“Эрдэнэт” ХХК зардлаа 1.3 тэрбум төгрөгөөр бууруулжээ 

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” ХХК зардлаа 1.3 тэрбум төгрөгөөр бууруулжээ 

Эрдэмтэн, судлаачийн бүтээсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулбал компаниуд зардлаа бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, ашиг орлогоо өсгөх боломж байна. Энэ асуудлыг хөндсөн “Эрдэнэт” үйлдвэр 40” 1000 инженерийн зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болж, өндөрлөлөө.

Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж яваа “Эрдэнэт” үйлдвэр 1979 оноос эхлэн Шинэ бүтээл оновчтой санаа /ШБОС/-г үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаарч ажилласнаар 2014 он хүртэлх хугацаанд 15.2 тэрбум төгрөгийн үр ашгийг авчирчээ. Үйлдвэрийн зардлыг бууруулах ШБОС-ууд нь тус үйлдвэрт ажиллаж байсан инженерүүдийн бүтээл аж.

Харин УИХ-аас Инновацийн тухай хууль батлан гаргасны дараагаар тус үйлдвэрийн хамт олон журамдаа өөрчлөлт оруулж, дөрвөн хүний орон тоотой инновацийн төв байгуулан ажиллах болсноор 2015 оноос хойш үйлдвэрлэлийн зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Энэ бол мэдлэгт суурилсан шинжлэх ухаан үйлдвэрлэлийг нэвтрүүлж чадсаны үр дүн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, төр болоод хувийн хэвшлүүд нь эрдэмтэн судлаачид, инженерүүдийн бүтээсэн эдийн засгийн үр өгөөжтэй оюуны бүтээлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ажилладаг болбол Монгол Улс богино хугацаанд хөгжих бүрэн боломж байна гэсэн үг юм.

1000 инженерийн зөвлөгөөний зорилго ч энэхүү ач холбогдлыг эрэлхийлэхэд оршлоо.

САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙГЭЭР ИННОВАЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

“Эрдэнэт үйлдвэр-40” 1000 инженерийн зөвлөгөөнд оролцсон эрдэмтэн судлаачид, инженерүүд санхүүжилт олгохгүйгээр инновацийг хөгжүүлэх боломжгүй гэдгийг онцоллоо.

Мөн Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Х.Энхжаргал эрдэмтдийн бүтээсэн инновацийн төслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай болсныг сануулсан юм.

Төрөөс инновацийн төслийг дэмжихэд зориулж 2009-2018 оны хооронд 216 төсөлд 18.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс техник технологийн чиглэлийн төсөл нь 56 бөгөөд 4.8 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Гэтэл эдгээр төсөл нь үйлдвэрлэлд нэвтэрдэггүй, ердөө дөрвөн патент үнэлэгдсэн байх жишээний үр дүн гарчээ. Цаашид инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд эрдэмтэд бүтээлээ патентжуулж, төрийн худалдан авалтад оролцох боломж байна. Ингэвэл эрдэмтэд бүтээлээ үнэлүүлж, шинэ, шинэ инноваци үйлдвэрлэлд нэвтэрч бүтээмжийг өсгөн, зардлыг бууруулна.

Зарим нэг жишээ дурдвал хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд нөхөн сэргээлтийн чиглэлээр бордоо гаргаж, компаниуд үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэр нөхөн сэргээлтдээ ашиглах боломжтой ажээ.

ИННОВАЦИ ХӨГЖЛИЙН ҮНДЭС БОЛЖ БАЙНА

Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар:

Дэлхийн томоохон групп, компаниудын хөгжил инновацийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлж байгаагаас шалтгаалж байна. Компаниудын гол шалгуурын нэг нь  шинжилгээ  судалгаандаа хэр их мөнгө зарцуулж байгаа вэ гэдэг үзүүлэлт юм. Мөн үйлдвэрлэлийн хэдэн хувь нь инновацийн бүтээгдэхүүн, ямар технологи ашиглаж байгаа, мэргэжилтнүүдийн ур чадвар, тэднийг хэрхэн тасралтгүй хөгжүүлж байгаагаас бүх үр дүн харагдана. Инноваци нь тасралтгүй үйл ажиллагааны үйл явц учраас бүх ажилтандаа инновацийн соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд хүн болгон шинэ санаа гаргаж түүнийг нь үйлдвэрлэлд амжилттай хэрэгжүүлэх юм. Инноваци бол үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажил үйлчилгээг сайжруулж байгаа арга зам. “Монос” группт маш олон эрдэмтэн, академич ажиллахаас гадна гадаад, дотоодын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай байнга хамтарч ажиллаж байна.

2017 онд 6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 650 гаруй сая төгрөгийг судалгаа шинжилгээнд зарцуулсан.

ИННОВАЦИ БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Монгол базальт ХК, ТУЗ-ийн дарга Л.Ариунболд:

Инноваци дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн. Компаниуд инновациа үйлдвэрлэлийн стратегитайгаа  уялдуулахгүйгээс олон шинэ санаа, бүтээл орхигдож байна. Инновацийг нүсэр эрдэм шинжилгээ судалгааны ажил гэхээс илүү энгийн ажилтнаас эхлээд үйлдвэрийн удирдлагын түвшинд  хэвшил болгох ёстой.

Аливаа стандарт нормыг давж гарч байгаа чанарын үзүүлэлтийг инноваци гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, харилцагчийн хүсэл хэрэгцээнээс давсан чанарыг өгч чадаж байх ёстой.Инновацийн гол үзүүлэлт болсон бүтээмжийг нэмэгдүүлэх соёлыг нутагшуулах нь үйлдвэрлэлийн салбарт илүү үр дүнтэй. Шинэ санаачилгуудыг орхигдуулахгүй байх, инновацийн авьяасыг хөгжүүлж дэмжиж урамшуулж байх тогтолцоог бий болгож,  энэ чиглэлийн хурал зөвлөгөөнд цаг зав зарцуулж байх  хэрэгтэй.

ӨДӨРТ 10 САНАЛ ГАРАХАД ЗУРГАА НЬ ХЭРЭГЖДЭГ

“Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс, инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж:

“Эрдэнэт” үйлдвэр 2005-2017 онд сайн саналын системээр дамжуулж ажилтнуудаасаа 21815 санал хүлээн авсан. Энэ саналын 60.8 хувь нь хэрэгжиж байна. Манай үйлдвэрт өдөрт арван санал гарч зургаа нь хэрэгжиж байгаа гэдэг нь компани дээр тасралтгүй сайжруулалт явагддаггүй нэг ч өдөр байхгүй гэсэн үг. Шинийг санаачлагч компанийн дотоод сүлжээгээр дамжуулж хаанаас ч хамаагүй кабелийнхаа  дугаараар саналаа оруулж байдаг. Өөрөөр хэлбэл, заавал хуралдах шаардлагагүй. Цех тасгуудад ажиллаж байгаа Бүтээмжийн хорооноос саналыг бүртгэж зөвшөөрөл өгч, чиглэл бүрийн мэргэжилтнээс бүрдсэн зөвлөл хянасны дараа  программ автоматаар үнэлж гаргаж ирдэг. Мөн багаар ажиллах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс бүтээмж чанарын дугуйлангуудыг ажиллуулдаг нь бодит үр дүнг авчирч байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ИННОВАЦИД ТУЛГУУРЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн:

“Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн  хөгжлийн түвшинд үнэлэлт өгч,  цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх вэ гэдгийг уул уурхайн эрдэмтэд, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцлоо.

Газрын доорх баялгийг газрын гадаргуу дээр гаргаж үндэсний баялаг болгон хувиргах нь уурхайчдын ажил юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жил бол бүтээн байгуулалтын түүх юм. Үйлдвэрийн хамт олон үнэ цэнийг бүтээж чадсан. Хамгийн гол нь үйлдвэрлэл уул уурхайн бүх шатны ажлыг өндөр түвшинд хийх инженер техникийн ажилтан, оюунлаг 6000 ажилтантай армийг бүрдүүлж чадсан явдал юм.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6000 ажилтны гуравны нэг нь инженер техникийн ажилтнууд бөгөөд үйлдвэрт данстай инженер бүр 90 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байдаг хэмээлээ.

“ИННОВАТОР-2018” ЦОМЫН ЭЗНЭЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХАМТ ОЛОН ТОДОРЛОО

Шинжлэх ухаан,үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурав.

Мөн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан,  бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан  зөвлөгөөнийг дүгнэж  шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байр, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер  техникийн ажилтнуудын урамшуулсан.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Инноватор-2018” цомын эздийг зарласан. Энэ удаа “Инноватор-2018” цомын эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорлоо. “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” төсөл нь цомын эзэд болгов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж