Д.Сумъяабазар: Нийслэлийн МАН-ын даргыг томилж биш, өрсөлдүүлж сонгогддог

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Нийслэлийн МАН-ын даргыг томилж биш, өрсөлдүүлж сонгогддог

Д.Сумъяабазар: Нийслэлийн МАН-ын даргыг томилж биш, өрсөлдүүлж сонгогддог

 Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазартай ярилцлаа.


Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Эрх барьж байгаа нам бол улс орны эдийн засгийн хөгжлийн тодорхойлох, хурдасгах гээд олон зүйлийг хийх ёстой байдаг. Мэдээж хөгжлийн, шинэчлэлийг зайлшгүй намын гишүүдийн шаардлагаар хийх цаг хугацаа ирчихсэн байна.

Би бодлого үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний асуудлаа боловсронгуй болгож өөрчлөхгүйгээр МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа. Эдгээр зүйлүүдийг бид зөв үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх, нэг ёсондоо буруутай улсууд нь хариуцлагаа хүлээдэг ийм тогтолцоог нэвтрүүлэх ёстой.

Мөн асуудлыг зөв шүүмжилж чаддаг, шүүмжлэлийг зөв зохистой хэлбэрээр нь хүлээж авдаг, ямар нэгэн байдлаар намын гишүүд нь айдаст автдаггүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ шинжлэх ухаанч талаас нь тооцоо судалгаа хийчихдэг. Мөн аливаа зүйлийг олон улсын түвшинд харчихдаг, намын эв нэгдлийг олоод харчихдаг байх ёстой. МАН хурдтай, чадвартай байх ёстой.

-Та сая яриандаа 60 тэрбум болоод нам доторх айдас гэдэг зүйлийг ярилаа. Үнэхээр парламентаар нь харах юм бол 32, 33-ын бүлэг гэж яригддаг. Таныг Засгийн газрын талын хүн.  Мөн М.Энхболдын үе өнгөрөөд У.Хүрэлсүхийн үе ирлээ гэдгээр нь энгийн иргэд харж байгаа. Гэхдээ яг тийм боломж хэр байгаа вэ?

-М.Энхболд дарга намыг олон жил удирдаж байсан, одоо ч намын үйл ажиллагаанд бодитой оролцоод явж байгаа, хийсэн гавьяатай, хэлэх үгтэй хүн. Нам 2012 онд ялагдсан байхад удирдан зохион байгуулж, ялалтад хүргэсэн. Яах аргагүй байгуулсан гавьяатай, ачааны хүндийг үүрэлцэж байсан хүн.

У.Хүрэлсүх дарга ч намыг хүнд үед нь залуучуудын байгууллагыг ахлаад, цогтой тэмцэгч, эх оронч зүрх сэтгэлтэй залуучуудыг нэгтгэн, тэднийхээ дуу хоолой бүрэн болж чадсан  намын бас нэгэн том дүр төрх яах аргагүй мөн. Би хувь хүн У.Хүрэлсүх, М.Энхболд гэдгээр нь бус нийтлэг намын язгуур эрх ашиг юу байх вэ, яаж өөрчлөлт шинэчлэл нь хийх вэ, яаж алсарч байгаа иргэдийнхээ итгэлийг татах ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх вэ гээд олон зүйлийг бодож байгаа. Хоёр хүний хоорондын өрсөлдөөн гэхээсээ илүүтэй бид Монгол Улсаа цаашид хэрхэн зөв хөгжүүлэх вэ. Улаанбаатар хотынхоо тулгамдаж байгаа асуудлыг яаж үе шаттай зөв шийдэх вэ. Шийдэл гарцуудаа яаж зөв хийх вэ, санхүүгийн эх үүсвэрүүдээ хаанаас босгож ирэх вэ. Улаанбаатар хот бие даан хөгжих боломжуудыг яаж гаргаж ирэх вэ. Үүнийг ямар судалгааны үндсэн дээр зөв томьёолж, тооцоолж гаргаж ирэх вэ гэдэг маань өөрөө МАН-ын нэгдмэл байх, зохион байгуулалттай байх, үйл ажиллагаагаа шинэчлэхтэй шууд холбоотой гэж бодож байгаа. Нийслэлийн МАН-ын хороо бол МАН-ын зүрх болсон байгууллага учраас түрүүний миний хэлдгээр бүх талыг харуулсан, шинжлэх ухааны үндэстэйгээр, намын анхан шатны байгууллагыг дэмжсэн, бодлого үйл ажиллагаа, боловсон хүчний асуудлаа шинэчилсэн, дүр зургаа өөрчилсөн байдлаар, аливаа юманд тооцоо судалгаатай, хөгжлийн концепцийг зөв хардаг, хөгжлийн хөтөлбөрөө гаргаж ирдэг нам байхын төлөө л зорин ажиллана гэж бодож байгаа.

Үүнийг л би цогц утгаар нь эрс шинэчлэн, шинэ түвшинд гаргах ёстой гэж харж байгаа.

-Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга болсноороо өмнөх хотын даргын ажлыг авна. Су.Батболдыг солино гэсэн асуудал яригдаад байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?

-Улаанбаатарын хотын дарга гэдэг бол маш чухал ажил. Та бидний амьдралтай шууд холбоотой. Тодруулбал, өнөөдөр байгаа утаа, түгжрэл, Улаанбаатар хотод дутагдаж байгаа цэвэр усны хангамж, цэвэрлэх байгууламж, зам харилцаа гээд маш олон асуудлыг хариуцаж байгаа. Өдөр тутам та бидний амьдралд тулгамдаж байгаа олон зүйлийг аж ахуй талаас нь хариуцаж байгаа менежер хүн. Хотынхоо тулгамдаж байгаа бүх асуудлуудыг нэг бүрчлэн мэддэг. 152 хороо бүрийн болон тэнд амьдарч байгаа иргэдийн хүрээлэн байгаа орчны асуудлыг мэдэрдэг, энэ бүх асуудлыг зөв зохистой байдлаар удирдан зохион байгуулж чаддаг хүн л хотын дарга болдог гэж би бодож байгаа. Мэдээж 2016 онд хотын даргад МАН өөрийн хүнийг нэр дэвшүүлээд, олон түмнийхээ итгэлийг аваад, НИХТ-ийн 45 суудлаас 34-ийг аваад явж байгаа. Алдаатай зүйл их байгаа. Иргэдийн шүүмжлэлийг бид сонсох ёстой.

Бид хэдий АН-ыг шүүмжилдэг ч гэсэн жишээ нь иргэдийг сонсох 11-11 төв бол хэрэгтэй санаачлага. Иргэдээ сонсох ёстой гэж байна. Энэ мэт нүдээ олсон шийдвэрүүдийг нь бол үргэлжлүүлээд л авч явах ёстой. Амьдрал дээр юу нь болоод юу нь болохгүй байна вэ гэдэг бодит үнэнээс бид зугтаж болохгүй. Бид дүлий байж болохгүй. Харин ч эсрэгээрээ сонор соргог, шүүмжлэлийг хүлээн авч, өрнүүлж чаддаг байх хэрэгтэй. Энэ дундаасаа бид хөгжлийн концепцоо гаргаад явдаг улс төрийн хүчин байх ёстой. Энэ утгаараа өндөр шаардлагыг хотын удирдлагуудад тавина. Ажил хэрэгч байна. Өнөөдөр 2018 оны 10 дугаар сар гарах гэж байна. Амлалтуудаа биелүүлж, иргэд олныхоо алсарч байгаа сэтгэлийг татахын тулд шургуу, сайн ажилладаг байх ёстой. Олон түмнийхээ итгэлийг алдахгүй байж, тулгамдаж байгаа асуудлыг нь газар дээр нь очиж шийддэг улс төрийн хүчин байх ёстой. Түүнээс биш асуудлыг зөвхөн нэг өнцгөөс нь харж, хотын даргыг солино, солихгүй гэсэн яриа гадуур их байна. МАН бол тодорхой тогтсон дэг дүрэм журмын хүрээнд улстөрийн тодорхой шийдэл гаргадаг, тэр хүрээндээ хариуцлага тооцохоор болж хариуцлага тооцно. Хариуцлага тооцно гэхээсээ өмнө мэдээж хэрэг ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж ажлыг нь шахаж хийлгэнэ, шаардлага тавьж, хотын даргатайгаа хамтарч ажиллах бүхий л боломжууд бий. Хэн нэгний албан тушаалыг бид илүү харах биш нийтлэг эрх ашгийн төлөө, нийлээд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө явна гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр хотын даргыг шууд огцруулахгүй юм байна тийм үү?

-Огцруулна гэдэг өөр асуудал. Хувь хүнтэй хариуцлага тооцох чинь нэг асуудал. Мэдээж шаардлага тавина. Ажлаа хийж чадахгүй хүмүүстэй бол хариуцлага ярина. Ойлгомжтой шүү дээ.

-Хотын даргын асуудалд Д.Сумъяабазарын фракц орж ирэх юм бол эргээд 33-ын бүлэг Засгийн газрыг унагаах асуудал тавина гэдэг яриа гарч байна?

-Би өмнө нь хэллээ шүү дээ. Бид өнөөдөр олон түмэнд амласан ажлуудаа хийж чадахгүй юм бол 2020 онд хүссэн хүсээгүй ард иргэд бидэнтэй асуудал ярина. Өнөөдөр Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга болчхоод хариуцлага ярих гэлээ гэж ойлгоод байна. Үгүй ээ. 2020 онд иргэд сонгогчид бидэнд хариуцлага тооцож таараа. Тиймээс үүнээс урьтаж бид түргэн шуурхай, ухаалаг ажиллах хэрэгтэй байна. Цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй байна. Бидэнд хийх ажил маш их бий. Намын ажил гэдэг төр захиргааны байгууллагын ажлаас ялгаатай. Хүн рүү чиглэдэг, иргэд олон нийттэйгээ илүү ойр байж, тэднийг сонсдог. Ингэж гэмээнэ эргээд бусад байгууллагуудад, яамд болон хотын захиргааны байгууллагуудын ажлыг шахаж, шаардлагыг нь өндөржүүлж, товчхондоо иргэдтэй харилцах гүүр болж ажиллахаас өөр арга байхгүй.

-2020 онд алсарсан иргэдийн итгэлийг даах хамаг ачаа тань дээр үүрэгдчихсэн байна. Гэтэл та дэндүү олон ачаатай юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, Чөлөөт бөхийн холбооны тэргүүн гэх мэтчилэн маш олон давхар дээл байна. Би ганц дээлтэй сууж байна. Та ер нь яг хэдэн дээлтэй вэ?

-Олон нийтийн байгууллагын албан тушаал нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг утгаараа юм. “Та энэ ажлыг аваад яваач ээ” гээд хүмүүс итгэл хүлээлгээд, хүсэлт тавиад ирдэг. Эргээд Монголын Чөлөөт бөхийн холбооны ажил, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны ажлыг аваач ээ гэхээр авах хүн тэр болгон гарахгүй юм. Яагаад гэхээр санхүү мөнгөтэй холбоотой асуудлууд гардаг байх. Олон шийдэх шаардлагатай асуудлууд гардаг байх. Төр захиргааны байгууллагууд төрийн бус байгууллагын ажлын уялдааг сайжруулах гэх мэтчилэн. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөр явж байгаа олон залууст санхүү мөнгөний дэмжлэг нь хэрэг болдог байх л даа. Тэр бүрт нь дэмжээд туслаад явдаг. Би бол Чөлөөт бөхийн холбооны удирдлагын ажлыг өгөх хүсэлтээ тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш ахад тавьсан. Би чөлөөт бөхийн холбооны санхүү мөнгөний асуудлыг 2009 оноос хойш хариуцаад, аваад явж байна.

Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны ажлыг дөрвөн жилийн хугацаанд даагаад аваад явах ёстой гээд би аваад явлаа. Хөрөнгө оруулалт болон байр савны асуудлыг нь бүрэн шийдээд явж байна. Ямар ч байсан намайг удирдаж байх үед уруу дорой  байж болохгүй гээд байшингийн асуудлыг нь орчин үеийн стандартад нийцсэн шилэн барилга болгон, Л.Элдэв-Очир гишүүнийг Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны даргын хувьд энэ хоршоог аваад яваач ээ гэж санал тавьж байна.

Харин Нийслэлийн МАН-ын хорооны даргын тухайд энэ бол өрсөлдөөний журмаар гарч ирсэн. Энэ бол зүгээр нэг албан тушаалын томилгоо биш. УИХ-ын гишүүн ч гэсэн ард түмнээсээ сонгогдож гарч ирдэг. Нийслэлийн МАН-ын дарга ч гэсэн нам доторх ардчилал, өрсөлдөөний журмаар өрсөлдөж гарч ирж байгаа учраас ардчилсан нийгэмд байх ёстой асуудал. Гол нь ажил албан тушаалаа хэрхэн зөв хуваарилж, баг бүрэлдэхүүнээ хэрхэн бүрдүүлж чадах вэ гэдгээс  байх байхгүй гэдгийг ярих байх. Давхар, дан дээл гэдэг яриаг би жаахан цээрлэдэг. Албан тушаалыг давхардуулж хийх, ачаалал нэмж ажиллах гэж ярих нь зөв болов уу.

-Та ОХУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн байгаа. Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргана гэсэн сайхан мэдээллүүд сонсогдож байна. Яг ажил хэрэг болох ямар асуудлууд ярилцав?

-Зургадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолоор Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, санхүү босгох ажлыг даалгасан. Мэдээж Тавантолгой бол өөрөө гайхамшигтай орд. Тавантолгойтой дүйх коксжих нүүрсний орд дэлхийд байхгүй. Тиймээс бидэнд маш их боломж байгаа. Бид цаг хугацаатай өрсөн ажиллаж байгаа. Тавантолгой дээр УИХ-ын тогтоол гарсны дагуу Засгийн газар дагалдаж 43, 45  гээд хоёр тогтоол гарч, Тавантолгойг УУХҮЯ-ны харьяанд өгч, удирдлага, зохион байгуулалтын зүгээс хамтрах чиглэл өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, санхүүгийн бодлого зохицуулалтын хороо, төлбөр тооцооны төв, зам тээврийн яам гээд бусад газруудтай хамтран ажлын хэсгээ байгуулаад ажиллаж байгаа. Сая бид Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо, хадгаламжийн төв гээд холбогдох газруудын хүмүүстэй уулзаад ажлын хэсэг байгуулаад явж байгаа. 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах аргачлал дээрээ эхний ээлжид эрэмбэлээд ярилцаад явж байна. Ер нь бол эхлээд хаалттай ХК хэлбэрээр оруулаад, ард иргэдийнхээ хувьцааг үнэ цэнэтэй болгож, олон нийтэд арилжаалах хэлбэр лүү орох нь зохистой юм.

Мэдээж Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулаад худалдаа, дэд бүтэц, тээвэр логистикийн асуудал яригдаж байна. Тавантолгой чиглэлийн төмөр зам, авто замын асуудлын шуурхай шийдэхээр, “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулан гэрээ хэлцлүүдийг бэлдэж байгаа. БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар анги Тавантолгой Зүүнбаянгийн чиглэл, Ханги мандлын чиглэлд төмөр зам барихаар саналаа өгөөд байна. Энэ компани нэлээд туршлагатай, Монгол Улсад Замын цагдаагийн урд талын уулзвар, Яармагийн гүүрийг барьж байгаа зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа техник, боловсон хүчин хөрөнгө талаасаа ч туршлагатай компани байгаа. Санамж бичиг зураад, гэрээ хэлцэл байгуулаад явж байгаа. Мөн мэдээж Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой- Оюутолгой, Ханбогд-Алтанбулаг-Ханги мандал чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэх компаниуд бэлэн болоод Засгийн газрын хуралдаанаар оруулж, гэрээ хийх эрхийг нь өгвөл 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гэхэд хүлээлцэх нөхцөлөөр ярилцаад явж байгаа. Бид эхний ээлжид дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх гол хөшүүрэг нь тээвэр логистик буюу авто зам, төмөр зам.

Дараагийн нэг асуудал нь 30 хүртэлх сая тонны нүүрс баяжуулах үйлдвэрийг барих төсөл үе шаттай хэрэгжээд явж байгаа. Баяжуулах үйлдвэр байгуулахад үйлдвэрлэлд ашиглах эхний ээлжийн усны асуудал зайлшгүй яригдана. Энэ асуудлыг УИХ-ын чуулганд оруулж хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тал дээр ард түмний эсэргүүцэл бага хэмжээгээр байгаа. Орон нутаг ч үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бид Хэрлэн говь төсөл буюу 800 орчим км-ээс ус татахаар төслийн ажилдаа орчихсон байгаа. Өмнөд Монголын бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулахад усны хэрэглээний асуудлыг бид нэгдүгээрт шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Үйлдвэрлэл явуулахад тодорхой хэмжээгээр эхлээд ус татах шаардлагатай. Тиймээс Загийн усны хоолой юу эсвэл Балгасын улаан нуур энэ хоёрын аль нэгээс зайлшгүй тодорхой хугацаатайгаар үүрэг даалгавар авч хэрэглэхээс өөр арга байхгүй. Энэ бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалт. Тавантолгой бол монголчуудын амь амьдралыг залгуулах үндэсний бүтээн байгуулалт учраас тодорхой хугацаатайгаар усыг нь хэрэглэх нь зүйтэй юм гэж би бодож байгаа.

Үүнээс гадна эрчим хүчний асуудал мөн яригдаж байна. Оюутолгой өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр цахилгаан станц барих ажил яригдаад явж байгаа.  Цаашид Тавантолгой дээр цахилгаан станц барихаас өөр аргагүй.

Мөн бид худалдааны асуудлыг давхар ярьж байгаа. Хойшоо Владивостокын боомт, урагшаа Гашуунсухайт-Хангимандал, Шивээхүрэнгийн боомт гэх мэтчилэн эдгээр боомтуудаар экспорт хийхэд сул ба давуу талуудыг харьцуулсан байгаа. Хүмүүс өнөөдөр намайг 6000 км зам туулаад өөрөө нүүрсээ аваачиж зарах гэж байна гэж буруу ойлгож, яриад байна. Тийм зүйл байхгүй. Энэ нь нүүрс худалдан авч, гэрээ байгуулагч талууд 5, 10 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан 20, 30 сая тонн нүүрсээ өөрсдийн вагоноор татаж, боомтуудаараа дамжуулан зарах асуудлыг яриад байгаа юм. Тиймээс гэрээ хийх гэж байгаа газруудын боомтын үйл ажиллагааг нүдээр очиж үзэх нь зүй ёсны асуудал. Ямар хүчин чадалтай нөхдүүд манай нүүрсийг авч хааш нь борлуулах гээд байна вэ гэдгийг үзэж танилцсан асуудал юм. Энэ гэрээ бидэнд давуу байдал авч ирнэ. Тэд  Эрдэнэс Тавантолгой компанитай жилийн 10 сая тоннын гэрээ хийхээр ярилцаж байна. Энэ нь Тавантолгойн IPO босгоход чухал нөлөөтэй.

БНХАУ-ын сонирхож байгаа Баяннуур аймгийн удирдлагууд өнөөдөр 20 сая тонны гэрээ хийвэл мөн бидэнд сайн нөлөөтэй. Мөн Японы хөрөнгө оруулагчид гэрээ хийвэл мөн л сайн нөлөөтэй. Манай нүүрсийг худалдаж авъя гэсэн хүсэлтэй компаниуд өөрсдөө эрсдэлээ даагаад борлуулалтаа хариуцаж байгаа л бол нөхөдтэй бид нүүрсээ боломжтой үнэ ханшаар нь зараад явах асуудлыг яриад байгаа юм. Бүх нүүрсээ зөвхөн урагш нь гаргаад байж болохгүй. Бид аливаа зүйлийн тэнцвэрийг барьж, хоёр хөрштэйгөө зөв харилцах ёстой.

Таманийн боомтын тухайд яг сүүлийн үеийн технологиор бүтээн байгуулалтын ажлыг шийдэж байгаа юм билээ. Таван тэрбум ам.доллараар байгуулахаар төлөвлөснөөс одоо 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулан бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тэнд нефть, хий, нүүрс мөн ургамлын тос гэх мэтчилэн маш олон терминалиудыг бариад дэлхийн хэмжээний худалдаа хийх боомтыг байгуулж буй юм билээ.

-“Роснефть”-тэй уулзсан гэсэн. Бид шатахуунаа хямдаар аваад нөөцлөх боломж бий юу?

-“Роснефть”-ийн удирдлагуудтай шатахууны үнийг дээш, доош буулгах гэдэг жижигхэн асуудал яриагүй. “Роснефть” компани ОХУ-даа таван яамтай тэнцдэг, жилдээ 60 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, жилдээ 10 гаруй тэрбум ам.долларын ашигтай ажилладаг, өргөн цар хүрээтэй том компани. Тиймээс энэ компанийн удирдлагуудтай нефть хайгуулын ажил хийх, дамжуулах хоолой барих, нефть боловсруулах үйлдвэр болон мөн одоо манай улс хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ хангамжийн асуудлыг ярилцсан. Эдгээр зүйлүүд дээр хамтарсан ажлын хэсэг гаргаад, хамтарсан ажлын хэсгийг компанийн нэгдүгээр орлогч дарга нь ахалж байгаа. Ирэх мягмар гаригт Улаанбаатарт ирэх гэж байна. Надтай хамт Монголд тус компанийн үйлдвэрлэл хариуцсан гуравдугаар орлогч дарга нь 6 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эксперттэйгээ ирээд, манай Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилтай танилцан, тэнд эдийн засгийн судалгааны ажил хийж байна. Бидэнд энэ салбарт хамтарч ажиллах боломжууд нээгдлээ гэж би харж байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр Энэтхэг улсын  хөрөнгө оруулагчид, “Экспорт-Импорт” банкны болон “Инженерс Индиа Лимитэд” компанийн удирдлагууд нь ирсэн.

Нефть боловсруулах үйлдвэр бол манай улсын үндэсний стратегийн салбарын бүтээн байгуулалтын нүүр царай болно. Гэхдээ мэдээж өнөө маргааштай холбоотой асуудлыг мөн орхигдуулаагүй. Давхар бид шийдэх болно. Гэхдээ би зөвхөн  нефтийн үнэ ханшийг 30 ам.доллараар бууруулаад өгөөч ээ гэж ярьдаг сайд баймааргүй байна. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж