Түгжрэлийн бухимдлыг залгаад утааны бухимдал Улаанбаатарт эхэлж байна. Утаатай дээр дооргүй тэмцээд үр дүнд хүрсэн нь үгүйг бүгд мэднэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хувь, хувьсгалын нийлсэн 135 тэрбум төгрөг зарцуулаад ч үр дүн гарсангүй гэсэн тоо удахгүй хэвлэлээр дахин хөвөрч эхлэх биз. Юу нь буруу болоод 135 тэрбум төгрөг утаатайгаа хамт замхарсан юм болоо?
Утаатай тэмцэх зорилгоор нэгэн инженер зуух зохиожээ. Гэр хорооллын 50 өрх нийлээд дундаа нэг зуухтай болж чадвал нүүрсэнд зарцуулах мөнгөө хэмнэж, хувцаснаас нь угаар үнэртэхээ больж, хот даяараа амьсгалж байгаа хорт утааны хэмжээ буурах юм. Хийсэн зуухыг нь хотын удирдлага, салбарын сайд гээд эрх мэдэл бүхий хүмүүс магтан сайшаасан ч 50 айлыг нэгтгэх санааг бүгд бүтэхгүй, боломжгүй гэж үзсэн байна. Зуслангийн хашаандаа долоон байшинтай айлууд хүртэл хамтраад зуух тавиулчхаж чадалгүй долоон тусдаа зуух ажиллуулж байгаа тохиолдол захаас аван бий. Угаас малаа даган нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудын генд нэгдэх, хамтрах гэсэн өгөгдөл байхгүй хэмээн үүнийг тайлбарлах хүмүүс байх.
Үнэхээр монголчууд огт нэгдэж, хамтардаггүй хүмүүс үү гэхээр бас тийм биш. 1992 оны Үндсэн хуулиар монголчуудад олгогдсон нэг эрх нь хүсэл, сонирхлоороо нэгдэн Төрийн бус байгууллага байгуулах эрх бөгөөд энэ эрхээ бид үнэхээр мундаг ашигласан. Гэхдээ тоон үзүүлэлтийг харвал шүү.
Үндэсний статистикийн хорооны 2016 онд хийсэн Монгол Улс аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогоор Монгол улсад бүртгэгдсэн ТББ-ын тоо 12 мянга 851-д хүрчээ. Энэ тоог 2006 оны тооллоготой харьцуулахад 5.5 дахин, 2011 оныхтой харьцуулахад 2.2 дахин өссөн дүн байжээ.
ТББ-д иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллах нь нийгэм ардчилалтай байгаагийн илрэл гэж үзэн, улс орны олон улсын үнэлгээнд эерэг үзүүлэлтийг авчирдаг. Энэхүү 12 мянга 851 ТББ-ын 9754 нь буюу 75.9 хувь нь нийгэмд үйлчилдэг, 3097 нь буюу 24.1 хувь нь гишүүддээ үйлчилж байгааг харахад Монголын нийгэм сайн сайхан байх боломж байгаа мэт. Эвлэлдэн нэгдэнэ гэдэг бол итгэлцэл байна гэсэн үг. Итгэлцэл байгаа цагт амжилт дагалдана гэсэн зүй тогтлыг дэлхийн улс орнуудын жишээ нотолдог. Улс орнуудын улс төр, нийгмийн тогтолцооны талаарх цуврал зохиол туурвисан Фрэнсис Фукуяма нийгмийн итгэлцлийн хомсдол нь эдийн засгийн доройтлыг дагуулдаг болохыг “Итгэлцэл: Нийгмийн буян, хөгжин цэцэглэх зам” номдоо бичсэн байдаг. Италийн өмнөд нутгийн нэгэн жижиг хотод хийсэн судалгаагаар тэр хотод сургууль, эмнэлэг, үйлдвэр үнэхээр хэрэгтэй байгаа ч энэ ажлыг төр хийх ёстой гэж хотынхон үзээд өөр хоорондоо хэл амаа ололцон, хүчээ нэгтгэх хүсэлгүй учраас ядуу амьдарч байгаа, мөн АНУ-ын хотуудын ядуу дүүргүүдэд африк гаралтай бизнес эрхлэгчид ховор, учир нь африк гаралтай америкчуудын хооронд итгэлцэл байхгүйгээс амьдрал сайжирдаггүй хэвээр байхад тэнд байгаа солонгос иргэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэн нэг нэгнийхээ бизнесийг дэмжин өсөн дээшилж чадсан талаарх жишээг дурдаад хүмүүс нэгдэх, хамтрах зөн байхгүй бол эдийн засгийн боломжуудаа ашиглаж чаддаггүй хэмээн дүгнэсэн байдаг.
Эхэнд өгүүлсэн 50 айл нэгдэн нэг зуухтай болох санааг аль 10-аад жилийн өмнөөс яриад бүтээгүй гээд бодохоор харилцан итгэлцэж чадахгүй байгаагийн төлөөс нь 135 тэрбум төгрөг болжээ. Аль 10 жилийн өмнөөс хамтраад дундаа зуухаа тавиад өвлийн дулаалгаа шийдчихсэн бол нялх үрс жилийн хагаст ханиаднаас салахгүй байж эх эцгээ зовоохгүй, эмнэлгүүд уушгины хатгалгаатай хүүхдүүдээр ороо дүүргэж ачааллаа хүндрүүлэхгүй байх байсан. Харин тэр 135 тэрбумыг шинэ шинэ цэцэрлэг, сургууль барих, зам талбайгаа янзлахад зарцуулж болох байжээ.
Гурван сая хүн ам дундаасаа 12 мянга 851 эвсэл, нэгдэл байгуулсан байна гэдэг бидэнд нийгмийн буяныг хүртэх боломж байна гэсэн үг. Мэдээж, энэ 12 мянга 851 ТББ бүгд нийгмийн сайн сайхны төлөө ажиллаагүй байж болох ч ямар ч гэсэн хамтаръя, эвлэлдье, харилцан итгэе гэсэн зорилго байгааг харуулж байна. Гагцхүү итгэлцэл нь цаасан дээр, бас жижиг зорилгын төлөө байхыг үгүйсгэхгүй. Энэ бол нийгмийн соёл өөрчлөгдөж байгааг харуулж байгаа эерэг өөрчлөлт. Мөн нөгөө талаас соёлыг бий болгож, нутагшуулж болно. Эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу хүсэл зорилго нэг ч хүрэх замаа өөр өөрийнхөөрөө харсан хүмүүс өнөөдөр хүссэнээрээ ТББ байгуулж болж байна. Салбар болгон нэг зорилго, чиглэл бүхий ТББ-уудад хуваагдсан. 50-иулаа нэгдээд нэг зуухтай болох нь зөв болохыг ойлготол хэр удаан хугацаа зарцуулагдахыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэвч бүгд дотроо 50-иулаа нэгдэх нь хамгийн үр ашигтай гэдгийг мэдэж л байгаа. Эвтэй байхдаа хүчтэй гэсэн улс төрийн урианы оронд эвтэй байхдаа мөнгөтэй гэсэн уриа хэлдэг болсон цагт л нийгмийн баялгийг бүтээж чадах итгэлцэл бий болох байх.
Холбоотой мэдээ