Согтуучуудын эрх өвчтэй хүмүүсийнхээс илүү юү?

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Согтуучуудын эрх өвчтэй хүмүүсийнхээс илүү юү?

Ингэж асуухаас аргагүй байдал дүүргийн эмнэлгүүдэд үүсээд байна. 2013 оны долдугаар сард Хуульзүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч, гудамж талбай, баар, ресторанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх үүргийг харъяа дүүргийн эмнэлгүүд хүлээх болжээ. Хэн бүхэнд ойлгомжтойгоор хэлбэл тасарсан хүмүүсийг эмнэлэгт хүргэх болсон.

Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй мөрөөрөө архи ууж тас үсэрсэн нөхдийг цагдаагийн газарт эрүүлжүүлэх нь хүний эрхийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзэж л дээ. Нэг талаас харвал тийм.

Гэвч учирч болох эрсдлийг хоёр сайд тухайн үедээ тооцоолоогүй нь үнэхээр харамсалтай.

Өнөөдөр эмнэлгүүд ямархан ачаалалтай байгаа билээ. Ялангуяа хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгдэж, ямартаа л яам тамгын газрыг эмнэлэг болгохоор шийдэж байхав.

Ийм нөхцөлд архи ууж, ухаан мэдрэлээ алдсан хүмүүст анхаарал тавих цаг зав эмч нарт тун хомс гэдгийг захын эмнэлгийн хүлээн авах тасгийн эмч нар хэж байна.

Жишээ болгож хоёр эмнэлгийн хүлээн авахын жижүүр эмчийн яриаг хүргэе.

 


Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн эмч Н:

-Согтуугаар эмнэлэгт хүргүүлэгсдийн тоо хоногт харьцангуй өөр өөр. Шинэ жилийн үеэр эрс өссөн бол жирийн үед өдөрт дунджаар 5-6 хүн ирдэг.

Эдгээр хүмүүс бол архины хордлогод орсон хүмүүс биш шүү дээ. Согтоод ухаанаа алдсан хүмүүс байгаа. Ухаангүй болтлоо согтсон хүнээс ямар л ааш авир гардаг билээ.

Тэр бүгдийг энд гаргаж байдаг. Айхтар агсам согтуу тавьсан нэгнийг нь цагдаа дуудаад өгөхөөс аргагүй. Тэдний дунд тэнэмэл амьдралтай, орон гэргүй хүмүүс ч ирдэг.

Тэр хүмүүсийн үнэр танар, байгаа байдлыг үгээр хэлэх ч аргагүй. Тийм хүмүүстэй ажилладаг бид байтугай зэрэгцээд үйлчлүүлж буй өвчтөнүүд ч бухимдаж байгаа. Согтуу хүмүүс орилж хашгирна, унтаж байснаа босч гүйнэ.

Өглөө нь сэргэмэгцээ эд зүйлсээ нэхнэ. Сүүлийн үед такси барьчихаад гэрээ зааж өгч мэдэхгүй унтсан хүмүүсийг таксины жолооч нар хүргэж ирэх боллоо. Ингэхдээ таксины мөнгийг нь биднээс нэхэх тохиолдол ч байна. Ийм л хүндрэлтэй учраад байна даа.


-Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Б:

-Ухаанаа алдтал архи ууж мансуурсан хүмүүс өдөртөө 6-7-гоор тогтохгүй ирж байна. Ухаан мэдрэлгүй болчихсон тэдгээр хүмүүсийн дунд дороо нойтогнон бие засч, хамаг хувцсаа норгосон, хальтирч унаад нүүрээ халцалчихсан нь ч байх.

Ухаан ормогцоо хамаг хариуцлагыг бидэнд үүрүүлэх гэж үзэх нь бий. Согтуучуудын дунд эмэгтэйчүүд заавал байна. 5-6 хүн ирлээ гэхэд нэг эмэгтэй бол байж л байдаг. Манай эмнэлэг тусгай өрөө гаргаж, тэднийг хүлээн авч байгаа. Архи уусан, мэдрэлгүй болтлоо согтсон хүмүүс ямар байдаг билээ, тийм хүмүүс өвчтөнгүүд дунд 5-6-гаараа байна гэдэг оновчтой биш. Нэгэнт гарсан шийдвэр болохоор бид дагахаас аргагүй ч эргэж харууштай санагддаг. Бидний төлөө бус өвчтөнүүдийн сайн сайхны төлөө эргэн харах зүйл бол энэ асуудал мөн гэлээ.

“Өвчтэй хүүхдээ үзүүлэх, эмнүүлэх гэж эмнэлэгт иртэл нэг согтуу өвгөн дуулж, уйлж үзээд л, орилж бархираад үнэхээр хүндрэлтэй байсан. Дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ямар их байгаа билээ. Гэтэл аагаа багтааж ядан архи ууж мансуурсан хүмүүсийг өвчтэй хүүхэдтэй маань адилтган үзэж нэг дор хэвтүүлж байгаа нь зохисгүй санагдсан” гэж гурван сартай хүүгээ тэвэрсэн нэгэн эх бидний ярианд хүч нэмсэн юм.

Үнэхээр л гэр оронд архи уусан хүн байхаар ямар тавгүй байдаг билээ. Гэтэл эмнэлэгт ганц нэгээрээ бус 5-7-гоороо согтуучууд цугладаг болжээ.


ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

-Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэж, иргэдийн амгалан тайван байдлын төлөө явах ёстой газар. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэчихээд ямар нэг зөрчил гаргасан, согтуугаар жолоо барьсан, эрэн сурвалжлагдаж байсан зэрэг нөхдүүдийг барьж, 72 цаг саатуулж хэргийг нь шийдвэрлэх ёстой гэсэн үг. Түүнээс биш цагдаа нар согтуу иргэдийг эрүүлжүүлж, торгодог систем одоо байхгүй болсон. Эрүүл мэндийн сайдын тушаалаар согтуу иргэдэд зориулсан тусгай өрөө, ор бэлдэхийг үүрэгдсэн. Тиймээс өрөө тасалгаагүй байна гэвэл тухайн эрүүл мэндийн байгууллагууд хуулиа мөрдөхгүй байгаагийн л тод илрэл хэмээн өгүүлжээ.


Үнэндээ эмнэлэг бол "эрүүлжих" байж яагаад ч таарамгүй. Зөрчил гаргаагүй боловч согтуу хүн биеэ хэрхэн авч явдаг билээ. Дээр эмч нар дороо нойтогнон бие зассан байдаг гэж эерүүлэн хэлсэн ч шээх бүү хэл өтгөнтэйгээ холилдсон нь нэг биш гэсэн шүү.

Тэгээд ч эмч нараас айдаг согтуу байх уу. Захын согтуу цагдаагийн мөрдэс харж байж номхордог үнэн түүх өчнөөн бий. Цагдаагийн ажилтны тайлбарласнаар эрүүлжүүлэхэд мэргэжлийн эмч байдаггүй юм байна. Хуучин цагт дүүрэг бүрийн эрүүлжүүлэх байранд ажиллаж байсан эмч нар хаачсан бэ. Тэд согтуу хүмүүстэй ажиллаад сурчихсан, ядаж л офицер хувцас өмсчихдөг болохоор сохор ухаант согтуучууд тэднээс айхгүй ч аягүйцдэг. Гэтэл цагаан халад өмссөн хүүхэн голдуу ажилладаг эмнэлгийг тэд тоох ч үгүй агсамнаж чадна. Ийм тохиолдолд цагдаа дуудах эрх эмч нарт бий. Гэхдээ цагдааг очиж согтууг авах гэсээр байтал хэдий хэр хугацаа алдаж, эмнэлгийн тусламж хэдий хэр хугацаанд цалгардахыг тооцсон хүн алга шиг ээ.

“Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар архидан согтуурсан дуудлагаар  54 мянга 630 хүнийг цагдаагийн байгууллага саатуулсан байдаг ажээ.  Үүнээс  1.6 хувь буюу 554 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Үлдсэнийг нь цагдаагийн байгууллага саатуулсан байгаа.
Тэгэхээр учиргүй их хүн эмнэлэгт хүлээлгэж өгөхгүй байгаа гэсэн үг. Барагцаалбал, сард дунджаар 5000 хүн саатуулахад ердөө л  50 хүнийг эмнэлэгт хүлээлгэж өгөөд байгаа” хэмээн цагдаагийн ахмад тайлбарлажээ.  

Мэдээж, цагдаагийн өнцгөөс харсан тайлбар. Эрүүлжүүлэхийн ачаалал бага байх тусмаа цагдаад сайн.

Нөгөө талаас архи бол тансаг хэрэглээ. Архийг талхны мөнгөөр авчихгүй. Жаргасан, зовсон алин боловч хүн өөрийн сонголтоор ууж байгаа. Түүнээс хэн нэгэн хүчээр аманд нь цутгаагүй. Согтууран эмнэлэг, цагаадгийн аль алинд нь хүргэгдэж буй хүмүүс анх удаа уусан, тасарсан хүмүүс яавч биш гэж мөрийцсөн ч алдахгүй. Ажил алба, ар гэрийнхэндээ хүндтэй нэгнийг гэрт нь хүргээд өгчих хэмжээний нинжин сэтгэл монгол хүн бүрт бий. Тийм байтал удаа дараа архинд согтуурагчдын эрхийг өвчинд шаналсан хүмүүсийн эрхтэй эн тэнцүүлэн авч үзэж байгааг эргэн хараасай. Мэдээж олон дотор андуу эндүү зөндөө бий. Тийм хүмүүст зориулсан тусгай өрөөг эмнэлэгт биш эрүүлжүүлэх байранд нээх ёстой юм биш үү.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж