Ёкозүна Тайхо гэж хэн байв?

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Ёкозүна Тайхо гэж хэн байв?

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал түүхэн дээд амжилтын үүдэнд ирчихээд байгаа билээ. 48 дахь ёкозүна Тайхогийн 43 жилийн өмнө тогтоосон 32 түрүүлсэн дээд амжилттай Хакухо эн зэрэгцсэн. Элдэв хар цагаан хэл ам холуур тойрвол Хакухо энэ дээд амжилтыг эвдэх нь гарцаагүй.

Тэгвэл та бүхэнд Хакүхо амжилттай нь эн зэрэгцчихээд буй ёкозүна Тайхогийн тухай цухас өгүүлье.

taiho09

Тайхо украин аав, япон ээжтэй. Тайхогийн эцэг Маркиян Борышко Украины Харьковын уугуул ч гэсэн амьдралын эрхээр Сахалин арал руу эцэг эхийнхээ хамт нүүн очжээ. Сахалинд Борышко Киэ Ная хэмээх өөрөөсөө 18 насаар дүү япон бүсгүйтэй гэр бүл болж, улмаар 1940 оны тавдугаар сарын 29-нд Тайхо мэндэлсэн байна. 1945 онд буюу Дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдснаар Сахалин арал ЗХУ-ын мэдэлд бүрэн шилжсэн юм. Энэ үед Тайхогийн эцэг Маркиян Борышко баривчлагдан цөлөгдөж, харин Тайхог ээж нь хоёр ах, нэг эгчийнх нь хамт авч Японы Хоккайдо арал дээр нүүн очиж, тэндээ амьдрах болжээ. Тайхо эцэгтэйгээ энэ цагаас хойш дахин уулзаагүй юм.

1956 онд мэргэжлийн сумогийн Нишёносэки дэвжээнд унаган Ная нэртэйгээрээ барилдаж эхэлжээ. Харин 1959 онд жюүрёо зиндаанд дэвшснийхээ дараагаар сумогийн нэрээ Тайхо болгон өөрчилсөн байна. Тайхо гэдэг нь агуу галт шувуу гэсэн утгатай юм.

1960 онд сумогийн дээд зиндаанд дэвшиж, тэр жилээ Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртсэн байна. Тайхо ид үедээ 187 сантиметр өндөр, 153 кг жинтэй байжээ.

1961 онд Тайхо ёкозүна цол хүртсэн юм. Тайхо нь мэргэжлийн сумогийн башёд 32 түрүүлсэн дээд амжилтыг эзэмшдэгээс гадна сумогийн дээд зиндаанд 12 жил барилдахдаа жилд дор хаяж нэг удаа түрүүлж байснаараа мөн сумогийн түүхэнд бичигдсэн алдарт бөх юм.

SUMO-JPN-TAIHO-FILES

 

Тайхо 1968 оны сүүлчээс 1969 оны хавар хүртэл нийтдээ 45 барилдаанд ялагдаагүй. Энэ нь Футабаямагийн 69, Хакухогийн 63, Чиёнофүжигийн 53 дараалан давсан амжилтын дараагаар бичигдэж байна. Гэхдээ Тайхогийн дараалсан ялалт 45 дээр зогссон нь шүүгчийн алдаатай шийдвэр байсан гэж үздэг аж. Тайхогийн давааг ийнхүү буруу шүүж унасанд тооцсноос хойш мэргэжлийн сумод видео бичлэгийг шүүлтэд ашиглахыг анхлан зөвшөөрч байжээ.

Тайхо 1971 оны тавдугаар сард зодог тайлсан юм. Өмнөх сарын башёд нь 12 давж, 3 унаж, харин тавдугаар сарын башёд 3 давж, 1 унасан муугүй амжилттай байсан хэрнээ гэнэт барилдахаа болихоор шийджээ. Тайхогийн зодог тайлах болсон шалтгаан нь ирээдүйтэй гэгдэж байсан Таканохана Кэнсид 1971 онд хоёр дараалж унаснаас болсон гэдэг. Тайхог хамгийн сүүлд давсан бөх бол озэки Таканохана Кэнси буюу ёкозүна Таканохана, Ваканоханагийн төрсөн эцэг юм.

Тайхо зодог тайлмагцаа оякатагийн эрх авч, 1971 оны арванхоёрдугаар сард Тайхо дэвжээг нээсэн байна. 32 жилийн турш Тайхо дэвжээгээ ахлахдаа нийт 154 сумочийг бэлтгэснээс 14 нь сэкитори болж, 5 шавь нь макүүчи зиндаанд дэвшснээс хоёр нь саньякү цолд хүрчээ. Тайхогийн шавь нар ёкозүнаг ялахаар олгодог кинбоши шагналыг 10 удаа, жино-шё, шукун-шё, канто-шё шагналыг нийтдээ 5 удаа хүртсэн байдаг.

2005 онд 65 нас хүрээд сумогийн холбооны дүрмийн дагуу ажлаа өгчээ. 2005-2008 онд Токиогийн сумогийн ордон Кокугиканы музейн хүндэт захирлын албатай байжээ.

taiho08

Тайхо 1966 онд Японы үндэсний уламжлалт зочид буудлын эзний охинтой гэр бүл болжээ. 1977 онд цус харваж, биеийн зарим хэсэг нь мэдээгүй болсон ч эрчимт эмчилгээний дүнд аажмаар бага зэрэг эдгэж чадсан байна.

Тайхо ахимаг насандаа эцгийнхээ сургийг гаргахыг хичээж, 2002 онд эцгийнхээ төрсөн нутагт очихдоо Харьковт өөрийнх нь нэрэмжит сумогийн сонирхогчдын тэмцээн зохион явуулахыг зөвшөөрч байжээ.

2011 онд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Японд айлчлахдаа Тайход улсынхаа дээд шагнал “Гавьяаны одон III”-ийг гардуулсан байна.

Тайхо 2013 оны нэгдүгээр сарын 19-нд өвчний учраас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

第4回大相撲名古屋場所 昭和36年

Тайхогийн Макүүчи зиндаа дахь амжилтын товчоон:

1960 он

Хацу башё. Маэгашира 13.  12-3 /канто-шё/

Хару башё. Маэгашира 4. 7-8

Нацу башё.Маэгашира 6. 11-4 /канто-шё+кимбоши/

Нагоя башё. Комүсүби. 11-4

Аки башё. Сэкиваке. 12-3 /жино-шё/

Кюүшюү башё. Сэкиваке. 13-2 /Түрүүлсэн/

1961 он.

Хацу башё. Озэки.  10-5

Хару башё. Озэки.  12-3

Нацу башё. Озеки. 11-4

Нагоя башё. Озэки. 13-2 /Түрүүлсэн/

Аки башё. Озэки. 12-3 /Нэмэлт барилдаан хийж, түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 13-2 /Түрүүлсэн/

1962 он.

Хацу башё. Ёкозүна.  12-3 /Түрүүлсэн/

Хару башё. Ёкозүна.  13-2 /Нэмэлт барилдаанд унасан/

Нацу башё. Ёкозүна. 11-4

Нагоя башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Аки башё. Ёкозүна. 13-2 /Нэмэлт барилдаан хийж, түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 13-2 /Түрүүлсэн/

1963 он.

Хацу башё. Ёкозүна.  14-1 /Түрүүлсэн/

Хару башё. Ёкозүна.  14-1 /Түрүүлсэн/

Нацу башё. Ёкозүна. 15-0 /Түрүүлсэн/

Нагоя башё. Ёкозүна. 12-3

Аки башё. Ёкозүна. 14-1

Кюүшюү башё. Ёкозүна. 12-3

1964 он.

Хацу башё. Ёкозүна.  15-0 /Түрүүлсэн/

Хару башё. Ёкозүна.  15-0 /Түрүүлсэн/

Нацу башё. Ёкозүна. 10-5

Нагоя башё. Ёкозүна. 1-4-10

Аки башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

1965 он.

Хацу башё. Ёкозүна.  11-4  

Хару башё. Ёкозүна.  14-1 /Түрүүлсэн/

Нацу башё. Ёкозүна. 9-6

Нагоя башё. Ёкозүна. 13-2 /Түрүүлсэн/

Аки башё. Ёкозүна. 11-4

Кюүшюү башё. Ёкозүна.  13-2 /Түрүүлсэн/

1966 он.

Хацу башё. Ёкозүна.  0-0-15 /Гэмтлийн улмаас барилдаагүй/

Хару башё. Ёкозүна.  13-2 /Түрүүлсэн/

Нацу башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Нагоя башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Аки башё. Ёкозүна. 13-2 /Нэмэлт барилдаан хийж, түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 15-0 /Түрүүлсэн/

1967 он.

Хацу башё. Ёкозүна.  15-0 /Түрүүлсэн/

Хару башё. Ёкозүна.  13-2

Нацу башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Нагоя башё. Ёкозүна. 2-1-12

Аки башё. Ёкозүна. 15-0 /Түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 11-2-2

1968 он.

Хацу башё. Ёкозүна.  1-3-11

Хару башё. Ёкозүна.  0-0-15 /Гэмтлийн улмаас барилдаагүй/

Нацу башё. Ёкозүна. 0-0-15 /Гэмтлийн улмаас барилдаагүй/

Нагоя башё. Ёкозүна. 0-0-15 /Гэмтлийн улмаас барилдаагүй/

Аки башё. Ёкозүна. 14-1 /Түрүүлсэн/

Кюүшюү башё. Ёкозүна. 15-0 /Түрүүлсэн/

1969 он.

Хацу башё. Ёкозүна.  15-0 /Түрүүлсэн/  

Хару башё. Ёкозүна.  3-2-10

Нацу башё. Ёкозүна. 13-2 /Түрүүлсэн/

Нагоя башё. Ёкозүна. 11-4

Аки башё. Ёкозүна. 11-4

Кюүшюү башё. Ёкозүна. 6-4-5

1970 он.

Хацу башё. Ёкозүна.  0-0-15 /Гэмтлийн улмаас барилдаагүй/  

Хару башё. Ёкозүна.  14-1 /Түрүүлсэн/

Нацу башё. Ёкозүна. 12-3

Нагоя башё. Ёкозүна. 2-2-11

Аки башё. Ёкозүна. 12-3

Кюүшюү башё. Ёкозүна. 14-1 /Нэмэлт барилдаанд ялагдсан/

1971 он.

Хацу башё. Ёкозүна.  14-1 /Түрүүлсэн/  

Хару башё. Ёкозүна.  12-3

Нацу башё. Ёкозүна. 3-3-9 /Зодог тайлсан/

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж