Нүүрсний үнэ тогтворжсон ч иргэд худалдан авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ тогтворжсон ч иргэд худалдан авч чадахгүй байна

Нүүрсний үнэ тогтворжсон ч иргэд худалдан авч чадахгүй байна

Налгар намрын өдрүүд шувтарч хүйтний улирал эхэлсэн энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Нийслэл хотын хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхүүд түлээ нүүрсээ бэлтгэх ажилдаа хэдийнээ оржээ. Жил бүрийн намрын цагт нүүрс буюу хар алтны үнэ нэмэгддэг нь дамжиггүй. Энэ жилийн хувьд иргэдийн хэлж буйгаар түлээ нүүрсний үнэ бага зэрэг зэрэг өссөн гэнэ. Тиймээс түлээ нүүрсний үнийг судлахаар бид “Цайз” захын ойролцоох нүүрсний захуудыг зорилоо.

Оройн 18.00 цагийн орчимд тус захын ойролцоох ойр орчимд хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Тус  захаас түлээ нүүрсний наймаачид голдуу шуудай нүүрсийг бөөндөж авдаг юм байна. Анхны цас орсон болоод ч тэр үү гадаа жиндүүхэн, хацар хайрч байлаа. Хүйтрэхтэй зэрэгцэн иргэд  ч өвлийн бэлтгэлээ хангах гээд нааш цааш яаран холхино.

Захуудын үнэ хоорондоо ойролцоо байх ба хол ойр хүргүүлэхээс шалтгаалан 5-10 мянган төгрөг татна, бөөнөөр нь авбал “сайн ярина” гэх мэтээр ченжүүд ам уралдан ярих аж. Тэдэнтэй цөөн хором ярилцаж үнэ ханшийг сонирхлоо. Өвлийн хүйтний үеэр жижиглэн худалдааны төв болон гудамжинд хувиараа нүүрс зарж буй иргэд ууттай түлээ нүүрсний үнийг 500-1000 төгрөг нэмж худалдаалдаг нь нууц биш.

ШУУДАЙ НҮҮРС 3000-3500 ТӨГРӨГ ГЭВ

Тэдний нэг болох Л.Батбаяр “Гадаа хүйтэн байхад хөлдөж үхэлтэй нь биш нүүрсээ л түлнэ байх. Налайхын нүүрс үнс л их гардаг болохоос биш илч сайтай, дулаанаа өдөртөө барьчихдаг. Энэ жилийн хувьд Налайхын нүүрс үнэтэй орж ирж байна. Шуудай нүүрсний үнэ 3000-3500 хооронд байна. Ер нь хүйтрэх юм бол нүүрсний үнэ нь жаахан унадаг. Бөөний үнээр бол 2700 төгрөгөөр өгнө шүү дээ. Ах нь энд дөрөв дэх жилдээ зогсож байна. Манайхаас портер гэхээсээ илүү шуудайгаар их авдаг” гэв.

Нүүрс нь дотроо шаталт сайтай, илч, утаа тортог, тортоггүй гэх мэтээр олон янз. Гэхдээ дийлэнх нь Налайхын нүүрс байх жишээний. Цайз болон Хангай захуудад Алаг толгойн нүүрс хараахан орж ирээгүй байв. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхаас хоёр дахин бага байдаг аж. Мөн Налайхын нүүрстэй харьцуулахад нь нэг шуудай нүүрс нь 500 төгрөгөөр бага бөгөөд илч муутай байдаг аж.

 

ЦАЙЗ ЗАХАД НҮҮРС  ДАРААХ ҮНЭТЭЙ БАЙНА

  • 6 ковш нүүрс 390.000 төгрөг
  • 3 ковш буюу нэг том портер нүүрс 210.000 төгрөг
  • 2 ковш буюу жижиг портер нүүрс 160.000-180.000 төгрөг
  • Том шуудай нүүрс 5000 төгрөг
  • Жижиг шуудай нүүрс 3000 төгрөг
  • Том шуудай түлээ 5000-5500 төгрөг
  • Жижиг шуудай түлээ 2500 төгрөгийн үнэтэй байна.

Зарим нэг ченжүүд ойрын хэд хоног огцом хүйтэрсэн болохоор хүмүүс одоо л түлээ нүүрсээ базааж байгаа бололтой гэлцэж байв. Хамгийн наад захад нүүрс борлуулж буй иргэн А бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Манайх жижиг портер нүүрсээ 180 мянган төгрөгөөр борлуулдаг. Худалдан авалт тааруу гэхээс илүүтэй хүн хэрэгцээтэй шаардлагатай байгаа зүйлсээ хэчнээн мөнгө муутай байсан ч авдаг. Нүүрсний үнэ нэмэгдсэн гэж гадуур яригдаж байна. Цаанаасаа үнэтэй орж ирж байгаа учраас бид ч бас хоолоо олохын тулд “таван” төгрөг нэмээд зардаг. Нөгөөтэйгүүр цаг агаар хүйтрэхээр үнэ нь дагаад өсдөг тал бий. Хүмүүс ченжүүд биднийг үнэ нэмээд зарж байгаа гэлцдэг ч  жижиг портер нүүрсийг 120 мянган төгрөгөөр аваад  унааны зардал, урсгал зардлаа нэмээд өдөржингөө зогсоход 15-20 мянган төгрөгийн ашигтай ажилладаг” гэлээ.

Өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй иргэд гэрийнхээ ойролцоох жижиглэнгийн цэгүүдээс түлээ нүүрс авахаас өөр аргагүйд хүрдэг. Бид цааш явсаар Сонгино хайрхан дүүргийн  21-р хорооллын уулзварт ирлээ. Зам дагуу түлээ нүүрс шуудайгаар нь овоолсон дүр зураг харагдана. Нүүрс зарна гэсэн жижигхэн хашааны буланд ирэхэд ченж гэх Б.Сэргэлэн “Жижиг шуудай нүүрс Багануур 3000, Налайх 3500, шуудай мод 2500 төгрөгөөр зарж байна. Хэд хоног хүйтрээд нүүрс сайн “гүйсээн” хэмээн яриагаа эхлүүлэв.

-Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна вэ. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авалт бага байна гэх юм?

-Энэ жилийн хувьд харьцангуй бага байгаа нь үнэн. Гэхдээ хүйтний эрч чангарахаар хүмүүс хүссэн хүсээгүй нүүрсээ худалдаж авна. Харин одоо бол нүүрс хийхийн оронд мод авч байх шив дээ.

– Ирэх онд түүхий нүүрс нийслэл хотод оруулж ирэхгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Боловсруулсан, сайжруулсан түлш нь хаа байгаа юм. “ Илч” түлшийг өнөөдөр 6000 төгрөгөөр худалдаалж байна. Дулааны улиралд түлээд үзэхээр халаалт байхгүй, үнс нь унахгүй юм билээ. Түүхий нүүрс тортог ихтэй ч гэсэн үнс нь доошоо унадаг байхгүй юу. Яаж  ч бодсон зургаан мянган төгрөгөөр илч түлш авснаас түүхий нүүрсээ гурван мянгаараа авсан дээр шүү дээ. Утааны асуудлыг маш олон жил ярьсан. Тогоор хангаж, шөнөдөө цахилгааныг тэглэдэг нь сайн байна. Гэвч цахилгаан тенээр халаах юм бол сарын тогны мөнгө 200 мянга гарч байна шүү дээ.

Ерөнхийдөө дээрх газруудад нүүрс урьд жилийн энэ цаг үетэй харьцуулахад 500-1000 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий боловч эрэлт, хэрэгцээ урьдын адил байгаа нь үртсэн шахмал түлшний зуух болоод хэрэглээ тун байгаа гэдгийг илтгэж байх шиг.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж