"МАН улс төрийн хонжоо хайж, цэцийг ашигласан"

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

"МАН улс төрийн хонжоо хайж, цэцийг ашигласан"

"МАН улс төрийн хонжоо хайж, цэцийг ашигласан"

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дарга, эдийн засагч Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолыг цэц шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрээс болоод Хэнтий аймгийн зарим иргэд УИХ-д төлөөлөлгүй байна. Танай намын хувьд нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намын нэг. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс үл шалтгаалан 42-р тойргийн нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшиллоо?

-Олон нам нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байсан. Хэнтий  аймагт болох байсан нөхөн сонгууль болон Цэцийн шийдвэр зэрэг асуудал нь өөрөө өнөөдрийн Монгол Улсад нийгмийн байдал яаж завхарсны нэг жишээ болж харагдаж байна. Хуулиар бол нөхөн сонгууль зарлах, Хэнтийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх ёстой. Гэтэл улс төрийн өчүүхэн сонирхлоор, улс төрийн эрх мэдлийн нөлөөтэйгөөр Үндсэн хуулийн цэцийг ашиглаж, сонгууль хийж чадахгүй болтлоо Монгол Улс дампуурсан байна. Хуулийнхаа дагуу Монголын төр нөхөн сонгуулийг хийж, 12 мянган сонгогч төлөөллөө сонгоод, тасралтгүй явж байх ёстой.  Гэтэл сонгож ч чадахгүй, сонгох боломж олгодоггүй байдал орсон байна. Энэ бол Үндсэн хуулийн асуудал гэхээс илүү Үндсэн хуулийг ашигласан улс төрийн тоглоом гэж бодож байна. Энэ байж болшгүй зүйл.

-Хэнтий аймгийн 12 мянган сонгогчид магадгүй 2020 оны сонгууль хүртэл УИХ-д төлөөлөлгүй явах вий гэсэн болгоомжлол байна?

-Энэ процессыг хоёр хүрээнд хармаар байгаа юм. Нэгд, 12 мянган сонгогч эрхээ хангаж чадахгүй, УИХ-д төлөөлөлгүй болчихлоо. Энэ байж  болшгүй зүйл. Зарим нэг хүн, бүлэглэлийн  төлөвлөснөөр сонгууль бололгүй, 12 мянган сонгогч төлөөлөлгүй болоод хохирч байна. Гэхдээ энэ 12 мянган сонгогч бол зөвхөн нэг илрэл нь. Яг энэ жишгээр ямар ч ноцтой асуудал гарч болно. Нэг гишүүнийг сонгож чадахгүй байх, хүсэх юм бол сонгууль зохион байгуулахгүй, хүсэх юм бол аль нэг намын үйл ажиллагааг зогсоож, хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй байх гээд юу хүссэнээ хийж болдог болж байгаа нь, түүндээ Үндсэн хуулийн цэцийг хүртэл ашигладаг болсон нь өөрөө Монгол Улсын хамгийн том аюул. Цаана нь Монгол Улсын 3,2 сая хүний эрх ашиг, ирээдүй хохирч байна. Энэ бол зүгээр нэг тойргийн асуудал биш юмаа.

-Эрх баригчид, төрийн эрх барьж байгаа намд эрх мэдэл байна. Тэднийг намаар дамжуулж  сонгуулийн хууль болон бусад хуулиар дамжуулан сонгож, эрх мэдэлд хүргэж буй. Тэгэхээр энэ болохгүй, тулгараад байгаа аюулыг яаж арилгах юм бэ. Хууль эрх зүй, тогтолцоо, намуудаа  шинэчлэх ёстой юм болов уу?

-Ардчилсан улсад нам бол байх ёстой. Нам бол ардчиллыг дамжуулах ёстой хүн төрөлхтний олоод байгаа чухал институт. Намгүйгээр, намыг татан буулгавал мафи, нутгийн зөвлөл, гэмт бүлэглэл, хөдөлгөөн зэрэг эргээд хариуцлага хүлээхгүй хүмүүсийн гарт орно гэсэн үг. Тэгэхээр намыг зөв байлгах талаас нь анхаарах ёстой юм. МАН, АН, МАХН гээд л ерөнхий зүйл яриад байдаг. Гэтэл түүний цаана намын жирийн гишүүдээс илүү намыг удирдаж, бодлого гаргаж байгаа нэр бүхий намын дарга нар бий. Тэр хүмүүс рүү халдахгүй, хариуцлага тооцохгүй байгаад байхаар даварч байгаа юм. Намыг хүн л удирдаж байгаа. Удирдаж байгаа дарга нь болохгүй байгаа учраас эхний ээлжид намын гишүүд нь удирдлагадаа хариуцлага тооцдог байх ёстой. Хүнээс бүх зүйл  хамаарна. Түүнээс гоё нэртэй нам байгуулаад нам байгуулчихлаа гэж болохгүй. МАН, МАХН, АН-ын дарга нараас Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал яг ямар байна вэ, яаж энэ асуудлыг шийдэж, цаашид хөгжих вэ гэж асуувал тэд улиг болсон нэг зүйлээ л ярина. Сөрөг хүчин, эрх баригчид  болохгүй байна, авлига болохгүй байна, тэр намын буруу, эрс тэмцэнэ, би амь насаа өгнө гэх мэт сүржин хариулт л өгнө. Энэ мэт сүржин л зүйл л ярихаас мэдлэг, төлөвлөгөөгүй юу ч байхгүй. Одоогийн намуудад төлөвлөгөө, мэдлэг гэхээс илүү эрх мэдэл, албан тушаал руу явж байгаа бүлэг хүмүүс л байгаа юм. Үүнийг л ялгаж, салгаж, шинэчлэх шаардлага  хэрэгтэй байгаа юм. Тэгэхийн тулд магадгүй том намуудыг дотроос нь шинэчлэх гэж бүтэлгүй оролдох бус төлөвлөгөөтэй, мэдлэгтэй, нийт монголчуудын хүсч буй зүйлийг хийж чадах шинэ хүчнийг сонгох хэрэгтэй. Ийм өнө удаан жилийн түүхтэй монголчуудын нөөц энэ хэдхэн хүнээр шавхагдахдаа тулаагүй.

Улс  төрийн нам шинэчлэгдэх нь тогтолцоондоо биш хүндээ байгаа юм

-Зарим судлаачид шинэ хүчин, нам гарч ирээд ч одоогийн намуудаас ялгарч чадахгүй. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол бид шинэчлэгдэж, өөрчлөгдөхгүй гэдэг. Улс төрийн намуудын хариуцлагын асуудлыг Үндсэн хуульд оруулах ёстой гэдгийг ч зарим хэлдэг?

-Тогтолцоо оновчтой байгаа биш нь үнэн. Улс төрийн намуудыг зөв нам болж төлөвших талаас нь өөрчлөх хэрэгтэй байна. Улс төрийн намын тухай  болон сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах ёстой. Эдгээр хуулийг өөрчлөхөөр намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байсан. Гэхдээ энэ өөрчлөлтөд олигтой өөрчлөлт харагдахгүй байна. Үнэхээр сайн нам бий болгоё гэвэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намыг нь сонгодог  тогтолцоог бий болгох ёстой. Тэгж байж намууд хариуцлагатай болно. Сонгуулийн хуулийг 2016 оны Сонгуулийн өмнө өөрсдийгөө ялуулах зорилгоор, шинэ намуудад боломж олгохгүйн тулд өөрчилсөн байдаг. Энэ хуулийг хэн өөрчилсөн нь нэр устай, намтайгаа тов тодорхой байгаа. Өөрсдийн өчүүхэн эрх сонирхлыг улсын том эрх ашгаас дээгүүр тавьж, улсаа хорлож байгаагийн тод жишээ. Ийм үйлдлийг засаг барьсаар ирсэн гол намууд, дарга нар бүгд хийж ирсэн, хийсээр байна, Монгол Улсын эсрэг гэмт хэрэг. Үүнийг хараад сууж байгаа жирийн намын гишүүд нь яагаад нам жим байдаг юм бэ гэдэг л харамсалтай.

Үндсэн хуульд намуудын хариуцлагын асуудлыг тусгаж болно. Ялангуяа сонгуулийн болон түүний өмнөх жил сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаггүй байх, намыг сонгох пропорциональ зарчмыг нь Үндсэн хуульд оруулбал хуульд дур зоргоороо гар хүрээд байхгүй, хуулиар тоглодоггүй болно. Маргааш сонгууль болох гэж байхад хэдэн дарга нар сууж байгаад хуульд өөрчлөлт оруулж байгаа цагт өөрсдийгөө л дээш нь гаргана. Энэ бол тогтолцоогоо сайжруулан өөрчлөх боломжууд.

Гэхдээ бидний хамгийн чухал зүйл нь тогтолцоо биш. Бид, би гоё зүйл хийх гэсэн ч тогтолцоондоо асуудал байна гэж ерөнхий зүйл рүү асуудлыг түлхдэг. Үгүй ээ, тогтолцоо бол үндсэн шалтгаан биш. Үндсэн шалтгаан нь дахиад л хүндээ байгаа юм. тэр хүн хуулиа зөв хэрэгжүүлж, улс эх орноо бодож, ёс зүйгээ эрхэмлэх юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр одоогийн байгаа хуулиа мөрдөөд явах боломж бий. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хуулиа хэрэгжүүлээгүй, мөрдөөгүй, Үндсэн хуулийн цэцийг улс төрийн зорилгоор ашиглачхаад тогтолцоо буруу байна гэж ярьж болохгүй. Дүрмээ зөрчиж хулгай хийчхээд асуудал дүрэмд байна гэж болохгүй. Одоо байгаа хуулиа мөрдөөд явбал бидэнд хангалттай хууль эрх зүйн орчин бий. Ес зүйтэй, жаахан эх оронч байж чадвал Үндсэн хууль хэнд ч саад болоогүй.

-Намрын чуулган нээлтээ хийж, улс төрийн нам, сонгуулийн хуулиуд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх зэрэг магадгүй 2020 оны сонгуулийг тодорхойлох  чухал хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. Танай намын хувьд эдгээр  хуулиудтай танилцаж, дүгнэлт хийж байгаа байх?

-Мэдээж манай намын гишүүд судалж, тодорхой  саналаа тавих гэж байгаа. Гэхдээ би дахиад л нөгөө хүний тухай ярих гэж байна. Намрын чуулганы нээлт дээр нөгөө дарга нар маань дахиад л нөгөө гоё сайхан үгсээ уншина, юу хэлэхийг нь бид сайн мэдэж байна. Яагаад хийхгүй байгаа юм бэ  гэдгийг л асуумаар байгаа юм. Төрийн алба завхарлаа л гээд байна. Энэ завхрал чинь өнөөдөр үүсчихсэн юм биш шүү дээ. Сүүлийн 20 жил  төрийн алба завхарсан. Энэ завхралыг тэр үг хэлж байгаа дарга нар л хийсэн. Жирийн иргэн түүнд оролцоогүй. Дарга нар л хийж байгаа. Тэгээд одоо үг хэлэх биш хийж эхэлж болохгүй юу, ямар нэг төлөвлөгөө, шийдэл байхгүй юу? Төрийн албыг шинэчлэхээр тэгээд яг юу хийж байгаа юм бэ.

МОНГОЛ ХҮН ТӨРӨӨСӨӨ ӨДИЙГ ХҮРТЭЛ ЮУ Ч ГУЙГААГҮЙ ШҮҮ

-Өнгөрсөн хавраас хойш багш, эмч нар цалингаа нэмүүлье гэж тэмцсээр, хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн илүү их хурцдав. Эрх баригчид нь эдийн засаг өссөн, өрөө төлсөн, сайхан байна гэж байгаа боловч энэ өсөлтүүд нь иргэдийн амьдралд, айлын хаалгаар орохгүй байна л даа?

-Бүх дарга, намууд сүүлийн 30 жил  багш, эмч, ард түмэн,  иргэд минь гэж ярьдаг ч түүнийхээ төлөө хөтөлбөр боловсруулаад, мөрийн хөтөлбөрөө хийж, танилцуулаад санал аваад сонгогддог. Бүгд л багш, эмч нарыг  дэмжинэ гэдэг ч огт дэмжиж байгаагүй. Түүний нотолгоо нь, иргэдийг хууран мэхэлж ирсний нотолгоо нь багш нарын ажил хаялт. Багш нарын цалинг  нэг өдөр нэмчихдэггүй, үнэхээр багш нарыг, хүүхдийнхээ боловсролыг дэмжье гэж байгаа бол багш нарын цалинг үе шаттайгаар  байнга нэмэх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх ёстой. Түүнээс жагсахаар нь гэнэт нэг өдөр нэмдэг зүйл биш.  Багш нарын жагсаал бол туйлдаа хүрсний  шинж. 2007 онд монголчуудын дундаж цалин 245 мянга  орчим байсан бол багш нарын дундаж цалин 252 мянган төгрөг байсан. Тэгэхээр багш нар монголчуудын авдаг дундаж цалингаас дээгүүр цалин авч байсан гэсэн үг. 2018 онд  дундаж цалин 949 мянга байж байгаад сая нэг саяас дээш болсон. Гэтэл багшийн авч байгаа дундаж  цалин 650 мянга. Одоо багш нар дундаж цалингаас 30 хувиар доогуур цалин авч байна. Цалинг нь огцом нэмдэггүй юм гэхэд ядахдаа дундаж цалингийн түвшинд байлгах бодлого барих ёстой байсан. Ингэж туйлдуулсан хэр нь дэмждэг гэж байгаа бол доромжилсон асуудал. Үүнийг хэн хийсэн  бэ гэхээр өнөөдрийн Засгийн газар ч биш,  лавтай сүүлийн 10 жил засаг барьсан МАН, МАХН, АН-ынхан буруутай. Эрх барьсан ч сөрөг хүчин байсан ч чи хийсэнгүй, миний хийснийг үгүйсгэлээ гэж байгаа нь ард түмнээ доромжилж, тавлаж байна гэсэн. Энэ намууд бүгд холбоотой, их мөнгөтэй байсан, их өр зээл тавьсан, бүтэхгүй төслүүдийг дэмжсэн. Тиймээс багш нар жагсахаас өөр арга байгаагүй. Энэ бүхэн хөгжлийн бодлогогүйн тод жишээ. Хөгжлийн бодлого  гэдэг нь багш, эмч нарыг, монгол хүнээ яаж дэмжих, тасралтгүйгээр дэмжих бодлогыг төсвөөр дамжуулж хэрэгжүүлэхийг хэлдэг. Гэнэт  нэг өдөр хайр зарлаад, данх, бидон, хувьцаа тараагаад жаргалтай болгох  гэж хэн ч гуйгаагүй. Ер нь монгол хүн төрөөсөө юу ч гуйгаагүй. Улстөрчид өөрсдөө л очиж би ийм юм өгнө, ийм зүйл хийнэ гэж иргэдийг тэнэг гэж басаж, самарч яваад байгаа юм.

Монгол төрийн залгамж халаа, намуудын хөгжлийн бодлого гэж байх ёстой ч алга байна гэж та хэллээ. Тэгвэл хаана алдагдчихав?

-Хөгжлийн бодлого гэж харамсалтай нь Монголд одоо байхгүй, анхнаасаа байгаагүй, байлгахаар мэдлэг, чадвар дутсан. Бодлогогүйгээс гадна улстөрчид нь өмнөх үеэсээ илүү шуналтай, эх оронч биш болж, төрийн чадавх нь бүр сульдаж, улс орныг нураах түвшинд хүрчихлээ. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход эх оронч сэтгэл, мэдлэг хэрэгтэй. Нам харгалзахгүй хамтран ажиллах итгэлцэл, алсын хараа хэрэгтэй. Ингэж байж үр дүн гарна уу гэхээс хоорондын жижигхэн тэмцлээс сайн үр дүн хэзээ ч гарахгүй. Манай өнөөдрийн улстөрчид бол жинхэнэ улстөрч биш. Жинхэнэ улстөрч гэдэг нь хөгжлийн төлөвлөгөөтэй, багтай, шийдэлтэй, итгэл үнэмшлээрээ нэгдсэн төлөвлөгөөтэй хүмүүс байдаг болохоос өнөөдрийн улстөрчид шиг улс төрийг мөнгө олох, эрх мэдэлтэй болгох хэрэгсэл гэж харсан, улс төр хийж, улс орныг авч явж байна гэж үнэмшсэн бүлэглэлүүдийн тэмцэлдээн биш. Энэ бурангуй явдал жишиг болж ирсэн нь улс орныг ийм байдалд хүргэж байгаа юм.

-Цаашид  намууд хөгжлийн бодлоготой, төлөвлөгөөтэй болж төлөвших, эсвэл шинэ намууд бий болох боломж байна уу?

-Засгийн газарт байгаа, нам удирдаж байгаа цөөхөн л хэдэн хүн бий. Энэ хүмүүс олон жил  солигдоод төр барьсан боловч үр дүн гарсангүй. Хүмүүс итгээд, хууртаад л байлаа. Өөрөөр хэлбэл, одоо энэ намуудаас, энэ хүмүүсээс юу ч гарахгүй. Монголчууд олон уналт доройтлоос сэхэж босч ирж байсан түүхтэй. Тэгэхээр 3,2 сая хүнтэй үндэстэн дотор энэ цөөхөн хүмүүсийг сольчихоор хүн байхгүй байна гэдэг боломжгүй зүйл. Энэ төрийн төлөөллийг сонгож, тэдэнд эрх мэдэл олгож байгаа хүмүүс нь иргэд. Тараасан  бидон, худал амлалт, тараасан мөнгө, хувьцаа, хувирч байгаа худал хуурмагт санал өгөхгүйгээр өөрчлөх хэрэгтэй. Нэг удаа өөрчилж, эргэлт хийж чадвал Монголчууд хурдан сэргэнэ гэдэгт би итгэдэг.

-Бид өнгөрсөн хугацаанд буруу сонголт хийснээс өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн. Тэгвэл нөгөө талдаа сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ёстой юм уу эсвэл сонгогчдод сонгох эрхийг нь олгохгүй байна уу?

-Сонгогчдод  сонгох боломж олгохгүй байна гэж бодож байна. Иргэд нь тэнэг болохоор бүтэхгүй байна гэсэн нэг төөрөгдөл байдаг юм. Монголчууд дэлхийд боловсрол, хөгжлийн индексээрээ доогуур ордоггүй. Сонгогчийн боловсрол муу болохоор буруу хүмүүс сонгож байна гэдэгт би итгэдэггүй. Би өөрөө энэ амьдрал дунд байна, бас нэр дэвшиж, сонгогчидтой уулзаж байсан. Тэгэхээр сонгогчийн боловсролоос огт шалтгаалаагүй, нийгмийн үнэт зүйл, асуудлууд хэнээс эхтэй вэ гэвэл толгой дээрх хүмүүсээс л хамаарч буй. Толгой дээр морь уралдуулдаг хүн байвал нийгэм тэр чигээрээ морь уралдуулдаг соёл түгнэ, бөх барилддаг бол бөхийн соёл, толгой дээр хулгайч, худалч, авлигач байвал нийгэмд хулгайч, авлигач сэтгэлгээ л түгж, нэвчдэг. Нийгмийн үнэт зүйл, соёл, хэвшил дадлыг дарга нар өөрсдөө бүрдүүлдэг. Тэгэхээр бидний дээр мөнгөний төлөө улайрч, юугаа ч өгөхөөс буцдаггүй, эд мөнгөөрөө баярхсан, авлига өгч, авч суралцсан, хуулийг уландаа гишгэсэн бүлэглэл гарч нийгмийг тодорхойлж байхад доор байгаа  жирийн төрийн албан хаагч, бизнесмен, малчин, ажилчин яах ёстой вэ. Нийгэм хүссэн хүсээгүй тэдний тогтоосон замаар явдаг. Дараагийн үе нь тэгж бэлтгэгдэж, хүүхэд залуус ч тэднийг л дагаж нийгмийн хэвшил болдог. Тогтолцоо гэхээс илүү дээрээ зөв хүмүүс гаргавал нийгэмд зөв соёл түгнэ. Хөгжсөн улс орнууд ч гэсэн ийм жишгээр явж ирсэн.  Дээрээ хулгай, бүтэхгүй хүмүүсийг гаргасан ч нийгэм нь сайхан болж, хөгжсөн жишээ түүхэнд үгүй. Зөв талаас нь удирдах юм бол нийгэм зөв тийшээ явна. Хөгжсөн орнуудын лидерүүд нь эх орноо гэсэн үнэт зүйлтэй, мэдлэгийг шүтсэн, үзэл баримтлалтай байсан болохоос  янцаглаж их хурлын индэр дээрээс бэлдсэн үг уншаад, тойрог  дээрээ чихэр, бидон тараадаг хүмүүс улс орныг хөгжүүлдэггүй юм. Бид олон юм ярилгүй эхлээд тэднээсээ л салах хэрэгтэй.

-Сүүлийн үед цэцийн гишүүдийн томилгоо шүүмжлэлд өртөөд байна. Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг боловч намууд байна гэх шүүмжлэл гарах болж.  Энэ томилгоог хийж байгаа намуудад байна уу эсвэл?

-Цэц өөрөө улс төрийн тоглоом болчхоод байна. Ялангуяа цэцийн хоёр гишүүний томилгоог хуульчид ч эсэргүүцэж, шүүмжилж байсан. Тийм улайм цайм, шаардлага хангахгүй хүмүүсийг оруулаад байвал юу болох вэ, цэц хэний төлөө ажиллах вэ? Сүүлийн үед энэ асуудлыг улс төрийн нам, тогтолцоо гэх мэтээр ерөнхийлж яриад байх болж. Улс төрийн намын цаана хүн байдаг. Тэр намын цаана лидер, удирдаж байсан намын дарга байдаг. Тэд юу хийж байна вэ, яагаад нэг зүйл яриад түүнийхээ эсрэг үйлдэл хийдэг юм бэ. Өнөөдөр намрын чуулган эхэлнэ. УИХ-ын индэр дээрээс “төрийн албыг шинэчилнэ, ард түмний амьдралыг сайжруулна, орлого нэмэгдүүлнэ, цалин нэмнэ” гэх мэтээр л унших байх л даа. Гэхдээ тэд яагаад хийхгүй байгаа юм бэ. Энэ бүгдийг ярихаас илүү хийх боломж нь, үүрэг нь тэдэнд байгаа шүү дээ. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд нь тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж яриад л байдаг яагаад хийхгүй байгаа юм бэ. Хийхгүй байсаар байтал төрийн албан хаагчид нэгнийхээ аминд хүртлээ завхарлаа. Яагаад эрх мэдэлтэй хүмүүс нь хийх хэрэгтэй гэж яриад байгааг ойлгодоггүй юм. Насаараа гишүүн, сайд, намын толгойд явж эрх мэдэлтэй байсан хэр нь юу ч хийхгүй явсаар, болж байна, бүтэж байна гээд албан тушаал ахихаар санаархаад сууж байдаг энэ байдлыг болиулмаар байна.

-Яаж?

-Ардчилсан улс учраас сонгуулиас өөр замгүй. Үнэн бодит мэдээлэлд  дүгнэлт хийж, тодорхой гаргалгаа гаргаж ирж, нөгөө л хэдэн хүмүүсээ сонгомооргүй байгаа юм. Мэдсээр  байж дахин сонгомооргүй байна. Зүгээр л хялбархнаар, өмнө нь огт сонгогдож байгаагүй 76 шин хүн сонгоод үзэх хэрэгтэй.

ХҮН-ЫН АСУУДАЛ ХОЁР БҮЛЭГЛЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН ЗОДООН БАЙГААГҮЙ

2016 оны сонгуулийн өмнө ХҮН-ынхан УИХ-ын сонгуульд оролцох байсан ч хэсэг бүлэг этгээдийн сонирхлоос сонгуульд оролцох боломжгүй болсон. Танай нам одоогийн байгаа энэ намуудаас юугаараа ялгарч чадах юм бэ?

-Одоогийн намууд  хэчнээн том, олон мянган гишүүнтэй, сүртэй байсан ч үзэл баримтлал, төлөвлөгөө тэдэнд байхгүй. Хүсэх юм бол би аль ч намын даргатай энэ асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна, тэд харин бэлэн биш. Харин бидэнд Монгол хүн хэн бэ, бусад улс орнууд яаж хөгждөг юм бэ гэдгийг судалж, төлөвлөгөө гаргаж, үзэл бодол дээрээ нэгдсэн хүмүүс. Тиймээс 2015, 2016 онд ХҮН хүчтэй байсан. Жижиг намууд олон гарч ирж байсан ч нэг, хоёр суудлаас хэтэрдэггүй  байсан. Сонгогчид ул суурьтай төлөвлөгөөтэй, шинэ эрч хүч,  шинэ мэдлэгийг хүсч байсан. ХҮН-д тэр нь байсан. Бид гэж байгаа нь би биш, нам гэж нэгдсэн хэдэн хүн биш. Бусад намын  эрүүл саруул гишүүд, 3,2 сая хүнийг  оруулаад, нийт монголчуудыг хэлж байгаа юм. Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө сонгогдох гээд байгаадаа биш Монгол Улсын хөгжлийн бодлого, гарцыг гаргаж ирээд намаас дээгүүр үндэсний сэргэн мандалтын үеийг бий болгох  гаргалгаа гаргаж ирэх зорилготой. Үүнийг хүсч байгаа болохоор олон нийт ХҮН-ыг дэмжсэн гэдэгт итгэдэг. Олны дэмжлэг аваад ирэх цагт өөрсдийн албан тушаал эрх мэдлийн төлөөх өчүүхэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж ХҮН-д элсэж, хагалан бутаргах, булаан авах гэсэн хүмүүс гарсан, нэр устайгаа тодорхой бий. Гэхдээ түүнийг одоо энд ярих шаардлагагүй биз. Тэр хүмүүс олны итгэл шингэсэн намыг булааж авч, олны итгэлийг ашиглан, өөрсдийн улс төрийн бохир тоглолтыг хийх гэж санаархсан.. Бид тэдэнтэй тохирч хамтраад, улс төр ийм байдаг юм гээд явах боломж байсан, УИХ-ын гишүүд болох боломж ч байсан. Олон хүн тэгж зөвлөж байсан. Гэхдээ бид хувийн, богино хугацааны ашиг хонжоо хараагүй, олон хүний итгэлийг энэ явуургүй нөхдөд худалдахыг хүсээгүй, сөрж тэмцсэн, бид ХҮН-ыг хүмүүсийн хүсч найдаж байсан тэр цэврээр нь авч гарсан. Үүндээ сэтгэл хангалуун байцгаадаг. Одоо ХҮН дотоод ямар ч асуудалгүй болсон.

-Одоо хүмүүсийн намуудад итгэх итгэл алдарсан. Тэгэхээр ХҮН юугаараа ялгарч, өөр байх юм бэ?

-Ер нь бол үйлдлээр. Бид 2016 онд үүссэн намын дотоод асуудлыг, бусдын булан эзлэлтийг тэсээд, даваад гарч ирж чадсан, итгэл үнэмшилтэйгээ үлдсэн. ХҮН дээр болсон маргаан бол намын дотоод жижиг тэмцэл биш монголчуудын богино хугацааны шунал, урт хугацааны эрх ашиг хоёрын хоорондох тэмцэл байсан юм шүү. Шинэ ба хуучин улс төрийн арга барилын зөрчил, фронт байсан болохоос хоёр бүлэглэлийн албан тушаалын зодоон байгаагүй. Одоо бид үйлдлээрээ харуулна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ тодорхой болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид тов тодорхой хөгжлийн консептээ удахгүй гаргаж тавина. Мөн ХҮН-ын санал болгох тэр хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадах ёс зүй, мэдлэг, итгэл үнэмшилтэй боловсон хүчний багийг бид сонгуулийн өмнө нээлтэй зарлана. Өөрөөр хэлбэл, хэн сайд болох, тэр хүн ямар бодлого хэрэгжүүлэх, юу хийх нь тодорхой байхаар зарлана. Бусад намыг ч мөн зарлахыг шаардана. Ямар нэгэн таалагдах гоё  зүйл ярьж сонгогдчихоод ханцуйн дотроо албан тушаал наймаалдаг, худалддагийн илрэл нь 60 тэрбум. 60 тэрбумын хэргийг одоо нэг нам хэсэг бүлэг хүмүүстэй холбож байгаа ч МАН, МАХН, АН аль аль нь л энэ схемээр ажиллаж ирсэн. Тэд адилдаа адил, годилдоо годил арга барилтай байж бие биеэ шүүмжлэх нүүргүй, эрхгүй. Бүгд хараад ойлгож байхад бие биеэ шүүмжилж, улс төрийн оноо авах гэж байгаа үйлдэл нь үнэндээ инээдтэй л харагдаж байгаа юм.

-Улс төрд шинэ нам, улстөрчид гарч ирэх бүртээ л яг тань шиг гоё зүйл ярьдаг л даа. Гоё зүйл ярьж гарч ирээд бүгд л ижил болдог. Тэгэхээр ХҮН-ын юунд нь итгэх юм бэ?

-Монгол хүмүүс итгэхээ больж байгаа нь маш хортой. Шинэ намд итгэхээ больчихвий гэж бид ХҮН намыг бусниулагчдаас хамгаалсан. Бид улс төрийн явцуу эрх ашгаар улс төрд ороогүй гэдгээ 2016 оны сонгуулийн өмнө ХҮН-ыг албан тушаал горилогчдод худалдаагүйгээрээ харуулсан гэж бодож байна. Сонгогчид маань өмнө нь ийм зүйл ярьж байсан нам байсан эсэхийг ухаж, ойлгоод, агуулга нь хэр бодит эсэхийг ялгаж хараарай. Үүнийг ялгахын тулд өөрсдөө хэлэлцүүлэгт оролцох, намууд, улс төрчдийг мэтгэлцүүлэх, асуух зэргээр сорьж үзэх хэрэгтэй. Яриад байгаа шийдэл, бодлого нь үнэн эсэхийг, хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс нь асуудлаа ойлгодог, мэдлэгтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Намынх нь бодлого хэрэгжих боломжтой эсэх, хүн нь өөрөө ёс зүйтэй эсэх анхны шалгуураар л ялгарах байх даа. Хамгийн эцсийн шалгуур бол сонгож үзээд, үйлдлээс нь харах хэрэгтэй.

УРТ ХУГАЦААНЫ ЗӨВ БОДЛОГО ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА

-Ам.долларын ханш өсчихлөө. Эдийн засгийн нөхцөл байдал, төлөвт дүгнэлт хийж л байгаа байх?

-Эдийн засгийн үр ашиг, хугацаа үр дүнгээ өгөхөд бага зэрэг хугацаа орох хэрэгтэй. Дундаж цалин өсч байгаа ч багш нар болон ихэнх хүмүүсийн орлого бага байгааг засах хэрэгтэй. Ингэхийн тулд орлогын шаталсан татварын бодлого, мөн иргэндээ орлогыг хүргэхийн тулд хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, үр ашгийг нь аль болох бэлэн мөнгө тараах биш эдийн засгийн аргаар дахин хуваарилах хэрэгтэй. Жаахан мөнгө хуримтлуулаад эсвэл зээл аваад сонгуулийн өмнө бэлэн мөнгө, хувьцаа нэрээр тараачхаад байвал юу ч бүтэхгүй, бүр ядуурна. Бэлэн мөнгө, ямар нэг зүйл санал авах зорилгоор тараах нь доромжлол. Иймэрхүү байдлаар эдийн засгийн үр өгөөжөө аманд ч үгүй, араанд ч үгүй хаяад байгаа болохоор орлого, хөгжил иргэндээ хүрэхгүй байгаа юм. Зөвхөн дөрвөн жил биш найм, арван жил зөв бодлого барьж байж орлого иргэндээ хүргэнэ. Эдийн засгийн орчин харьцангуй таатай тогтвортой болж байна. Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 6,5, ирэх жил 6,2 хувь байхаар судлаачид төсөөлж байна. Монголын эдийн засаг нүүрс зэсийн үнээс хамаарсан маш ядмагхан, хялбархан. Тэгэхээр зөв бодлого тууштай баривал сэргэхдээ ч тун амархан эдийн засаг.

2019 оны төсөв хэлэлцэх өдрүүд эхэлж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр, гишүүд маш их өөрчилж, өөрийнхөө тойрогтоо хуваарилуулах гэж бухимддаг л даа. Мөн сонгуулийн жилийн өмнөх жил цалин, тэтгэвэр нэмэх гэх мэт сайхан шийдвэрүүдийг эрх бариг нам гаргадаг?

-Өнөөдрийн улс төрчдийн арга барил, түүнийг сөрөх улс төрийн манлайлал байхгүй энэ нөхцөлд “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гээд найдах л үлдэж байгаа юм. Эрх биш Монголчууд олон жил хууртагдлаа. Үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө дахин ингэж хууртмааргүй. Нэг үеэ бодвол сонгогчид ойлгож, өөрчлөгдөж байгаа. Мөн иргэд тэнэгтээ биш тэднийг тэнэг болгож, тэнэг зүйл санал болгож, нөхцөлийг нь бүрдүүлээд байгаа, мөнгө тарааж байгаа улстөрчдийг зайлуулахгүй л бол бид өөрчлөлт хүлээгээд хэрэггүй. Үүнийг засахын тулд сонгуулийн тогтолцоогоо пропорциональ болгож байж жалганы үзлээсээ салах юм. Нэг жалганы үзлээс бол нөгөө жалганы эрх хөндөгдөж, хоорондоо тэмцэлдэж, дүнд нь нийтээрээ монголчууд хохирч байна. Нэгэнт л намыг зөвшөөрсөн ардчилсан тогтолцоотой бол намыг бэхжүүлж, намтай нь хариуцлага тооцдог тийм систем рүү явах ёстой.

Эцэст нь таны болон ХҮН-ын зүгээс олон нийт, сонгогчдод хандаад хэлмээр зүйл, орхигдсон үг байна уу?

-Бид олны итгэл найдвар шингэсэн ХҮН-ыг чармайн зүтгэн байж улс төрийн ашиг хонжоо хайгчдаас хамгаалан авч гарсан. Бидэнд Монгол Улсын хөгжлийг харах цогц мэдлэг, өнөөдрийн асуудлуудыг шийдвэрлэх гаргалгаа, сэтгэл зүрх, хүсэл тэмүүлэл байна. Түүнийхээ төлөө тууштай зүтгэнэ. Гэхдээ энэ бол хэдэн хүний, нэг намын хийдэг зүйл биш, та бүхний, таны оролцоо, мэдлэг, хувь нэмэр зайлшгүй хэрэгтэй. Аль нам, улс төрийн хүчин, хаана суудаг, юу хийдгээс үл хамааран бидэнтэй нэгдэж, улс төрийн намаас дээгүүр хөгжлийн бодлого, эвлэлдэн ажиллах соёл зарчмыг тогтоох, асуудлын шийдэл, гарцыг бодитой эрэлхийлж, ярих биш хийх хэрэгжүүлэх ажилд хамтран оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж