Сүхбаатар дүүргийн “Голомт” банкны салбарт хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Б,Т нар нь хуурамч 14 мянган рублиэр гүйлгээ хийснийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлжээ. Мөн энэ сарын 4-нд ОХУ-ын иргэн Төрийн банкаар үйлчлүүлэхдээ ихээхэн хэмжээний хуурамч рубль солиулсан нь илэрсэн байна. Сэжигтэн нь манай улсын томоохон барилгын компанийн инженерээр ажилладгийг тогтоож, хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор хуурамч мөнгөн тэмдэгтүүд худалдаанд гарах эрсдэл ихэсдэг тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ