тарах үед тарааж байгаа. Цаашид ухаалаг гар утаснаас татгалзаж, товчлууртай утас руу шилжих уриалгыг эцэг, эх, сурагчдад хүргэж байна. Товчлууртай утас ашиглаж байгаа тохиолдолд утсыг хураах шаардлагагүй. Мөн 2500 гаруй сурагчтай манай сургууль дээр жишээ авахад, ийм хэмжээний эцэг, эх багшаар дамжуулан хүүхэдтэйгээ холбогдох болно. Ингэснээр багшийн ачаалал улам нэмэгдэх юм” гэв.

Түүнчлэн энэ жилийн хичээлийн шинэ жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон худалдаалахыг хориглосон. Уг шийдвэрийн талаар нийгмийн ажилтнаас тодруулахад “Манай сургуульд хийжүүлсэн ундаа болон бэлэн гоймон худалдаалдаггүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж