Европын хувийн мэдээлэл хянах байгууллагаас Facebook компанийг 1.63 тэрбум ам.доллараар торгож магадгүй аж. Өнгөрсөн Баасан гаригт /2018.09.28/ Facebook 50 сая хэрэглэгчийн мэдээллийг цахим халдлагад алдсан хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Мөн 40 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй гэж сануулсан.
Тэгвэл үүнтэй холбогдуулж Ирланд улсын Дублин хотноо үйл ажиллагаагаа явуулдаг Ирландын мэдээлэл хамгаалах хороо/DPC/ АНУ-ын Facebook компанид 1.63 тэрбум ам.долларын торгууль ногдуулж магадгүй аж.
Одоогийн байдлаар энэ Ирландын мэдээлэл хамгаалах хороо Facebook компанийг уг цахим халдлагад Европын хэрэглэгчид байгаа талаар тодруулсан хүсэлт гаргасан. Хэрэв байгаа тохиолдолд Европын холбооны гаргасан хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
“Facebook цахим хадлагыг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт /2018.09.25/ тодруулсан боловч албан ёсоор олон нийтэд гурав хоногийн дараа зарласан. Энэ бол хугацаа алдаж, хэргийг нуун дарагдуулахаар оролдсон хэрэг. Мөн Facebook цахим халдлагын учир шалтгааныг тодруулж чадахгүй байна. Мөн хэрэглэгчдийг байж болзошгүй эрсдэлд оруулж байна” хэмээн DPC-ны төлөөлөгч мэдэгджээ.
Facebook компанийн хэвлэлийн төлөөлөгч тус хорооны асуулт болон хүсэлтэд ирэх өдрүүдэд хариулах тухай мэдэгдсэн байна.
Энэхүү асуудал удаан хугацааны туршид яригдаж магадгүй бөгөөд Европын ерөнхий мэдээлэл хамгааллын хууль АНУ-ын хувийн мэдээллийг хамгаалах хуулиас чанга байдаг аж.
Түүнчлэн, энэхүү цахим халдлагаас болж Facebook компанийн 3.4 хувь буюу 163 ам.доллар хүртэл буурсан ажээ.
“Энэ бол маш ноцтой асуудал, бид хянамгай хандаж байгаа” хэмээн Facebook сайтыг үндэслэгч Марк Зүкербэрг CNBC телевизийн сувагт ярьжээ.
Мөн Марк Зүкербэрг өөрийн профайл нь халдлагад өртсөн талаар мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: FORTUNE, BI
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ