Индонези улсын Сулавеси аралд болсон 7.5 магнитудын газар хөдөлсний улмаас цунами болж 1200 хүн амь үрэгдсэн талаар албаныхан тодруулаад байна. Үндэсний байгалийн гамшигтай тэмцэх агентлаг энэ тоо цаашид өсч магадгүй хэмээн эмээж байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас олон хүмүүс байшин, барилгын нурангид дарагдаж амь үрэгдсэн талаар аврах ажилтнууд мэдээлээд байна.
Сулавеси арлын Палу хотод амь үрэгдсэн хүмүүсийн тоо их байгаа бөгөөд тэдэнд зориулж томоохон хэмжээний оршуулгын ажил зохион байгуулах ажээ.
“Амь үрэгсэдийн тоо цаашид өсч магадгүй яагаад гэвэл эвдэрч сүйдсэн барилгын нуранги дор хүмүүс байна. Бид заримд нь тусалж чадахгүй байна. Мөн Донггала, Сиги, Боутонг тосгонуудад хүрэх зам, харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй байгаа учир одоогийн байдлаар хохирлыг тодорхойлж чадсангүй” хэмээн агентлагийн төлөөлөгч Сутодо Пурво Нугроход мэдэгджээ.
Арал дээр амьд үлдсэн хүмүүсийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн боловч хоол хүнс, ундны усаар дутагдаж байгаа аж.
“Минут тутамд түргэний машин цогцос авчирдаг” хэмээн 35 настай Риса Күсүма ярьжээ.
Хүмүүс ойролцоох дэлгүүрүүдийг хоол хүнс, ундны ус олж авахаар хоосолсон бөгөөд нөхцөл байдал ихээхэн хүндрэлтэй байгаа талаар албаныхан мэдэгдээд байна. Хүмүүнлэгийн тусламжийг аврах ажилтнууд гамшигт өртсөн газруудад нисэх онгоцоор илгээж байгаа боловч хүрэлцэхгүй байгаа аж.
Төрөл төрөгсөд, хамаатан саднууддаа санаа зовсон, тэднийг олох гэсэн хүмүүс Facebook хуудас зохиож зураг хөргийг нь тавин сураг ажиг гаргаж байна. Мөн тухайн үед Палу арал дээр гамшиг тохиох үед 61 гадаадын жуулчид байсан бөгөөд ихэнх нь одоогийн байдлаар аюулгүй аж. Гэвч Францын гурван иргэн, Малайз болон Өмнөд Солонгосын иргэд ор сураггүй алга болсон талаар мэдээлжээ.
Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /2018.09.30/ гамшигт өртсөн газруудтай танилцаж аврах ажилтнууд хангалтгүй тоног төхөөрөмжгүйгээс болоод багагүй хүндрэлтэй учирч байгаа тухай мэдэж туслалцаа үзүүлэх болсноо амлажээ.
ЭХ СУРВАЛЖ: SKYNEWS
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ