Буянаар л баян өнөр бүл

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Буянаар л баян өнөр бүл

"Ээжээ, ээжээ, цагаан сүүгээ хөхүүлээч, ээжээ". Харцанд нь үл мэдэг гуниг нуугдсан жаал хүүгийн надад дуулж өгсөн дуу.  Дууны хорвоод тэд дуулсаар л яваа. Дуулсан дууг ээж, аав нь сонсоосой.  Үрийнхээ санасан сэтгэлийг олж мэдрээсэй.

Явахаар гарахад минь цонхоороо даллан үлдсэн  тэд хаа нэгтээгээс ээж, ааваа ирэх л юм шиг сэмхэн хүлээх мэт. Ийм нэгэн гуниг тээсээр  ирсэн "Өнөр бүл"-ээс хийсэн сурвалжлагаа хүргэе.

Үүний өмнөх сурвалжлагаараа эцэг эхдээ гологдсон хөгжлийн бэрхшээлтэй 33 хүүхдийн асуудлыг Хүүхдийн төв сувиллаас хөндсөн билээ.

“Хичээлээ тараад  ирлээ” гэсээр  15 орчим насны сэргэлэн бор хүү хар гүйхээрээ надтай зөрж өнгөрлөө. Хичээл тарах үеэр очиж таарсан учир асрамжийн төвийн хонгилоор хүүхдүүд нааш, цаашаа пижигнэтэл гүйлдэнэ.  Тэдний зарим нь ээж аавыгаа хэзээ ч хараагүй. Харин зарим нь бурхан болсон ээж, аавыгаа сэтгэлдээ тээж яваа. Адилхан зовлонтой тэдгээр хүүхдүүд нэг гэр бүл болж амьдарч байна.  Идэх хоол, өмсөх хувцасаар дутаагүй "Өнөр бүлийнхэн" нэг л зүйлээр дутаж яваа. Тэр нь ээж, аавын хайр.

“Өнөр бүл" төвд өнөөдрийн байдлаар 2-18 хүртэлх насны 186 хүүхэд амьдарч байгааг Д.Загарсүрэн багш хэлж байна.  Цэцэрлэгийн насны 50 гаруй хүүхэд сансрын тойрог дахь "Өнөр бүл-2" төвд өсч байна.  Харин 10-16 насны  87 хүүхэд "Өнөр бүл  төв-1"-т амьдардаг аж.  16-18 насны нийт 16  хүүхэд амьдрах ухааны тусгай хөтөлбөрт хамрагджээ. Бүтэн болон хагас өнчин, мөн эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан гэр бүлийн хүүхдүүд энд өсөн торниж байна.

Тус төвд хүүхдийг амьдрах арга ухаанд сургах сургалт, хүүхдийн эрхийг хүндлэн дээдлэх зарчимд тулгуурласан төрөл бүрийн үйл ажиллагаа цогцоор явагддаг гэнэ. Тухайлбал, урлаг, спортоор дамжуулан төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааг нь эмчлэн сэргээн засах үйлчилгээг үзүүлж, хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах нь тус төвийнхний зорилго хэмээн ярьж байв.  Энэ зорилгынхоо хүрээнд тэд асрамжийн болон гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих сургалтыг түлхүү явуулж байгаагаа хэлэв.  Өнгөрсөн жилээс гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээнд шилжжээ. Өмнө нь хүүхдүүд нийтээрээ хооллодог гээд бүх зүйл нь нийтийнх байсан бол одоо хүүхдүүд өрөө өрөөндөө хоолоо өөрсдөө хийдэг, хувцсаа өрөөндөө угаадаг, цэвэрлэгээгээ хийх зэргээр амьдрах ухаанд суралцаж эхэлжээ.

Өрөө бүрийг камержуулж, охид хоёр давхарт, хөвгүүд гурван давхарт амьдардаг аж.  “Өнөр бүл” төв тун дэг сайтай. Нэг багш 5-10 хүүхэд хариуцан ажилладаг юм байна.   Хүүхдүүд өрөөндөө дөрөв, дөрвөөрөө амьдарна. Өрөөнд нь орвол тэдний зарим нь хичээлээ хийж,  зарим нь компьютер тоглож, кино үзэж байгаа харагдав. Давхар бүртээ зурагт үздэг тусгай өрөөтэй.

Хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг тооцож  долоо хоногийн хоолны цэс гаргаж  цэсийнх нь дагуу хоёр дахь өдөр хүнсийг нь өгдөг байна. Өдөрт хүүхдүүд  таван удаа хооллодог гэнэ. Хариуцсан  багш нь хүүхдийг амьдрах ухаанд сургаж хоол хийхийг зааж сургахаас гадна оёж шидэх гээд амьдралын бүхий л ухаанд сургадаг гэнэ. Түүнчлэн тэд хүүхдүүддээ яг л төрсөн гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц орчин бүрдүүлэхийг эрмэлздэг гэлээ. Гэвч 1979 онд ашиглалтад орж, өдгөө хэдийнээ үеэ элээсэн хуучин байр нь хэчнээн засч, тордоод нэмэргүй болжээ. Тав тухгүй энэ байдал нь хүүхдүүд зутрахад хүрдэг байна. Тиймээс тэд хүүхэд бүрт амьдрах тав тухтай орчныг бүрдүүлж, гэр шиг нь тохижилттой байрыг барьж өгөхийг төр засагт уламжилж өгөхийг хүссэн юм.

“Охидын өрөө” нэртэй тусгай өөрөө хүртэл гаргажээ. Энд сэтгэлзүйчид, багш нар нь шилжилтийн насны охидтой ярилцаж зөвлөгөө өгдөг гэж байв.

Тус төвд  дөнгөж төрснийхөө дараа ээждээ хаягдан ирсэн хүүхдүүд том болохоороо мөнгөтэй яаж харьцах, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, тэр ч бүү хэл  бэлэн мөнгө гэж мэддэггүй гэнэ. Тиймээс тэднийг мөнгөтэй зөв харьцаж сургах, мөнгөн дэвсгэртийг таниулж, худалдаа хийлгэж сургахын тулд төв дотроо дэлгүүр ажиллуулдаг байна. Ингэхдээ бодит мөнгөтэй адилхан мөнгө хэвлээд хүүхдүүдээрээ худалдан авалт хийлгүүлдэг гэлээ. Нэг хүүхэд сард 20 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг аж. Багаас нь буруу хэвшилд сургахгүйн тулд бие биедээ мөнгө зээлдүүлэхийг  хориглодог гэж тус төвийн сэтгэл зүйчид хэлж байв. Үүний үр дүнд   хүүхдүүд маань одоо мөнгөний үнэ цэнэ, хэрэглэж байгаа эд зүйлдээ ариг гамч ханддаг болсон” гэлээ.

АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮД 18 НАС ХҮРЭЭД ХААЧДАГ ВЭ

Тэдгээр хүүхдүүд төрийн хайр ивээлийг 18 нас хүртлээ хүртэх эрхтэй. Хүүхдүүд 18 нас хүрээд асрамжийн төвөөсөө гарах ёстой. Боловсролтой, боловсролгүй, танилтай танилгүй, тосоод авах хүнгүй байсан ч хамаагүй, тэд гарах л ёстой.  Энэ бол асрамжийн төвүүдэд өнөөдөр үйлчилж буй “хууль” юм. Уг нь төгссөн хүүхдийг тухайн дүүргийн Засаг дарга хариуцаж гэр орон, ажлын байртай болгоно гэсэн журам байдаг ч өнөө хэр хэрэгжээгүй нь бодит үнэн. “Өнөр бүл” төвийн удирдлагууд тухайн хүүхдийг 18 нас хүрэхээс нь өмнө гэр бүлд нь эргэн нэгдүүлэх албан зуучлалын ажлыг явуулдаг аж. Хэрэв тэдний аав ээж нь аль эсвэл ах дүүс нь байдаг бол нөхцөл байдлын үнэлгээ хийж гэр бүлдээ эргэн нэгдэх боломжтой бол хүлээлгэн өгдөг аж. 18 нас хүрсэн мөртлөө бүтэн өнчин, ар гэр нь хүлээж авах боломжгүй асран хамгаалах хүнгүй хүүхдүүдийг халамжийн дараах үйлчилгээнд хамруулдаг байжээ. Тус төвийн дэргэдэх "Залуусын төвд" зуучилж тэнд 21 нас хүртэл нь асран хамгаалдаг байсан боловч энэ жилээс тус төвийг 16-18 настай хүүхдийг хүлээн авдаг болгосон гэнэ. Тиймээс одоо 18 нас хүрсэн хүүхдийг хүлээн авах газаргүй болсон нь  “Өнөр бүл” төвийн багш, ажилтнуудын тулгамдсан асуудал гэдгийг хэлж байв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон урт хугацааны асрамж хамгаалал хэрэгтэй  18-19 настай хүүхдүүд  өнөө хэр төвдөө үлдэн амьдарч байна.  Нас биед хүрсэн ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин хүүхдүүдийг дараагийн хүлээж авах газар байхгүй, тэднийг холбон зуучлах төвгүй учраас төвдөө байлгахаас өөр аргагүй гэдгийг учирлав. 18 нас хүрсэн хоёр ч залуу төвдөө байгаа гэдгийг багш нар нь хэлэв. Тэднийг ар гэрт нь зуучлаад өгсөн боловч төвдөө эргээд иржээ. Одоо тэднийг ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа гэнэ. “Өнөр бүл” төвийн удирдлагууд эдгээр хүүхдээ төвдөө 21 нас хүртэл нь авдаг баймаар байна. 18 нас хүрсэн хүүхэд ах дүү дээрээ очиж дасан зохицох, нийгмийн амьдралд хөл нийлүүлэн алхахад хүндрэл бэрхшээл их тулгарч байна. Энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх байх гэж төрд уламжилсныг онцолъё.

Тус төвд хамгийн сүүлд буюу өнгөрсөн наймдугаар сард  нэг гэр бүлийн бага насны  гурван хүүхэд иржээ. Гэр бүлийн ямар нэгэн асуудлаас болж ирсэн хүүхдүүд анх ирэхдээ  сэтгэл санааны гүн цочролд орсон, хүмүүжлийн доголдолтой, муу зуршилтай ирдэг гэнэ.

ТӨВ СУВИЛЛААС ИРСЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД

Төв сувиллаас гурван нас хүрсэн хүүхдүүд “Өнөр бүл” төвд ирдэг. Тэдний ихэнх нь нэмэлт асаргаа шаардсан хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүд. Энэ талаар  “Өнөр бүл” хүүхдийн төвийн асрамж халамж үйлчилгээний хэлтсийн дэд захирал Ю.Загарсүрэнгээс тодруулахад тэрбээр  “Хамгийн сүүлд өнгөрсөн онд Төв сувиллаас дауны өвчтэй хоёр хүүхэд манай төвд ирсэн. Бүрэн асаргаанд байх шаардлагатай учир  24 цагаар цэцэрлэг дээрээ асардаг. Багш нарыг маш их ядраадаг. Оюун ухааны хомсдолтой, хүнд хүүхдүүд ч ирдэг. Ажлын ачаалал ихтэй. Тэдгээр хүүхэд 18 нас хүрээд хаачих нь бас л тодорхойгүй. Улсын хэмжээнд  энэ асуудалд анхаарч  18 наснаас хойш урт хугацаагаар асран хамгаалдаг улсын байгууллагатай болчихвол тэдгээр хүүхдийн хамгааллын асуудал бага ч болов шийдэгдэнэ” гэлээ.

Нэг ангид даац нь хэтэрч цэцэрлэгийн насны 20 гаруй хүүхэдтэй хоёр туслах багштай ээлжилдэг аж.  Маш хүнд ажил хийдэг атлаа багш нар сарын  380-400 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Хүүхдүүд өвдөөд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд аав, ээжийнх нь  үүргийг  тэд л гүйцэтгэж эмнэлэгт сахидаг гээд энэ мэт тулгамдсан асуудал их бий гэдгээ  биднээс нуусангүй.

“ХЭРВЭЭ МУУ СУРВАЛ АНГИЙНХАА ХҮҮХДҮҮДТЭЙ  НАЙЗАЛЖ НӨХӨРЛӨЖ ЧАДАХГҮЙ”

Бидэнтэй ярилцах зууртаа хүүхдүүд “Аав, ээжийгээ амжиж хайрлаарай”, “Ээжийгээ санаж байна” гэж нулимс дуслуулан  хэлэх нь сэтгэл эмтэрнэ.  Нэг гэр бүлийн ах дүү гурвуулаа, эсвэл хоёулаа ирсэн хүүхдүүд  “Өнөр бүл” төвд цөөнгүй.  Гэхдээ хөвгүүд, охид нь тусдаа байдаг тул ах нь  гурван давхарт, охин дүү нь хоёр давхарт охидын тасагт  байдаг юм билээ.

11 настай Х

Энэ төвийн бүх зүйл нь гоё. Ирээдүйд эмч болно. Төвийн багш нар маань хичээл ном зааж өгөхөөс гадна хоол хийхийг зааж өгдөг. Өрөөний хамт амьдардаг эгч нар аяга угаах, өрөөгөө цэвэрлэхэд тусалдаг. Би өнгөрсөн зургаан сараас хойш ээжтэйгээ уулзаагүй. Ээж ээ та хурдан ирээрэй. (нулимс дуслуулав).

Тэрбээр гуравдугаар ангид суралцдаг аж.  Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Сарнай” хүүхдийн төвөөс “Өнөр бүл” төвд иржээ. Анх ирээд ээжийгээ их санасан гэж ярих  охины ээж  архины хамааралтай учир  “Х” охин тус  төвд ирсэн байна.

15 настай  А.

Би энэ жил “Шинэ Монгол” ахлах  сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа. Хүүхдүүд нь нийтэч юм билээ. Энэ төвд хоёр дүүтэйгээ хоёр жилийн өмнө ирсэн. Ээж, аав хоёр маань хорт хавдраар нас барсны дараа энд ирсэн. Дүү маань охидын тасагт байрладаг. Анх ирээд дасахгүй  байсан. Одоо бол төвдөө хэдийнээ дасчихсан. Үеийн хүүхдүүддээ хандан  аав, ээжийгээ амжиж хайрлаарай гэж хэлмээр байна. Аав, ээжийнхээ үгэнд нь ордог байж дээ гэж сүүлд нь харамсдаг юм билээ.                                                                

 14 настай Н.

Би есдүгээр ангид суралцдаг. Энэ төвд  гурван настай байхдаа эгчтэйгээ ирсэн. Эгч маань 15 настай. Эгчтэйгээ сургууль дээр нь уулздаг. Энэ төвд байх гоё. Бүх зүйл нь бэлэн. Эндээ байх маш их дуртай. Зураг зурах, бүжиглэх гээд зөндөө дугуйлан хичээллэдэг. Би цуйван хийж сурсан. Мөн гурил зуурч чадна. Хааяа гуниглах үедээ ном уншиж эсвэл дуу сонсож тайвширдаг. Манай ангийнхан намайг асрамжийн газар амьдардаг гэдгийг мэддэг. Ирээдүйдээ сэтгэлзүйч юм уу, биеийн тамирын багш болно.

11 настай О.

Энэ гэртээ  жаахан байхдаа ирсэн. Хэзээ ирснээ сайн санадаггүй. Энэ төвийн хоол гоё, бас тоглох гоё. Том болоод тогооч болно гэж боддог.

14 настай З.

Хоёр жилийн өмнө аав, ээж маань бурхан болсон. Тэгээд  ах, дүү хоёртойгоо хамт энд  ирсэн. Хамаатны ах, эгч нар бид гурвыг эргэж ирдэг. Энэ төвд байх гоё. Багш нар сайхан зантай, бас гоё гоё дугуйланд хамрагддаг. Би энд ирсэндээ өөрийгөө азтай гэж боддог. Би хоол хийж чадна, эвдэрсэн зүйлсээ засаж чадна.  Манай ангийнхан намайг асрамжийн газар амьдардаг гэдгийг мэдээд анхандаа гадуурхдаг байсан. Тиймээс би онц сурах ёстой гэж хичээсэн. Онц сураад ирэхлээр хүүхдүүд надтай найзалж эхэлсэн. Бид хэрвээ муу сурвал хүүхдүүдтэй  найзалж нөхөрлөж чадахгүй. Том болоод орчуулагч болно. Хэлний хичээлүүддээ дуртай. Ирэх жил шалгалт өгч “Шинэ Монгол” ахлах сургуульд сурахаар зорилго тавьсан. Одоо манай ах “Шинэ Монгол” ахлах сургуульд сурдаг. Аав, ээжийгээ санах үедээ ахтайгаа эсвэл багш нартайгаа ярилцдаг. Үеийн хүүхдүүддээ хандан битгий шантраарай, хичээл номдоо шамдаж аав, ээжийнхээ ачийг хариулаарай гэж хэлмээр байна. Мэргэжил эзэмшээд ах, дүүгээ дагуулаад явна” гэж ярих тэрбээр   хэдийнээ том хүн шиг ухаан суусан нь илт.

Ер нь харж байхад асрамжийн газрын хүүхдүүд бие жижигтэй ч хэдийнээ ухаан сууж хэрсүүжсэн нь амьдралын хатуутай тэд эрт учирсныг илтгэнэ.  Энэ мэтээр ирээдүйн мэргэжлээ хэдийнээ сонгочихсон, түүнийхээ төлөө мэрийн шамдаж байгаа авьяаслаг, хичээнгүй хүүхдүүд “Өнөр бүл” төвд олон.

Асрамжийн газрын багш нар нь хэдийгээр эцэг эхийнх нь үүргийг орлодог ч гэлээ тэдэнд эцэг эхийнх нь хайрыг юу ч үл орлоно. Дулаан өрөөнд, идэх хоол, өмсөх хувцастай, дутах зүйлгүй амьдарч байгаа ч бяцхан  зүрхнүүд  хайр нэхэн цохилно.

Монгол Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг чангатгах, бүр эцэг эх байх эрхийг нь хасах хэмжээнд асуудлыг тавихгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, тэр бүхний золиос хүүхэд байсаар л байх болов уу. Сайн эцэг эх байж л ирээдүйд сайн иргэнийг бид төрүүлэх бус уу.

Эцэг эхийг өгч чадаагүй хайрыг нөхөж яваа "Өнөр бүл" асрамжийн төвийн багш нар бол эгэлгүй ачтан буянтнууд билээ. Ийм ерөөлийн үгээр буянаар дүүрэн газраас хийсэн сурвалжлагаа өндөрлөе.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж