“Долоон хүний аминд хүрсэн алуурчин” болж гүтгэгдсэндээ гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

“Долоон хүний аминд хүрсэн алуурчин” болж гүтгэгдсэндээ гомдолтой байна

“Долоон хүний аминд хүрсэн алуурчин” болж гүтгэгдсэндээ гомдолтой байна

Иргэн Ө.Эрдэнэцэцэг “News” агентлагийн редакцийг зорин ирлээ. Тэр олны танил нэгэн биш жирийн нэгэн эмэгтэй. Харин аймшигт хэрэгт гүтгэгдсэний улмаас өнөөдөр “Цэцэгшагдарын гэргий” гэдэг тодотголтой болж энэ хэргээс үүдэн олон хүн эчнээ мэдэх болсон байх. Тэрбээр нэг л өдөр ханийг нь “долоон хүний амь бүрэлгэсэн” гэх хэрэгт тулган баривчилсан тухай, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж  дөрвөн удаа хэрэгсэхгүй болгосон байтал нөхрийг нь ямар ч нотлох баримтгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр фото зурагтай нь алуурчин болгож зарлах болсноос гэр бүлээрээ нийгэмд жигшигдээд жинхэнэ утгаараа хэлмэгдэж байгаа талаараа ярьсан юм. Нялх үрээ тэврэн ирсэн тэр ээж, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр “Зүгээр л гэртээ байж байхгүй, чийгтэй байшингаас гарч даншиг эхлэх гэж байгаа Хүй долоон худагийн орчимд майхантайгаа хоноод ирье гэж хань, үр хоёртойгоо яах гэж гарав аа” хэмээн уйлахыг харахад нүд хальтрам. Тэрбээр хэдийгээр хэлмэгдсэн ч аймшигтай осол болохыг хараад тусламж дуудан утасдаж байсан ханийгаа буруутгаагүй. Харин ослын дуудлага өгсөн олны дундаас ханийг нь л гэмтэн гэж гүтгэсэн хүмүүст л гомдож байгаа аж. Ингээд тайлбараа орхиж түүний яриаг хүргэе.


-Манай редакцийг зорьж ирсэн учраа тайлбарлаж өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Эрдэнэцэцэг, миний ханийг Цэцэгшагдар гэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр манай гэр бүлийн нэр хүндэд халдан, хилс хэрэгт гүжирдэх болсонтой холбогдуулан үнэн бодит тайлбар хийхээр танай байгууллагад хандаж байна.

Миний хань Цэцэгшагдарыг 2017 оны есдүгээр сарын 29-ны өдөр гэртээ байж байхад нь  өдрийн 12.00 цагийн орчимд баривчилсан.Төв мөрдөн байцаах газрын хоёр цагдаа миний нэрийг асууж орж ирээд нөхрийг минь авч явахаар болсон. Ямар хэргээр баривчилж байгааг асуухад “Очиж байгаад хэлнэ” гэсэн. Бага хүүхэд маань гурван сартай байсан болохоор би хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Утас руу нь залгахад авахгүй байснаа нэг цаг орчмын дараа холбогдох боломжгүй болсон.  Дараа нь 15.00 цагийн үед Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс Түвшинбат гэдэг цагдаа ирээд “Өөрөөс тань хэдэн зүйл тодруулмаар байна” гэсэн. Тэрбээр “Ноднин жилийн наймдугаар сарын 5-нд хаана байсан бэ” гэж асуулаа. Эхлээд би санахгүй байсан. Тэгээд “Санадаггүй, тэр өдөр хаана байсан юм бол доо” гээд байж байтал цагдаа өөрөө  “Приусны осол” гэж байна. “Аан, тийм” гэтэл “Энэ талаараа яриадах” гэсэн. Би болсон бүх үйл явдлыг ярьсан. Энэ нь байцаалт байсан юм билээ.

Нөхрийг минь баасан гаригт баривчлаад, бүтэн сайны орой л батлан даалтад гаргасан. Хорьсон хоёр хоногт би нөхрийнхөө дүүг дагуулаад Төв аймагт хоёр настай болон гурван сартай хоёр нялх хүүхдээ аваад нөхөр дээрээ очсон. Үүдийг нь хэчнээн сахьсан ч уулзуулаагүй. Өмгөөлөгч авах ёстой юм болов уу гэж бодсоноо “өмгөөлөгч авъя гэвэл буруутай юм байна гээд бодчих болов уу” гээд хүлээж байв.

-Одоогоор олон нийт энэ хэргийн талаар ямар мэдээлэлтэй, ойлголттой байгааг та гадарлаж байгаа байх. Гэтэл та өнөөдөр энэ бүхнийг худал болохыг тайлбарлаж ойлгуулахаар ирсэн байна. Хөдөлшгүй баримтаар ийм зүйл болоогүй гэж нотлох гол зүйл танд юу байна вэ?

-Би энэ хэргийн гэрч.Уг хэрэг болох үед би нөхрийнхөө машины урд талын суудалд 1 нас 7 сартай охиноо тэврээд сууж явсан. Болсон осол хэргийг нүдээрээ харсан, осол болох тэр цаг үед тэнд байсан болохоор тэр хэргийн гэрч гэж болно.Би нөхрөө энэ хэрэгт хамааралгүй гэдгийг гэрчлэхээс гадна  тэнд яг юу болсон юм бэ гэдгийг ч гэрчилнэ. Гэрч хүн хуулинд зааснаар худал ярьж болохгүй, зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй юм билээ. Осол болсноос хойш жил гаруй хугацаа өнгөрч байхад нөхрийг маань гэрээс баривчилж байцаасан, намайг тусад нь байцаасан.Өөрөөр хэлбэл бид энэ хэргийн талаар болсон явдлыг нэг л үнэнээр ярьсан байх. 2016.08.06-ны өдөр Хүй долоон худагт  “Даншиг наадам” болох байсан. 08 сарын 05-ны өглөө манай нөхөр 24 цагийн харуулын ажлаасаа бууж ирсэн. Хэсэг хугацаанд амарч байгаад тэр үед 1 нас 7 сартай байсан охин маань дархлаа султай, өвчлөмтгий, бид лагер зусланд гардаггүй хөдөө гадаа явдаггүй учир нэг өдөр ч болтугай хүүхдээ агаар салхинд гаргая гээд Хүй долоон худагийн урд толгойд наадамчид буудалладаг газар очиж хоноод, өглөө түгжирч сааталгүй наадам үзээд ирье гэж ярилцаад 14 цагийн үед байрныхаа доор байдаг АТМ-аас мөнгө авч дэлгүүрээс ус ундаа хүнсний зүйл худалдаж аваад 17 цаг өнгөрч байх үед хотоос гарсан юм. Хүй долоон худаг руу эргэдэг  уулзвар жаахан өнгөрөөд зүүн гар тийшээ буюу замын урд тал руу эргэх гарц харж яваад тэр хавьд гарц байхгүй байсан учир буцаж хотын зүг рүү эргэсэн. Эргээд 2-р эгнээгээр явж байхад 1-р эгнээгээр бидний хажуугаар уг Приус машин маш хурдтай гүйцэж өнгөрөөд замын хажуугийн шороон хэсэг рүү орсноо нөгөө тал руугаа даялаж яваад өмнөөсөө ирж явсан машиныг мөргөж замын хажуу руу онхолдсон. Энэ бол маш богино хугацаанд болсон, Приус машин хурдтай явж байгаад шороон зам руу оронгуутаа жолоогоо огцом нөгөө тийш дарснаас эрчиндээ эсрэг урсгал руу орсон байх. Бид нар энэ явдлыг Приусын араас хараад осол болж машин онхолдмогц замаас гарч зогсоод нөхөр маань тэр машинууд руу гүйж очсон. Утсаараа түргэн, цагдаа дуудсан, тэнд зогссон зарим машины жолооч нартай хамт нааш цааш гүйж, Приус машины хаалгыг онгойлгох оролдлого хийж байсан. Ослын газарт хамгийн түрүүнд түргэн тусламж, дараа нь Онцгой байдлын галын машин ирсэн, түргэний машин ирээд эмч нь онхолдсон машин руу зогсож зам хөндлөн гүйж очиж явахад дэлбэрсэн, эмч буцаж гүйж байсан, энэ бүх байдлыг би машинаасаа нэг бууж нэг сууж харж байсан, хүүхэд маань уйлаад би машиныхаа хаалгыг онгойлгож буугаад яг тэндээ хүүхдээ аргалаад бүүвэйлээд зогсож байсан. Манай машины багааж онгорхой, нөхөр маань онгойлгож галын хор,ус авч гүйж байсан юм. Ард бас машин зогссон нэг эмэгтэй утсаар яриад уйлж байсан, би ч уйлсан, тийм зүйлийг харахад үнэхээр аймаар, хэцүү байсан.Бид тэнд цаг гаруй болсон байх олон ч машин зогсож, хүмүүс харж нааш цаашаа явж байсан, бүрэнхий болж, хүүхэл уйлаад байсан учир бид тэндээс хөдөлж суварга тойроод, овоо тойроод хот руу буцсан. Биднийг буцаж явахад цагдаагийн машин очиж байсан. Ийм л юм болсон. Тэр гэрчлээд байгаа эмэгтэйгийн яриад байгаа шиг хохирогч гэх эмэгтэйн яриад байгаа шиг, компьютерт хийсэн зураглалаар үзүүлээд байгаа шиг Приус машин манай машинд шахагдаж замын хажуу руу ороод эсрэг урсгалаар ирж яваа машиныг мөргөж унахдаа 3 удаа зам дээр эргэлдэж онхолдсон асуудал огт болоогүй, хэрэв тийм асуудал болсон бол зам дээр энэ машины ядаж шил толь хагарсан ул мөр үлдэх байлгүй дээ.Тэгээд ч тэр машин чиглэлээ өөрчилж Ланд 200-г мөргөх хүртэл зам бол машин 3 өнхрөөд очих зай биш, машин өнхөрсөн бол 3 биш 5-6 өнхрөх хэмжээний зайтай шүү дээ. Мөн тэр зам жаахан өгсүүр, уг Приус бидний хажуугаар шур гээд маш хурдтай өнгөрсөн, бид нар араас нь мөн өгсүүр хэсэгт доороос нь энэ бүхнийг яг нүдээрээ харсан, мэдээж энэ бүх байдал нь хэргийн газрын үзлэг, хэмжилт, бусад гэрчүүдийн мэдүүлэг өөр нотлох баримтуудаар нотлогдож байгаа байлгүй дээ. Манай нөхрийг баривчилж шалгахаас өмнө хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгосон гэсэн, мөн холбогдуулж шалгаад 2 удаа хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч хохирогчийн талын гомдлоор дахин сэргээгдэж шалгагддаг, дахин шинжээч томилдог, дүгнэлт гардаг юм шиг байна лээ. Би энэ талаар нарийн мэдэхгүй, гэхдээ болсон хэргийг нүдээр харсан гэрчийн хувьд бүх зүйлийг үнэнээр нь ярьсан, одоо ч танд үнэнийг ярьж байна. Хэрэг болсноос хойш жил гаруйн дараа манай нөхрийг шалгасан гэж би хэлсэн. Энэ хугацаанд бид хаягаа, утсаа, машинаа алийг нь ч сольж өөрчлөөгүй, оргож зайлаагүй. Хамгийн гомдмоор зүйл нь тэр гэрч гэх эмэгтэй болсон явдлыг тэс өөрөөр ярьж, биднийг гүжирдэж байгаагаас гадна тэр хүний худал яриагаар компьютерийн худал зураглал хүртэл хийж, хохирогч гэх хүмүүс ч буруу зөрүү ойлгон сэтгэл санааны асар их зовлонг нэмж амсаж байх шиг байна. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэргийн материалтай танилцаагүй, шалгаж шийдвэрлэсэн хүмүүстэй нь уулзаагүй, болсон явдлыг нүдээр хараагүй байж зөвхөн нэг талыг барьж дээр нь прокурор цагдаагийн байгууллага, өмгөөлөгч, тэр ч байтугай сэтгүүлч нар луугаа дайрч давшилж, доромжилж байгааг харж сонсоод тэвчээр барагдаж, арга буюу олон түмэнд ойлгуулая, үнэнийг хэлье гэж бодож ирсэн юм. Бид ч бас хүн, бид ч бас амьдралтай, өнөөдөр осол болсон газарт зогсож, тусламж дуудаж, туслах гэж гүйж, осолд орсон хүмүүсийг өрөвдөж уйлж зогссоныхоо төлөө яагаад нөхөр маань гэмт хэрэгтэн болж бусад нь түүний хань хамсаатай болтлоо адлагдах ёстой юм бэ, энийг ойлгохгүй байна. Манай нөхөр тэр машиныг шахсан бол Приус машин шахагдсан тал руугаа л онхолдох байсан байх, мөн манай машин тийм хэмжээний хурдтай уралдаж явсан бол Приус машины ард хоцроод тэр хол зайд зогсож үлдэхгүй байсан байх. Энэ бүхнийг олон түмэнд зөв ойлгуулах юмсан гэж л хүсч байна.Шаардлагатай бол бид ч компьютерээр болсон явдлын талаар өөрсдийн нүдээр харсан үйл явдлыг дүрсэлж хийлгэж болно гэж бодож байгаа.Гол нь олон түмэнд зөв ойлгуулах үүднээс шүү дээ.

-“Цензургүй яриа” нэвтрүүлэг олон хүнд хүрсэн. Та үзсэн байх. Яг ийм юм зүйл огт болоогүй шүү дээ гэж няцаах үнэнг хэлээч?

-“Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзсэн. Тэр нэвтрүүлэгт “гэрч” гэж гарсан эмэгтэй асар  зүгээр л худлаа  ярьсан. Тэгэхэд би “Худлаа шүү дээ” гээд уйлаад сууж байсан. Тэр хүн “Ланд-100” шахаад тоосондоо дарагдсан чигээрээ манай гэрийн үүдэнд  ирсэн. Тэгэхээр нь би гүйж очоод “Та арьс өгөх үү, мах өгөх үү” гэж асуусан гэж байгаа юм. Тэр ах сандарсан, “шок”-ийн байдалтай байсан. Тэгэнгүүт нь “Та хүн алчихлаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гэж би тэр ахын энгэр рүү цохисон” гэж ярьсан. Мөн “тэгтэл эхнэр нь машинаас бууж ирээд “Чи хүн алчихлаа шүү дээ” гээд уйлаад хэлсэн гэж ярьсан нь оргүй худал. Бас том охин ард нь уйлаад байсан гэхчлэн хэлсэн. Гэтэл бодит байдал дээр ямар ч тийм юм болоогүй. Бид гурав засмал замаар аажуухан ирсэн болохоор тэгтлээ тоосонд дарагдаагүй. Зогсохдоо ч тоос шороо манаруулаагүй замаа чөлөөлөөд зогссон. Ямар ч хүн гүйж ирээгүй. Миний нөхөр тусламж үзүүлэх гэж гүйсэн, ослын дуудлага өгсөн нь л үнэн. Дээрх яриаг сонссон хүмүүс “Ямар аймаар юм бэ. Эдний буруу” л гэнэ шүү дээ. Тэгснээ “том охин машины арын суудалд уйлж байсан” гэх юм. Тэгэхэд том охин минь нэг ой гаруйхантай байлаа. Би урд суудалд өвөр дээрээ охиноо тэврээд явж байсан юм. Одоо миний охин гурван настай. Энэ явдлаас хойш жилийн дараа намайг гэрт ирж байцаасан гэж дээр ярилаа. Тэгэхэд бага хүүхэд минь төрөөд гурван сартай байсан. Ийм хэрэгт нялх үрийг минь хүртэл оролцуулж яриад байгаад үнэхээр харамсч байна. Биднийг нэр устай нь зарлаад, фото зураг харуулаад байх юм. Тэдний компьютерээр хийлгэсэн бичлэг ч худлаа байсан. Уг нь ийм зохиомол бичлэг харуулж байхаар прокурортой очоод уулзсан бол болох байсан байх. Танай байгууллагыг ч гэсэн прокурор, мөрдөн байцаах газрынхнаас тодруулж өгөөч гэж гуймаар байна.

-Нийгэмд бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг мөнгөтэй хүмүүс л байх магадлалтай. Дээр нь бараг “Ланд Круйзер” унасан учраас мөнгөтэй байж таарна, тэгээд л удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгуулаад байсан юм байх гэж бодсон болов уу. Яагаад гэвэл танай талаас ч, хуулийнхан ч тайлбар хийгээгүй байгаа шүү дээ. Одоо л та ярьж эхэллээ. Таны зүгээс юу хүсч, ямар үгсийг манай агентлагаар дамжуулж олон нийтэд хүргэмээр байна вэ?

-Бид хуулийн байгууллагыг худалдаж аваад хэргийг хэрэгсэхгүй болгочих тийм баян хүмүүс биш, 1-3 насны 2 нялх хүүхэдтэй, лизингийн байртай бусдын жишгээр унах машинтай жирийн л нэг залуу гэр бүл. Би хүүхдээ хараад гэртээ байдаг, нөхөр маань нэг компанид ажилтай. Ер нь яаж ч бодсон 7 хүний амь насыг хохироосон буруутай бол бултаж зайлаад холдож чадахгүй шүү дээ. Хуулийн байгууллага ч тийм хэмжээнд ажиллана гэж юу байх вэ. Тэр хүмүүс 4 өмгөөлөгч авч ажиллуулсан гэж байсан. Өмгөөлөгч нар хуулийн дагуу шийдэж байгаа эсэхийг харж л байгаа байлгүй дээ.

Маш их харамсаж гомдож байна. Ах дүү, хамаатан садандаа энэ тухай огт хэлээгүй байсан. Бид хэрэг хийгээгүй юм чинь шалгадгаараа шалгаад үнэн мөн нь тогтоогдоод биднээс уучлал гуйгаад л энэ асуудал дуусна гэдэгт итгэлтэй байсан болохоор хэлээгүй. Үүний дараа хэвлэлийн бага хурал хийхэд телевизээр нөхрийн минь зургийг гаргаж яриад байсан. Бүр машины дугаар, овог нэртэй нь яриад, сошиалаар бичээд дүүрэн тараасан юм билээ. Тэгээд л бүх хамаатан садан мэдсэн. Танилууд, найз нөхөд төдийгүй танихгүй хүмүүс таньж, ярьж,  гэртээ орж гарахад ч хэцүү байна. Эхнээсээ “юу болоод байгаа юм бэ” гэж асууж, шивэр авир хийж гэрээсээ гарахаас халшрах боллоо. Хүн бүрт тайлбарлаж өгөх хэцүү. Тиймээс энэ бүхэн манай гэр бүлийн буруу биш юм шүү гэдгийг хэлж нэр төрөө сэргээх гэж л танайд хандсан юм.

-Тэгээд хэзээнээс өмгөөлөгч авах болов. Өөрөө өөрийгөө өмгөөлж үнэн зөвийг тогтооход эргэлзээтэй болж эхэлсэн үеэс үү?

-Би нөхрөө батлан даалтад гаргах үед “Өмгөөлөгч авах шаардлагатай юу” гэж байцаагчаас асуусан юм. Тэгэхэд байцаагч “Та нарын л шийдэх асуудал. Гэхдээ энэ хэрэг маш их анхаарал татсан хэрэг шүү дээ гэсэн. Энэ нь надад өмгөөлөгч авсан нь дээр дээ гэх дохио юм шиг санагдсан. Буруугүй юм чинь гэж өмгөөлөгчгүй явсаар нөхрөө алдчихвал яах юм бэ гэж бодоод батлан даалтад гаргасны маргааш нь өмгөөлөгч авсан.

-Өмгөөлөгчөө сольсон уу?

Үгүй ээ. солиогүй, анх авсан өмгөөлөгчөөрөө л үйлчлүүлж байгаа.

-Дөрвөн удаа өмгөөлөгч сольсон, дөрвөн удаа хэргийг хэрэгсэхгүй болсон зэргээс харахад баримтаар нотлогдохгүй байгаа хэргийг нотлох гээд зүдрээд сүүлдээ хэвлэл мэдээллийг ашиглаж эхлээд байгаа дүр зураг таны ярианаас анзаарагдлаа. Таны хувьд хэвлэл мэдээллээр явсан мэдээллүүдээс яг юуг улайм цайм баримтаар няцаамаар байна вэ?

-Осолд орох үед манай машин хоёрдугаар эгнээнд явж байхад Приус машиныг шахсан гээд байгаа. Тэгж шахаагүйг тухайн үед өөдөөс ирж яваад Приус машинд мөргүүлсэн Ланд-200 маркийн автомашинд сууж явсан хүмүүс нотолно. Мэдүүлэгтээ ч үүнийг хэлсэн байх гэж бодож байна.

-Дотор нь цагдаа сууж явсан гээд байдаг тэр машин уу?

-Тийм, цагдаагийн хоёр ч хүн, бас өөр хүмүүс ч сууж явсан гэсэн. Телевизийн ярилцлагыг үзээд л дотор нь ямар хүмүүс байсныг мэдлээ. Ямартай ч Өвөрхангайн дугаартай машин байсныг хот руу хөдлөхдөө харсан. Урд нь хоёр эрэгтэй, хойно нь нэг эмэгтэй, хоёр хүүхэд байсан юм гэнэ. Манай машин уралдаж очоогүй гэдгийг тэд харсан байх гэж бодож байна. Уг нь тэнд өчнөөн олон машин, хүн байсан ч ирж нотолж өгөхгүй байх л даа. Гэм зэмгүй залуус ийм хэрэгт хэлмэгдээд байгааг ойлгоод ирж үнэн бодит мэдээлэл өгч тусалбал их л баярлах байна.

-Ер нь гэрч яагаад мэдүүлэг нь өөрчлөгдөөд байгаа юм бол. Элдэв шахалт дарамт байдаг юм болов уу?

-Лав гурван удаа мэдүүлгээ өөрчилчихлөө. Уг нь гэрч хэргийн талаар мэдүүлэхдээ болсон үйл явдлын талаар нэг л үнэнээр өгөх ёстой биз дээ. Гэтэл гурван үнэн, тэр нь хоорондоо эрс тэс зөрүүтэй байж болохгүй л баймаар юм. Тэр хүний яриад байгаа манай машинд шахагдаж, замын эсрэг урсгал руу ороод 3 өнхөрч урдаасаа ирж явсан машиныг мөргөсөн гэх асуудал огт болоогүй зүйл, ганц гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдэхгүй шүү дээ, бусад нотлох баримт үзлэг шинжилгээ гээд олон талаас нь шалгаж шийддэг байх. Би өөрөө бодоод байхад, энэ гэрчийн яриад байгаагаар төсөөлөөд үзэхэд голгүй худлаа хэлээд байгаа нь дээр миний ярьсан зүйл. Манай машин яаж ирж зогссон, хаана зогссон, зэргээс л уг машиныг шахаагүй гэдэг нь илт харагдана. Малын арьс, мах яриагүй байхад ярьсан гэх, би нөхрөө хүн алчихлаа гэж орилж цохиод, том хүүхэд уйлаад байсан гэхчлэн ярьсан нь огт болоогүй худал зүйл.

-Хохирогчийн талынхантай уулзаж байв уу?

-Үгүй. Гэхдээ мэдээлэл хийхдээ ашигласан миний нөхрийн багын зураг болон гадаад паспортын зургийг хаанаас яаж авсан юм бол. Батлагдаж нотлогдоогүй зүйлээр мэдээлэл хийж байхдаа зургийг нь хаанаас авч ашиглав гэдгийг их гайхаж байна. Хуулийн байгууллага энэ хүн буруугүй байна гэж удаа дараа нотлоод байхад миний нөхрийн, манай гэр бүлийн нэр хүндэд халдаад байгаад гомдолтой байна. Миний нөхөр одоо 38 настай. Би 34 настай. Хоёр хүүхэдтэй. Амьдрах гэж зүтгэж буй жирийн л залуу гэр бүл. Үнэхээр хуулийн байгууллагыг “худалдаж авах”, хэргийг хэрэгсэхгүй болгуулах санаа бодол, сэтгэл зүй, ёс зүй, зорилго шалтгаан, мөнгө аль аль нь бидэнд байхгүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө машинтай болсон. Зээлийн орон сууцтай. Миний хань жолооч хүний хувьд замд туслалцаа хүсч зогссон машины дэргэдүүр надад хамаагүй гээд өнгөрч чаддаггүй юм. Юу хэрэгтэй байна, тусалъя гээд заавал зогсч тусалдаг. Тэр үүднээс л тэнд байсан олон хүмүүстэй хамтдаа тусалж, эмнэлэг, цагдаа дуудаад зогсч байсан нь дуудлага өгсөн цаг минуттайгаа батлагддаг. Ямар азаар харин тэр үед биедээ бэлэн мөнгөгүй виза карт АТМ-аар уншуулж явсан юм, тэр нь биднийг хаанаас хаа хүрсэн замдаа хаана зогссон, ямар чиглэлд явж байсныг нотлох баримт болж байгаа. Тэгээгүй бол цаанаасаа ирж явсан гэж гүтгэчихвэл яах юм бэ. Хотоос гарч явсан гэдгээ бид хангалттай нотолсон. Хүүхдээ нэг ой гарантай байсан гэдгээ нотолсон. Мөн биднийг нэгдүгээр ангийн бололтой охинтой хамт явж байсан гэдэг. Яахаараа нэг настай хүүхдийг нэгдүгээр ангийн хүүхэдтэй явсан гэж андуурдгийг бас гайхаж байна.

-Хохирогчийн гэр бүл яагаад танайд гомдоод байгаа юм бол?

-Шахаж явж байсан байж уучлалт ч гуйхгүй хэргийг хэрэгсэхгүй болгоод байна л гээд байгаа юм шиг байна лээ. Арга хэмжээ ав л гээд байгаа. Гэтэл бид осол гарахад туслах гэж л зогссон. Хамгийн түрүүнд манай машин зогссон, манай хүн гүйж очсон нь үнэн. Чадах хэрээрээ тэнд цугларч ирсэн олонтой нийлж тусалсан. Шахаагүйгээ нотолсон. Долоон хүнээ алдсан гэр бүлд хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй байна гээд туслах гэж очсон хүмүүсийг ингэтэл нь гүтгэж болохгүй биз дээ.

-Та нар Даншигт явж байгаад ийм харамсалтай зүйл тааралджээ. Тэгээд яасан бэ?

-Ийм аймшигтай осол харсан байж яаж тэнд хонож Даншиг үзэх вэ дээ. Нялх хүүхэдтэй явааг хэлэх үү, бушуухан буцах минь гээд суварга овоогоо тойроод буцсан.

-Та энэ ярилцлагын үр дүнд юу хүлээж байна вэ. Мэдээллийн агентлагийг сонгож, зорьж ирсний хувьд ямар нэг итгэл найдвар тавьсан байх?

-Ослоос хойш жилийн дараа нөхрийг минь баривчилсан. Батлан даалтаар гаргасан. Үүнээс эхлээд өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд биднийг хангалттай шалгасан. Угаасаа бид хэнд ч муу зүйл хийгээгүй тус болох гэж л зогссон. Гэтэл өнөөдөр “долоон хүний амь нас хохироосон” гэх аймшигтай, харамсалтай хэрэгт манай гэр бүлийнхнийг, миний нөхрийг овог нэртэй нь, фото зурагтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нийгмийн сүлжээгээр олон нийтэд худал ташаа зарлаж, нэгэн залуу гэр бүлийн амьдралаар, нэр хүндээр, ирээдүйгээр тоглох золиослох эрх хэнд ч байхгүй. Энэ бол уучлаарай гэж хэлээд өнгөрөх алдаа биш. Хэрэг хэрэгсэхгүй болох бүрт нь ямар нэг зорилго, шаардлагын улмаас ч юм уу дахиад сэргээдэг дахиад шалгадаг.Бид маш их хохирч байна. Нэр төрийн болон цаг хугацааны хувьд эргэн сэргээх аргагүйгээр хохирч байгааг олон нийт ойлгоосой гэж хүсч байна. Хуулийн байгууллагынхан нотолгооны дагуу мэргэжлийн үүргээ гүйцэтгэж, дүгнэлтээ гаргасан байх. Иймд эдгээр байгууллага, ажилтнуудын  нэр хүндэд бас бүү халдаасай. Тэд ч бас хүн. Хэчнээн өрөвдөж хайрлах сэтгэл бий ч гэмгүйг гэмтэн болгон хэлмэгдүүлж хохирогчийн талд туслах боломжгүй шүү дээ. Хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйхыг биднээс шаардаж байгааг нэвтрүүлгээс ойлголоо. Буруутай байсан бол уучлал гуйхад бэлэн. Гэтэл осол болохыг хараад хамгийн түрүүнд зогсож туслахаар гүйж очсонд уучлаарай. Араас ирсэн машинууд, жолооч нар, зорчигчидтой хамт түргэн, цагдаа, онцгойгийнхон руу утасдаж тусламж гуйсандаа уучлаарай гэх үү. Яг нөхрийг минь баривчилсан байх тэр үед хадам аавын минь бие тааруу байсан юм. Өнгөрсөн цагаан сараар хадам аав минь өнгөрсөн. Энэ явдлаас болж их л цочирдсон доо, хөөрхий. Нөхрийгөө баривчлагдахад хадмууддаа хэлэхгүй гээд яах билээ. Харин би өөрийнхөө ах дүүсээс тас нуучихсан байсан. Телевизийн мэдээ, ярилцлагуудаас болж саяхнаас мэдсэн. Дахин хэлэхэд энэ гэрч Солонго гэдэг хүн мэдүүлгээ өөрчлөөд хуулийн байгууллагад худал мэдээлэл өгөхөө болиосой л гэж хүсч байна. Өөр хүн, өөр машин харсан юм биш үү гэж хүртэл бодох юм. Машины өнгө марк зөрөөд, машин доторх хүмүүс наснаасаа эхэлж зөрөөд, намайг хүртэл орилж чарласан гээд хэлээгүй үгийг хэлсэн болгож яриад байхаар нь аргаа бараад тэгж бодож байна. Энэ хүн гэрчийн үүрэг хариуцлагыг ойлгож байгаа байх гэж найдаж байна. Мөн түүнд маш их гомдолтой байгааг минь дамжуулж өгөхийг хүсч байна. Хохирогчийн зовлонг маш сайн ойлгож байгаа ч нэг эмэгтэйн худал үгэнд хөтлөгдөөд,тэнд байсан олон хүн дундаас заавал манай гэр бүлийн нэр хүндэд халдаад түүнийгээ хэвлэл мэдээллээр олон түмэнд цацаад байгаад нь гомдолтой байна.

-Манай редакцийг зорьж ирж мэдээлэл өгсөнд баярлалаа. Үнэн зөв нь тогтоогдоосой гэж хүсч байна. Мөн таныг өгсөн мэдээллийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдэгт итгэж байна.

Ц.ОРХОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж