АН Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

АН Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Монгол Улсын сайд М.Энхсайханы Тавантолгой төслийн хэлэлцээрийн талаарх мэдээлэл сонслоо. Гэхдээ бүлгийн хуралдааны талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.

Эх сурвалжаас авсан мэдээлээр бол Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлөө шинээр сонгохоор болжээ. Ийм асуудлыг Ардчилсан намын дарга З.Энхболд гишүүддээ танилцуулсан аж. Гүйцэтгэх зөвлөлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг бүгдийг багтаах, нэмээд намын төв аппарат дахь гол хүмүүсээ оролцуулах саналтай байгаагаа илэрхийлснийг бүлгийн гишүүд нь дэмжжээ.

Одоогийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд аймгийн намын хороодын удирдлага, гишүүд голлодог юм байна.

Мөн бүлгээр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж, таван гишүүнийг багтаасан юм байна. Төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд бүлгийн гишүүд “Эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө хасах асуудлыг Засгийн газар оруулж ирсэн нь нийгэмд буруу ойлголт төрүүллээ. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам санаачилсан байтлаа эргээд хасах тухай ярьж байгаа нь шүүмжлэл дагуулж байна” гэсэн асуудал хөндөгдсөн бол зорилтот хэсэгт хүүхдийн мөнгө хүргэх нь зөв гэж үзэх гишүүн ч байжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж