Хонь, хурга нийлэх цагаар

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Хонь, хурга нийлэх цагаар

Хонь, хурга нийлэх цагаар

Эдийн засгийн хямралаас гаргах даалгавар авсан Ч.Сайханбилэгийн танхим байгуулагдаад сар орчим болж байна. Парламентад суудалтай бүх нам анх удаа нэгдэж байгуулсан Шийдлийн Засгийн газрын яамдууд одоо ч төвхнөж чадаагүй, нүүдэл суудал, халаа сэлгээ үргэжилж, учраа мэдэхгүй бужигнасан хүмүүсээр дүүрчээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг “Засгийн газар төсвийн хатуу бодлого явуулахаар болсон ч эдийн засагчдын саналыг үндэслэн ажлын байрыг цөөлөхөөс илүү ажлын байраа хадгалан, харин цалин хөлсийг нэг жилдээ нэмэхгүй байхаар шийдсэн” гэдгээ дуулгаж, үүнд олон нийт тэвчээртэй хандаж, хямралыг хамтдаа туулахыг уриалж байгаа.

Гэсэн хэдий ч засаг солигдох бүхэнд явагддаг халаа сэлгээ төрийн яамд, агентлагуудын дунд жам мэт өрнөж байна. Тойрохоо зуруулсан, ажлаа булаалгасан, цомхотголд өртсөн хүмүүсийн амыг төсвийн хэмнэлт гэдэг сайхан үгээр хаах болсон сайдууд томилогдохынхоо өмнө юу ярьж, яаж амалж байснаа мартав бололтой. Тэд тамгаа авангуутаа Засгийн газраас барьж буй төсвийн хэмнэлтийн хүрээнд гэдэг шалтгаанаар ажилтнуудаа халж эхэлсэн нь эдийн засгийн хямрал дээр тос нэмсэн үйлдэл болж буйг МҮЭХ-ноос анхааруулж байгаа юм.

Хууль зүйн яам газрын дарга нараасаа ганцыг нь үлдээгээд бусдыг нь явуулж байгаа мэдээлэл хэвлэлүүдээр цацагдахтай зэрэгцээд Уул уурхайн яам найман хүнийг цомхотголд оруулахаа ил тод зарласан бол Гадаад харилцааны яам ч зүгээр өнгөрсөнгүй. Тус яам 40 хүний тойрохыг нэг дор зурсан нь чухамдаа “хэмнэлт, таналт” нэрийн дор сайдууд өөрсдийнхөө хүнийг шахаж эхлэв үү гэсэн хардлага төрүүлэх боллоо. Ялангуяа Гадаад харилцааны яам дээр нэг өдрийн дотор 40 хүнийг хоморголон халах нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яаманд дурын хүн ажилладаггүй, энэ яамд димломат албан шалгалт өгч байж ордгийг мэдэхгүй хүн олон байж магадгүй юм. Монгол Улсын харилцаа холбоо тэлж, дэлхийн 200 гаруй оронтой харилцаж буйн хувьд Гадаад харилцааны яам боловсон хүч сайтай, мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах ёстой. Гадаад харилцаа, худалдаагаа тэлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Гэтэл мэргэшсэн, мэргэжлийн хүмүүсээ жижигхэн шалтаг гарган халж байгааг Засгийн газрын бодлогыг дэмжсэн үйлдэл гэхээсээ "өшөө авалт" мэт харагдаж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй.

Шийдлийн Засгийн газар яам агентлагийн бүтцийг 15 хувиар буруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр энэ оны төсөвт яамны цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3.2 тэрбумыг хэмнэнэ гэж тооцжээ. Энэ хогны ногоон уутны жилийн төсвийн 50 хувьтай тэнцэж буй билээ. Өөрөөр хэлбэл, айл болгонд үнэгүй тараадаг ногоон уут тараах ажлаа ядаж эдийн засгийн хямралын жилүүдэд больчихвол олон хүн ажил, амьдралтайгаа үлдэх боломжтой болж байгаа юм.

Хэн нэгнийг ажлаас нь халж, төсвөө хэмнэх нь эдийн засгийн хямралтай тэмцэх сайн шийдэл биш гэдгийг эдийн засагчид ч анхааруулж буй. Гэтэл чоно борооноор гэгчээр хямралаар далимдуулан халаа, сэлгээ хийх нь эдийн засгийн хямралтай тэмцэх зөв арга биш юм. Яагаад гэвэл ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал өсдөг эдийн засгийн бичигдээгүй хууль бий. Энэ бол бодит амьдрал дээр аль хэдийнээ батлагдсан үзэгдэл юм.

Нөгөө талаар, яамдууд үнэхээр төсвийг хэмнэхийн тулд цомхотгол явуулж байна гэвэл үгүй. Үүний цаана нөгөө л нам эсвэл, фракцийн “зодоон” сэмхэн өрнөж байгааг шүүмжлэх хүмүүс ч байна. Хэдийгээр хуулийн дагуу төрийн албыг намын харъяаллаас чөлөөсөн хэдий ч засаг өөрчлөгдөх бүрт яамдууд сайд дарга нарын шахааны хүмүүсээр дүүрэх нь хэвийн үзэгдэл болсон. Шахааны тэдгээр хүмүүс нь төрийн ажлаа ч мэдэхгүй, танилцаж, дөр суутлаа багагүй хугацаа зарцуулдаг нь худлаа биш. Ямар сайндаа л дөнгөж оюутны ширээнээс салсан залуу сайдын зөвлөх гээд тууж явсан тохиолдол бий.

Тэгээд ч төсвийн хүрээнд тодорхой тооны хүмүүсийг цомхотгохоор болсон болохоос хэн нэгэн сайд, дарга нар үзэмжээрээ асуудалд хандан бусдыг хоморголон хал гэсэн шийдвэрийг хаана ч гаргаагүй.

Эдийн засгийн хямралыг давах нэрээр ажилтнаа хоморголон халахгүй байхыг МҮЭХ-ноос уриалж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага ч дэлхийн ажил олгогчид, улс орнуудын Засгийн газарт хандан санхүүгийн хямралыг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээмжээ өсгөх хэлбэрээр давахыг зөвлөх болсон билээ.

Харамсалтай нь хонь, хурга нийлсэн мэт дээр дооргүй бужигнаж байгаа Монголын төрд цомхотгол хаа сайгүй өрнөж байна. Сайд, дарга нарын үзэмжээр цомхотголд орсон төрийн албан хаагчдад өгөх ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө хаана байна. Бэлгэдлийн чанартай дэд сайд, цаг бүртгэж, мөнгө тоолохоос өөрийг мэддэггүй Төрийн нарийн бичгийн дарга нараас илүү жирийн албан хаагчдын нуруун дээр яамдын ажил явагддаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж