Македон улсын нэрийг өөрчлөх бүх нийтийн санал асуулга болж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Македон улсын нэрийг өөрчлөх бүх нийтийн санал асуулга болж байна

Македон улсын нэрийг өөрчлөх бүх нийтийн санал асуулга болж байна

Македонийн ард түмэн өнөөдөр /2018.09.30/ эх орныхоо нэрийг Хойд Македон болгон өөрчлөх болон Европын холбоо, Хойд Атлантын эвсэлд элсэх тухай бүх нийтийн санал асуулгад оролцож байна. Энэхүү санал асуулгыг тус улс долдугаар сард Гректэй  "Преспаны хэлэлцээ"-нд гарын үсэг зурсны дараагаар Ерөнхий сайд Зоран Заев санаачилжээ.

Хэрвээ Скопье улс эх орныхоо нэрийг өөрчилбөл Грекийн Засгийн газар тус улсыг НАТО болон Европын холбоонд элсэхэд нь тавьсан хоригоо цуцлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Энэ үйл явдал олон улсын тоглогчдын анхаарлыг ихэд татаж байна. Учир нь, есдүгээр сарын 16-17-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Скопьед айлчлал хийсэн бөгөөд тэрбээр бүх нийтийн санал асуулга нь тус улсын цаашдын ахиц дэвшилд түүхэн ач холбогдолтой хэмээсэн мэдэгдэл хийсэн билээ. Харин сөрөг хүчнийхэн бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэн, бойкотлохоор иргэдийг уриалж байна.

Сануулахад, 1991 онд Югославын бүрэлдэхүүнийг Македон орхин гарахаар болсноо мэдэгдсэний дараа Афинчууд шинэ улсыг өөрийн үндсэн хуулийн нэрээр нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Македон хэмээн түүхэн газар нутаг нь Югославын хуучин нутаг, Грекийн хойд хэсгийн нутаг дэвсгэрийг хамран оршдог.

Афинчууд Скопьегийн зүгээс ирэх нутаг дэвсгэрийн маргаанаас үргэлж болгоомжилж ирсэн. Үүнээс гадна грекүүд түүхэн нэр хүндтэй нь холбоотой шалтгаан байдаг аж. Тэд Югославаас тусгаарлагдсан Македоны хүн ам эртний түүхт улс болон түүний нэршилтэй ямар нэгэн холбоогүй гэж үзэж байгаа юм байна.  Харин Скопье зүгээс эсрэгээрээ Македоны төрт улс Александр Македоны үеэс эхлэлтэй. Энэ түүхийг грекүүдэд өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Грекүүд Македоныг өөрийн үндсэн хуулийн нэрийг ашиглахад нь саад тавьсаар ирсэн. Үүний үр дүнд, НҮБ-ын зүгээс Бүгд найрамдах Македон улс хэмээх нэрээр нэрлэж ирсэн бөгөөд Европын холбоо НАТО-д элсэх эрхийг нь арван жилээр хязгаарласан билээ.

Харин Заев Македоны Засгийн эрхэнд гарснаар Афинтай хэлэлцээний ширээний ард сууж, эх орныхоо нэрийг өөрчлөх, Европын холбоо, НАТО-д элсэх асуудлыг ийнхүү дахин гаргаж ирсэн ажээ.

А.АНИР

Эх сурвалж: RT

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж