Улирлын өмнө: Нью-Жерси Девилс баг

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Нью-Жерси Девилс баг

Улирлын өмнө: Нью-Жерси Девилс баг

Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн багуудаас ялгуусан амжилттай явсан ч уналтанд ороод байгаа баг бол Нью-Жерси Девилс юм. Нью-Жерси Девилс хоёр мянганыг дамжин маш хүчирхэг байсан бөгөөд энэ хугацаанд таван удаа стэнлийн цомын шигшээд шалгарч гурван удаа цомыг өргөсөн. Хамгийн сүүлд 2011-2012 оны улиралд стэнлийн цомын шигшээд Лос-Анжелес Кингс багтай шалгаран хожигдож байсан. Гэвч түүнээс хойш чөлөөт уналт хийж таван улирал плэй-оффт шалгарч чадаагүй. Харин өнгөрсөн улирал Ж.Хайнс багийг удирдсан гурав дахь улиралдаа багаа плэй-оффт эргүүлэн авчирсан. Багийн эздийн итгэлийг нөр их хөдөлмөрийн үр дүнгээр Ж.Хайнс хариулаад байна. Өнгөрсөн улирлын сүүлийн хагаст үзүүлсэн тоглолтууд нь Нью-Жерси Девилс клубыг плэй-оффт орох гол нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд бүсдээ арынхаа багаас ердөө нэг онооны илүүгээр плэй-оффт шалгарсан.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: Жигүүрийн тоглогч М.Грабнер Аризона Койотис руу, хамгаалагч Ж.Мур Бостон Брюинс руу, жигүүрийн тоглогч Б.Гиббонс Анахайм Дакс руу, жигүүрийн тоглогч П.Мэйрон Сент-Луис Блюс руу
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: Хамгаалагч Э.Груба Эдмонтон Ойлерсоос, жигүүрийн тоглогч К.Габриел Миннесота Уайлдаас

Нэгдсэн Улсын зүүн эргийн Нью-Йорк хотын Нью-Жерси Девилс баг зуны солилцоонд төдийлөн идэвхтэй оролцоогүй. Харин хэд хэдэн тамирчдын гэрээг чөлөөлж явуулсан бол зөрүүлээд мөн тооны цөөн тамирчдыг чөлөөт агентаас авчирсан. Гэхдээ багт шинээр ирсэн тоглогчид бол шууд багийн амжилтанд нөлөөлөх тоглогчид биш. Ерөнхийдөө баг өөрийн дотоод нөөц боломждоо илүү тулгуурлаж байна. Тэр дундаа өнгөрсөн оны драфтын тэргүүн сонголт Н.Хишер, хоёр жилийн өмнө Эдмонтон Ойлерсоос ирж байсан 2010 оны драфтын номер нэг Т.Халл нарын залуус багийн өнөөгийн нүүр царай болоод байгаа. 2017 оны драфтын тэргүүн сонголт Швейцар төвийн тоглогч Н.Хишер рүүки улиралдаа 20 гоол, 32 гоолын дамжуулалт өгсөн нь рүүки тоглогчийн хувьд том үзүүлэлт юм. Мөн Т.Халл энэ цаг үеийн талбай дээрх авъяаслаг тоглогч болоод байна. Үүнийгээ ч тэр батлан харуулж өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч сүүлийн гурван улирал, нийтдээ 4 удаа бүх-оддын багт дуудагдсан. Т.Халлын хувьд өнгөрсөн улиралд онцгой байсан. Тэр карьерынхаа дээд оноог өнгөрсөн улиралд үзүүлсэн бөгөөд Е.Малкин, А.Копитар, С.Кросби, Н.Кучеров, К.Жиру, Ф.Кессель, Б.Уилер нарын шилдгүүдтэй авсан оноогоороо эн тэнцүү өрсөлдсөн.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

Т.Халл – Н.Хишер – К.Палмейри

В.Бутчер – С.Ватанен

II ЛАЙН:

М.Йоханссон – П.Зача – Ж.Братт

А.Грийн – д.Северсон

III ЛАЙН:

Б.Колеман – Т.Зэйжак – С.Нейсен

М.Мюеллер – Б.Лоувжой

Өнөөгийн Нью-Жерси Девилс плэй-оффын төлөө өрсөлдөхөд хамгаалалт сул тал болж магадгүй. Багийн довтолгоо бол дундаас дээд түвшний хүчтэй багийг бүрдүүлсэн. Мэдээж том багуудын хэмжээнд хүрэхгүй ч гэсэн тэдний дор шил даран амжилттай тоглох боломжтой баг. Өнгөрсөн улиралд ердөө ганц хожил тэднийг плэй-оффт оруулсан бол энэ жил бас л эргэлзээтэй. Нью-Жерси Девилс багийн плэй-оффт шалгарч чадахгүй байсан он жилүүдийн гол учир шалтгаан бол ердөө л хамгаалалт байсан. Өнгөрсөн улиралд +10 гоолтой Даллас Старс баг плэй-оффт шалгарч чадаагүй бол Дорнод бүсэд +4 гоолтойгоор Нью-Жерси Девилс баг плэй-оффт шалгарсан нь азтай ч гэмээр үйл явдал юм. Урт улирлын турш хамгаалалтандаа найдвартай байж чадвал плэй-офф байж болно, харин хамгаалалт ажлаа сайн хийж чадахгүй бол плэй-оффт шалгарах нь эргэлзээтэй. Урдаа хүчтэй мотор ажиллаж байгаа ч арын хэсэг нь тийм ч сайнгүй баг бол Нью-Жерси Девилс баг юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж