Арабууд идлэг шонхорыг машинаар хөөн барьж байгаа нь манай улсын Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.11, 6.2., 10 дугаар зүйлийн 10.1,10.1.5., 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа явдал юм байна. Үүнийг таслан зогсоохын тулд Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбоо “Шонхор шувуудыг машинаар хөөж бахардуулахгүй барих хялбар аргууд” оюуны өмчийн гэрчилгээ авчээ. Тус холбооны тэргүүн, Монгол улсын Шинжлэх ухаан, байгаль орчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амарсанаатай уулзаж ярилцлаа.
-Энэ олон жил БОАЖЯ Амьтны тухай хуулиа зөрчиж арабчуудаар шонхор бариулж байгаа болж таарч байна. Иймээс Н.Цэрэнбат сайдад ёс зүйн хариуцлага тооцох ёстой юу.
-Ийм учиртай юм. Манай улс өнөөдөр түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй, олон зуун гол, горхио ширгээж, газар нутгийнхаа 76,8 хувийг цөлжүүлчхээд байгааг Н.Цэрэнбат сайд “Яам шинжлэх ухаанаас зөрж ажилласнаас болсон” гэж маш зөв оношилсон хүн. Яг үнэндээ арга боловсруулах үүрэгтэн нь яам биш учраас гол буруутан нь судлаачид бид өөрсдөө. Харин бидэнд буруугаа засах боломжийг энэ Засгийн газар гаргаж өгсөн гэж ойлгох нь үнэнд илүү нийцнэ. Учир нь, Монгол Улсын Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 26-нд “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар гаргасан. Энэ албан даалгаврын 1.1-д “Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан ажиллах” гэж заасан. Мөн Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай 32 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолын 4-т “Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг судлан мөрдөж, хувь иргэний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажилдаа хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай гэж заасан. Тэгэхээр энэ чинь дээрх заалтууд л хэрэгжиж байгаа хэрэг. Тиймээс Н.Цэрэнбат сайд яаж буруутан болох билээ.
Өнөөдөр Засгийн газрын 2012 оны 101 дугаар тогтоолоор идлэг шонхорыг “Үндэсний бахархалт шувуу” хэмээн тогтоож худалдаалахыг хориглож зөвхөн бэлгийн журмаар экспортолж байгаа нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт болон CITES (Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци)-ийн 14 дүгээр зүйлтэй бүрэн нийцэж буй учир хуулийн ямарваа маргаан байхгүй. Харин яагаад идлэг шонхор манай бахархалт шувуу болсныг яам иргэддээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах ёстой байсан. Мөн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхорыг хэнд, хэдийг өгч байгаагаа яагаад нууцлах болсон шалтгааныг CITES-ийн Нарийн бичгийн газарт тайлбарлах ёстой байсан. Манай холбоо зайлшгүй шаардлагатай болоод байсан эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүхэн ч гэсэн Н.Цэрэнбат сайдаас өмнөх асуудал. Харин энэ дашрамд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална: 4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх гэж заасан учир хэнд өгснөө нууцалдаг юм гэхэд жилд идлэг шонхорын экспортын хэдэн зөвшөөрөл олгосноо иргэдэд нээлттэй болгохгүй бол та нар хууль зөрчөөд байгаа юм биш үү гэдгийг танай сайтаар дамжуулан яамныхан болон сайдад анхааруулах нь зүйтэй байх.
Бас хэдхэн хоногийн өмнө Төрийн ордонд болсон Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд ирүүлсэн, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтэд “Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Иймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно” гэсэн билээ. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.32-т Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж… 4.1.3-т Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч,… байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна, Засгийн газрын албан даалгавраас гадна 32 тоот тогтоолын 2.2-т яам… хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авах гэж заасны дагуу шонхор барьж буй арабчуудад учир, байдлыг ойлгуулж, хэлэлцээний ширээний ард хамтран суух ажлыг яаралтай зохион байгуулж өгнө үү гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан яамнаас албан ёсоор хүсэх нь зөв.
-Нөхөгддөг баялаг болох амьтан, ургамалтай холбоотой оюуны өмчийн эрхээ орлого олгох хэрэгсэл болгоно хэмээн танай холбооныхон ярьж байна. Үүнийгээ дэлгэрүүлээч?
-Маш товчоор Засгийн газрын манай холбоотой хамааралтай мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллана. Учир нь, урд хөршийн ДНБ 11,9 их наяд ам.доллар болж 40 жилд 58 дахин өсөж дэлхийн рекорд тогтоогоод байна. Бид энэ рекордыг эвдэх гэж үзнэ дээ.Тэд энэ хугацаанд 800 сая хүнийг ядуурлаас гаргасан байна гээд бод доо. Бид хэдэн хүнтэй билээ.Дэлхий дээр хөдлөх, үл хөдлөх гэсэн хоёрхон өмч байдаг. Үл хөдлөх хөрөнгийн дээд нь унаган байгаль. Энэ нь манай орон нутгийнханд бэлэн байна. Хөдлөх хөрөнгөний дээд нь оюуны өмч. Энэ нь манай холбоонд хангалттай байна. Энэ хоёрыг нийлүүлбэл юу болох бол гэдэг нь сонин байгаа биз. Хөөрхий мөнгө энэ хоёр хөрөнгийг үнэлэх гээд сачий нь хүрдэггүй юм. Энэ нь бэлэн байгаа байгаль, хувьцаа гаргаагүй оюуны өмчийг мөнгөөр үнэлж болдоггүй гэсэн үг. Америкийн Стийв Жобс, Бил Гейтс, Цукерберг, хятадын Ма гэх мэт тэрбумтнууд чинь бүгд оюуны өмчийн эзэд шүү дээ. Блокчейн технологийн ачаар аж үйлдвэрийн IV хувьсгал гарч олон мэргэжил хэрэггүй болж, олон сая хүн ажилгүй болно гэж дэлхий нийтээр ид шуугьж байна. Тэр Блокчейн технологи гэдэг чинь ч оюуны өмч. Ер нь оюуны өмчийг инноваци болгож амьдралд тасралтгүй нэвтрүүлж чадсан улсууд л хөгжлөөр тэргүүлдэг юм байна. Үүнийг “Их долоо” гэгддэг улсуудын түүх бэлхнээ баталдаг.
Иймээс энэ оны наймдугаар сарын 1-нд Засгийн газар “Төрөөс инновацийн тухай баримтлах бодлого”-ыг баталлаа. Бид энэхүү бодлогын хүрээнд нөхөгддөг баялаг болох амьтан, ургамалтай холбогдсон өөрийн байгууллагын оюуны өмчүүдийг амьдралд инноваци болгон нэвтрүүлж ИТХ, Засаг даргатай нь Хамтран ажиллах гэрээ байгуулан хоёр жилийн дотор Ховд, Увс болон Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилгүйдлийг арилгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний хоёр жилд иргэдээ бүгдийг нь ажилтай, орлоготой, амьтан, ургамлын хангалттай нөөцтэй болгож дараагийн хоёр жилд нь орон нутагт гадаадын тэргүүний технологи бүхий үйлдвэрүүд байгуулан орон нутгийнханд давуу эрхээр хувьцаа эзэмшүүлэхээр зорин ажиллах болно.
Эхний ээлжид эдгээр аймаг, сумыг газрын гүний дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжтай болгох юм. Ийм дэд бүтэцгүй бол бидний зорилго ээлжит хагас, хугас үлгэр болно. Үүний эхний санхүүжилтийг Хас банканд удахгүй төвлөрөх 100 сая ам.доллараас санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөрөнгө нь нүүрсхүчлийн хийг багасгах ажилд зарцуулах зориулалтаар та бидэнд өгч буй олон улсын мөнгө юм. Энэ бол Д.Оюунхорол гишүүний сайд байхдаа бидний төлөө хийсэн нэг ажил нь. Иймээс иргэдийнхээ өмнөөс Д.Оюунхорол гишүүнд баярлалаа гэж хэлье.
Харин бид инноваци нэвтрүүлж олсон орлогын 60 хувиар аймгуудад “Орон нутгийг хөгжүүлэх валютын сан” байгуулна. Энэ хөрөнгөнөөс жил болгон тодорхой хэсгийг нь цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн өрийг төлөөд явна. Ингэснээр бүх сум, баг халуун хүйтэн устай болж хотоос ялгарах юмгүй болно. Мөн 20-30 хувиар нь орон нутгийн иргэдэд мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр сургалт явуулна. Ингэснээр инновацийн бүх орлогын 70-80 хувь нь орон нутагт үлдэх нөхцөл бүрдэнэ. Сумдын иргэдэд оюуны өмч авч инноваци болгоход нь мэргэжлийн туслалцаа үзүүлж валютын хадгаламж, сумаа хөгжүүлэх сантай болгоно. Инноваци нэвтрүүлэхэд монгол хүн шиг хэрэгтэй зүйл байхгүй. Зүүн аймгийнхан Баянзүрх, баруун аймгийнхан Сонгинохайрхан дүүрэгт төвлөрч энэ хоёр дүүрэг хамгийн олон хүнтэй дүүрэг болсон. Бид хоёр жилийн дараа хэд нь уугуул нутаг руугаа буцсан тооцоо гаргана. Энэ тооцоо хотын утаа, орчны бохирдол, түгжрэлийг арилгаж буй жинхэнэ амьд ажлын үр дүн болно.
Бид улс болон аймаг, сумаас нэг ч төгрөг авахгүйгээр эдгээр ажлыг хийх юм. Учир нь, манайхаас бага ургамал, амьтны биомасстай Европын Холбооны улсуудын иргэд жил болгон нөхөгддөг баялгаасаа хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ тодорхой хэсгээр амьтан, ургамлынхаа нөөцийг өсгөж байна. Бид юугаар дутсан гэж тэдний дор орох билээ. Бидэнд байгаа оюуны өмчийн нэг нь л жилд хэдэн саяас хэдэн зуун сая ам.долларын орлого орон нутагт оруулна. Өнөөдөр байгалийн амьтан, ургамал дэлхийн зах зээл дээр мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээс 10-800 дахин илүү үнэтэй байна. Хамгийн гол нь шууд валютаар зарагдаж байна. Үүнийг Амараа гуай ч олоод харчихсан юм биш. Ийм болно гэдгийг алдарт Адам Смит аль 300 жилийн өмнө “Үндэсний баялаг” номдоо биччихсэн байгаа. Гадныхан манай мал, тарьсан ургамлыг яг ямар үүлдэр, сорт болохыг эхлээд сонирхдог. Яг үнэндээ манайханд хэлэх үг олддоггүй. Ялангуяа мал дээр худлаа туухаас өөр аргагүй болдог. Харин байгалийн амьтан, ургамал дээр зүйлийн нэрийг нь дэлхий нийтээр мэдэж байдаг учир ийм шаардлага огт гардаггүй. Иймээс бид нутгийн анчидтай нийлж янгирын ноолуураа самнаж өгдөг болгож энэ аргаа гадаадад зарна, эсвэл жил болгон төлбөр авна. Дор хаяж аргаль, янгирын арьсны хөрс хонь, ямааных шиг хувалзны сорвигүй цэв цэвэрхэн байдаг. Аль нь илүү үнэ хүрэх нь тодорхой байгаа биз. Орон нутаг дэлхийн технологид суурилсан үхэр, адуу, ноолуур, мах, сүүний чиглэлийн ямааны аж ахуйтай болж бэлчээрийн ямааны тоог эрс цөөрүүлнэ. Ингэсэн цагт цөлжилт богино хугацаанд арилж илүү үнэтэй ан амьтны тоо толгой өсч, аялал жуулчлал нэмэгдэнэ. Энэ бүхэн чинь нөхөгддөг баялаг. Дуусашгүй үнэт баялаг. Товчоор бид орон нутгийнхны “нүд, чих” нь болж тэд энэ бүхнийг хийнэ.
-Та оюуны өмчийг инноваци болгож буй тодорхой нэг жишээ авбал уншигчдад илүү ойлгомжтой болох байх
-Амьтан, ургамалтай шууд холбоогүй ч багагүй ач холбогдолтой нэг жишээ авъя. Жил болгоны зургадугаар сарын 5-нд Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил бид “Хаягдал хуванцар, гялгар уут ашиглан авто зам засварлах бага зардалтай хялбар арга” оюуны өмчийн гэрчилгээ авсан. Учир нь, 2018 онд энэ өдрийг байгальд 100-4000 жил болж байж задардаг “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөсөн юм. Харамсалтай нь бидний энэ арга хар замын 0,85 см-1м диаметрээс илүүгүй цоорхойд л нөхөөс хийх боломжтой байсан учир энэ аргаа сайжруулж “Хаягдал хуванцар материал болон хаягдал автомашины дугуй ашиглан хямд зардалтай, өндөр чанартай авто зам засварлах, тавих хялбар арга” оюуны өмчийн гэрчилгээ нэмж авлаа. Ингэснээр одоогийн зардлаар 0.5-1 дахин их хэмжээтэй, 10-15 дахин их эдэлгээний чанартай авто замыг жилийн аль ч улиралд засварлах, тавих боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь аймаг, сум хүртэл ийм боломжтой болж байна гэсэн үг. Том оврын техник хэрэгсэл шаардлагагүй учир хот, аймаг төдийгүй сум, баг өөрсдөө хямд зардлаар авто зам засварлах боломжтой болж байгаа хэрэг.
Мөн дэлхийн биологчдын “шүдний өвчин” болчихоод байгаа байгаль, орчинд ихээхэн хөнөөлтэй хаягдал хуванцар, машины хаягдал дугуйг үр ашигтай зарцуулах асуудлыг монголчууд зохистой шийдэж “ногоон технологи” бий болгосон гэсэн үг. Бас УИХ-аас баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.225-ын Автозамын засвар арчлалтын хугацааг уртасгах, чанарыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн заалт бүрэн хэрэгжих боломжтой болж байна гэсэн үг. Бид цаашид ч орон нутагтай хамтран нөхөгддөг баялгаа зохистой ашиглах замаар хамгаалж, өсгөхтэй холбогдсон олон оюуны өмч авч инноваци болгон амьдралд нэвтрүүлнэ. Манайхны урьдчилсан тооцоогоор манай холбооны ажлын дүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 40 гаран заалт хэрэгжих боломжтой болох юм билээ.
-Нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж валют олохыг олон улсад шинжлэх ухааны яг ямар үндэслэлээр зөвшөөрөөд байдаг юм бэ
-Биологийн шинжлэх ухаанд “био хог” гэсэн ойлголт бий. Монгол анчид хамгийн түрүүнд үр төлгүй, сувай амьтдыг агнадаг байсан нь сүргийн нөхөн үржилд хамгийн том аюул учруулах “био хог”-ийг устгадаг байсан гэсэн үг. Мөн нэгэнт үржилд орж үр төлөө үлдээсэн аль ч эр амьтан генийн хувьд “био хог” болдог. Ийм хөгшин том амьтан (биохог)-ыг гадаадын анчдаар агнуулах нь залуу амьтад хөгшчүүлийн саадгүй үржилд орж, сүрэг эрүүл чийрэг бодгалиудаар сэлбэгдэн сүргийн тоо толгой олшрох нэг гол нөхцөл болдог. Иймээс байгалийн өмнөөс хүмүүс зохицуулалт хийн валют олох боломжтой байдаг гэсэн үг. Жишээ нь, сүргийн эзэн арсланг ганцаараа дийлэхгүй учраас залуу хос арслан нийлж ноцолдон сүргийн эзнийг хөөж явуулаад сүргийн эзний бүх нялх үр төлийг алдаг. Энэ нь гаднаас нь харахад зэрлэг мэт харагдавч үнэндээ сүрэгт нэг төрлийн ген хэт олшрохоос сэргийлж буй байгалийн ердийн зохицуулалт юм. Мөн олон зүйл шавьж, аалз үр тогтонгуут том биетэй эм нь жижиг биетэй эрийгээ шууд бариад идчихдэг. Энэ нь мөн л гаднаас нь харахад зэрлэг мэт харагдавч үнэндээ сүрэгт нэг төрлийн ген хэт олшрохоос сэргийлж буй байгалийн ердийн зохилдлого юм. Эр шавьж, аалзны хувьд үр төлийнхөө төлөө өөрийгөө хүртэл зольж буй нь үнэхээр “баатарлаг” үйлс мөн. Тэр байтугай, нийт сүргээ золих тохиолдол ч бий.Та телевизээр сая сая загас далайгаас гарч гол өгсөн Аляскийн олон баавгайд бариулж байгааг харсан байх. Энэ загаснууд голын эхний ширүүн урсгалтай хэсэгт очиж түрсээ шахаад бүгд үхдэг. Дошгин, ширүүн урсгал гэдэг нь ус агаартай шүргэж хүчилтөрөгчөөр илүү баяждаг гэсэн үг. Энэ бол үр төл нь эрүүл өсөх гол нөхцөл. Мөн энэ ширүүн урсгалд үр төлийг нь идчих дайсан амьтан байхгүй. Бүр үр төлд нь хоол болох ч юм байхгүй. Иймээс эдгээр загас түрсээ шахсаны дараа бүгд үхэж ялзмагаараа үр төлөө хооллодог. Товчоор энэ нь бас л сүрэгт нэг төрлийн ген хэт олшрохоос сэргийлж буй байгалийн ердийн зохилдлого юм. Иймээс нэгэнт үр төлөө үлдээсэн аль ч нэн ховор эр амьтан био хог болдог учраас байгалийн өмнөөс цэвэрлэж валют олох боломжийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн удаа үр төлөө үлдээсэн арслан, ирвэс, заан гэх мэт нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж валют олж байгаа нь манай хуульд бичээстэй байдаг ч огт хэрэгждэггүй нөгөө зохистой ашиглалт гэдгийн бодит жишээ юм. Өөрөөр хэлбэл, энэ нь эдгээр амьтдын тоо толгой өсөх нэг гол нөхцөл болдог юм.
Холбоотой мэдээ