Хахууль илрүүлж, баривчилгаа хийсэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Хахууль илрүүлж, баривчилгаа хийсэн долоо хоног

Хахууль илрүүлж, баривчилгаа хийсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд онцлох үйл явдлууд олон тохиолоо. Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан 1.3 сая ам.долларын хахууль илрүүлсний зэрэгцээ баривчилгаа хийв.

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжанд гэнэтийн айлчлал хийсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлэв.

Хахуулийн мөнгө хэнд очих байсан бэ?

АТГ-ынхан нэгэн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар бэлнээр хураан авчээ. Хэвлэлүүдийн эх сурвалжаасаа дамжуулан авсан мэдээллээр тухайн иргэн ашигт малтмалын олборлолттой холбоотой асуудлаа шийдэх зорилгоор 1.3 сая ам.долларыг гэртээ бэлнээр хадгалж байгаад хураалгажээ. Хятад иргэдээс хахууль болгон өгөх гэж байсан валютыг мэдээлэлд үндэслэн илрүүлсэн аж.

Анх дээрх валютыг хууль хяналтын байгууллагынхантай холбоотой байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдсан. Харин үүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог няцааж,  "Цагдаагийн дарга нар болон шүүхийн шинжээчдийг баривчилсан. Гэхдээ энэ их хэмжээний бэлэн мөнгө нь энэ хэрэгтэй хамааралгүй" гэсэн тайлбар хийсэн юм.

Ч.Ганзоригийг баривчилсан ч суллав

АТГ-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн даваа гаригт баривчилсан ч буцаан суллаад байна.

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт Ч.Ганзоригийг холбогдуулан шалгаж байгаа юм. Учир нь дээрх хэрэг нь Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байх үетэй холбогддог.

Гэхдээ хуульд зааснаар сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүүтэй хорьж болохгүй тул Ч.Ганзоригийг сулласан. Нийслэлийн прокурорын газраас түүнийг хорих хүсэлтийг гаргаж, энэ хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх товтой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэсэн үндэслэлээр хуралдаан хойшилж, даваа гариг буюу маргааш болохоор товлогдсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжанд айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 24-26-нд Азербайжан улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нарын хамтаар жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн багийн тэмцээний үдээс өмнөх барилдаануудыг үзэж сонирхсон юм.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцжээ.

Азербайжанд хийсэн айлчлалаар тэрбээр тус улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж, Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцсан байдаг.

1999 онд байгуулагдсан Азербайжаны улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.

Сан нь байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг.  Энэ сангийн хөрөнгө 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 37.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

Энэ үеэрээ Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь үргэлж баримталж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлэв.

Засгийн газрын тэргүүн энэ тухай “Тэртээ 1978 оноос жил бүрийн 10 дугаар сарын 24-30-нд дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн “Зэвсэг хураах долоо хоног”, 1984 онд баталсан “Улс түмний энх тайван орших эрхийн тухай тунхаглал” тогтоолуудыг санаачилж, 1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ” гэсэн юм.

Мөн Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн асуудал нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн.

Энэ жил болж өнгөрсөн хоёр Солонгосын болон бусад дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээний үйл явцыг Монгол Улс туйлын анхааралтай ажиглан сайшааж, Зүүн Хойд Азид итгэлцэл, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд нааштай өөрчлөлтүүд гарна хэмээн итгэж байна. Бид үйл явцыг зөвхөн ажиглаад зогсохгүй үүнд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. 2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж