Улирлын өмнө: Колумбус Блю Жакетс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Колумбус Блю Жакетс баг

Улирлын өмнө: Колумбус Блю Жакетс баг

Хойд Америкийн ҮХЛ-н харьцангуй залуу баг болох 2000 онд байгуулагдсан Колумбус Блю Жакетс баг Америк дасгалжуулагч Жон Тортореллагийн удирдлага дор урагшилсаар байна. Баг байгуулагдсан цагаасаа хойш 2008-2009 оны улиралд л анх плэй-оффт орж байсан бол сүүлийн 5 улирлын 3-т нь плэй-оффт шалгарсан. Ялангуяа сүүлийн 2 улирал багийн түүхэндээ анх удаагаа жил дараалан плэй-оффт шалгараад буй нь дасгалжуулагч Ж.Тортореллагийн ажлын үр дүн болов уу? Өрнөд бүсийн Метрополитан дивизионоос плэй-оффын эрх авна гэдэг амаргүй даваа юм. Харин энэ амаргүй давааг давж Питтсбург, Вашингтон болон Айландерс, Рейнжерс, Филадельфиа, Каролина олон Девилс багуудтай өрсөлдөн сүүлийн 2 улирал плэй-оффт шалгараад байна. Хэдийгээр плэй-оффын эхний шатанд Вашингтон Капиталс багт хожигдсон ч гэсэн цувралын 2 тоглолтонд ялалт авч аваргуудын сандаргаад авсан. Энэ нь Колумбус Блю Жакетс баг зөөлөн боорцог биш болсон гэдгийг ҮХЛ-т харуулсан үйл явдал болов уу?

  • Багаас явсан тоглогчид: төв Ж.Шройдед Чикаго Блэйкхауксаас, жигүүр М.Калверт Колорадо Эвеланш руу, хамгаалагч Й.Коул Колорадо Эвеланш руу, хамгаалагч Ж.Жонсон Питтсбург Пингвинс рүү, жигүүр Т.Ванек Детройт Ред Уингс руу
  • Багт ирсэн тоглогчид: төв Р.МкИннис Аризона Койотисоос, хаалгач Ж.Берубе, жигүүр А.Дуклар хоюулаа Чикаго Блэйкхауксаас, жигүүр Р.Нэш Бостон Брюинсээс,

Хамгаалагч Й.Коулыг ашиглаж чадалгүй чөлөөт агентаар явуулж орхив. Колумбус Блю Жакетс баг энэ зун наймаанд оролцохдоо чөлөөт агентын зах зээл дээр илүү ажиллаж нэлээд хэдэн тоглогчоо чөлөөлж явууллаа. Хамгаалагч Й.Коул бол Питтсбург Пингвинс багийн хамтаар стэнлийн цом хүртээд үзчихсэн туршлагатай тоглогч боловч өвөл авчраад зун явууллаа. Мөн багтаа хоёргүй сэтгэлээр тоглож байсан М.Калвертын гэрээг сунгалгүй Колорадо Эвеланш руу явуулсан. Колумбус Блю Жакетст ирсэн тоглогчдоос Р.Нэш л боломжийн чөлөөт агент бол бусад нь тийм ч айхтар багийн амжилтанд нөлөөлөх тоглогчид биш юм шиг. Ер нь дасгалжуулагч Ж.Торторелла багийн үндсэн дотоод нөөц боломжиндоо илүү тулгуурлан ажиллахаар зэхэж байгаа бололтой.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

А.Панари – П.Дубоис – К.Аткинсон

З.Веренски – Д.Савар

II лайн:

Н.Фолино – А.Веннберг – О.Бьоркстранд

С.Харрингтон – М.Нютиввара

III лайн:

Б.Женнер – Б.Дубински – Ж.Андерсон

Б.Кукан – Г.Карлссон

Өнгөрсөн улиралд А.Панаринг авсан нь маш зөв солилцоо болсон. Шинэ багтаа ирсэн анхны улиралдаа л 27 гоол, 55 гоолын дамжуулалт өгч 82 оноо авсан нь Чикаго Блэйкхаукс багт П.Кейнтэй гайхалтай хослож байснаас дутуугүй тоглолтыг үзүүлж П.Дубоис, К.Аткинсон нартай хослож чадсан. Энэ улиралд ч түүнээс энэ зэргийн үзүүлэлт бүхий тоглолт ирэх нь гарцаагүй юм. Харин энэ баг плэй-оффт шалгарах гэвэл хамгаалалт нь илүү сайн ажиллах ёстой. Хэдийгээр З.Веренски хэмээх залуу авъяаслаг хамгаалагч байгаа боловч түүний туршлага нь дутаж болох юм. Өнөөгийн Колумбус Блю Жакетс багийн хамгаалалт бол дандаа залуусаас бүрдсэн бөгөөд Д.Савар л хамгийн туршлагатай нь гэж харж болно. Иймд Й.Коулыг явуулсан нь зөв алхам байсан эсэхийг ирэх улирал харуулах болов уу? Хэрвээ хамгаалалт сайн ажиллаж залуу хамгаалагч З.Веренски гэмтэл бэртэлгүй байж чадвал плэй-оффт шалгарах боломжтой баг юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж