Н.Баасандорж: 29 жил ном зарахад шантрах үе зөндөө л байлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

Н.Баасандорж: 29 жил ном зарахад шантрах үе зөндөө л байлаа

Н.Баасандорж: 29 жил ном зарахад шантрах үе зөндөө л байлаа

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан танд хүргэж байна.


Л.АРИУНБОЛД: ХӨГЖЬЕ ГЭВЭЛ IPO ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Үндэсний үйлдвэрлэгч "Монгол Базальт" хаалттай ХК-ИАС нээлттэй хувьцаат компани болж олон нийтэд 30 хувиа санал болгоод нэг жил болж байна. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа.

-Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн таныг бизнес эрхэлсэн гэж дуулсан. Өнгөрсөн 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд  IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон нь дараагийн шинэ үе рүү орж байна гэж харж байна. Энэ хүрэхэд ямар замыг туулав?

-Компанийн хөгжлийн том шат бол олон нийтийн компани болох явдал юм. Энэ хүрээнд компани дотооддоо болон бүс нутгийн хэмжээнд бусдын итгэлийг дааж ажиллах, бусадтай хамтарч ажиллах, бизнесээ ил тод явуулах, засаглалын зохистой харилцааг хөгжүүлж ажиллах зэрэг томоохон суурь үзүүлэлтүүдийг  түүхийн явцдаа бий болгон хөгжүүлж ирдэг. Энэ хөгжлийнхөө томоохон шатыг  бид давж чадлаа. 21-р зуунд худалдаа арилжаа,  санхүүгийн бүтэц энэ бүхэн илүү ардчилсан чөлөөт болж байна.  Энэ хэрээр компанийн  хөгжил  улс орон дамнасан бүс нутгийн болж өргөжин тэлж байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ч өөрчлөгдөж байна. Ялангуяа манай уул уурхайн салбар гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Үүнийг дагаад уул уурхайд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрүүдийн хөгжлийн ирээдүй энэ бүхэн рүү чиглэгдэж байгаа. Манай улсын болоод дотоодын компаниудын хөгжил мөн ард иргэдийн санхүүгийн боловсрол, хуримтлал зэрэг олон хүчин зүйлээс компанийн хөгжил шалтгаалдаг. Үүний томоохон хэлбэр болох  монголын банк санхүүгийн  салбарын зах зээлээс хөрөнгийн зах зээл рүү шилжих шилжилтэд өнгөрсөн хоёр жил маш том хувьсгал хийж чадлаа. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж үүнд маш амжилттай ажиллалаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үндэсний үйлдвэрүүд технологид суурилагдсан компаниуд мөн даатгал, санхүүгийн чиглэлийн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа нь маш олон тулгуурт бодлогыг хөгжүүлэх том суурь нь болж байна. Манай компанийн хувьд ч гэсэн зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус төв Азидаа экспортлогч улс болох  өөрийн технологийн шинэчлэлийг өндөр хэмжээнд хийж, өрсөлдөх чадвараа урт хугацаандаа хадгалах, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг дааж ажиллах, компанийн засаглал, ил тод байдлыг өндөр хэмжээнд хангаж ажиллахыг зорьж байна. Энэ бүхэнтэй уялдуулан бүтээгдэхүүнийхээ нэр төрийг нэг салбараас бус олон салбарт тулгуурлах өөрсдийнхөө эрсдэл, хөгжлийн концепцуудыг 20 жилээр харж хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг зөвхөн арилжаагаар биш урт хугацаанд өгөөжөө өгч чадах эдийн засгийн бүтэцтэй, ашиг орлоготой, бүс нутгийн хэмжээний технологийн компани болоход томоохон сорилтуудыг давж ирсний нэг алхам нь IPO гаргасан явдал гэж харж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"Ам.долларын өсөлт бол түр зуурын савлагаа"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Хаврын чуулганы завсарлагаанаар та юу амжуулав, удахгүй намрын чуулган ч эхлэх нь?

-Хаврын чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллах, намрын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал хуулиуд дээр ажиллалаа. Хаврын чуулганаар баталсан гол гол хуулийн төслүүдийг иргэдэд, сонгогчиддоо танилцуулах зэрэг ажлууд амжууллаа.

-Төв банканд хадгаламжийн нөөц хангалттай байгаа ч долларын ханш хэдийнэ 2500 гарчихлаа. Яагаад доллар өсөх болов, шалтгаан нь юу байж болох вэ?

-Дэлхийн бүх улсын мөнгөн тэмдэгтийн эсрэг ам.долларын ханш чангарч байгаа үйл явцыг бид харж байгаа. Тиймээс тодорхой хугацааны дараа ам.долларын өсөлт буцаад буух байх гэсэн хүлээлттэй байна. Төгрөг юань, рублийн эсрэг сулраагүй ч ам.долларын эсрэг суларсан учраас түр зуурын савлагаа гэж эдийн засагч хүний хувьд дүгнэж байна. Тиймээс цаашид харзнах хэрэгтэй. Ер нь бол төгрөг ам.долларын эсрэг сулрах ёсгүй. Хэрэв ингээд үнэгүйдээд байвал зээлийн хүү буурах, инфляц бууруулах ойлголт байхгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"Хэн нэгэнд хөлслөгдөөд мөнгөөр явчих хүн би биш ээ"

 "Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцсаараа гоён ном зарж зогсдогийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1989 оноос хойш 29  жилийн турш тасралтгүй ном зарж байгаа юм. Түүнээс машин замаар явж байгаа жолооч цонхоор ном асууна. Өөрт байгаа бол үнийг нь хэлж, хэрэв байхгүй бол хаанаас сураглахыг нь хэлээд өгнө. Түүний хажуугаар өнгөрсөн хүн бүр номыг нь харж, зарим нь түр саатан ямар нэгэн ном асууна. Ингээд Н.Баасандорж гуайтай ярилцсанаа хүргэж байна.

-Та өдөр  бүр дээлээрээ гоёсон байдаг нь их сайхан харагдах юм. Хүмүүс таныг дээлтэй ах хэмээн андахгүй болжээ.

Тийм шүү. Надад европ хувцас бараг л байдаггүй. Би 1990 оноос хойш үндэснийхээ хувцсаар гоёж байна. Монгол дээл хятадын куртканаас илүү дулаахан байдаг шүү дээ. Монгол дээлээрээ бахархах,  үндэсний хувцсаараа гоёх үзлийг хүүхэд залууст сургах нь эх орондоо оруулж байгаа бас  нэгэн хувь нэмэр гэж би боддог. Миний эхнэр надад дээл урлаж өгдөг.  Тэр ч утгаараа ёс, уламжлалаа хадгалж үлдэхийн тулд охиндоо дээл урлахыг эхнэр маань зааж байгаа.

-Та их олон жил Төв шуудангийн дэргэд ном зарж байна. Хэзээнээс ер нь ном зарж эхэлсэн юм бэ?

Би  1989 онд талх зарж байгаад баригдаад торгуульд ороод, заруулж байсан худалдагчаа ч төлбөрт оруулж байлаа. Тэр орой нь Эрүүгийн хуулийг уншиж судалж байгаад ер нь ном заръя гэж шийдсэн. Хуульд “Эрдэнэсийн зүйлээр бүрсэн буюу нэн эртний номыг зарахыг хориглоно. Зарвал …” гэсэн хуулийн заалтууд байсан. Харин бусад  төрлийн номыг зарж болохоор байсан юм. Тэгээд л хүүхдийн сурах бичиг болон бусармаг ном зарахгүй гэж шийдэн анх 1989 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ном зарж эхэлж байлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


С.ТҮМЭНГЭРЭЛ: БАЙРНЫХ НЬ ТӨЛБӨРӨӨС ЖИЛ БҮР 8 САЯ ТӨГРӨГ ХАСАГДАНА

"Өгөөж"-ийн хэмээх  тодотголтой С.Түмэнгэрэл  байгууллагынхаа 14 залуу гэр бүлд байр өгчээ” гэдэг мэдээлэл сошиал орчинд цацагдав. Уг мэдээллийн мөрөөр “Өгөөж” компанийн захирал С.Түмэнгэрэлээс дараах тодруулгыг авлаа.

-Танай компани 14 залуу гэр бүлд байр өгсөн гэж сонслоо. Уг мэдээлэл үнэн үү?

-Тийм ээ. Зүүн дөрвөн замд байрлах “Баяр хүрээ”  хотхоны орон сууцнаас 2-3 өрөө нийт 14  байрыг 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авч ажилчдадаа өгсөн.

-Тухайн ажилчдад байрыг үнэгүй өгсөн гэж ойлгох уу. Төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Уг байрнаас 14 ажилчдадаа гэрээний нөхцөлтэйгөөр олгосон.  Тухайн ажилтан маань  тогтвортой, сайн ажиллах юм бол  жил бүр 8 сая төгрөг байрны үнийн дүнгээс хасагдаж явсаар дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл, 80 саяын орон сууцны төлбөрийг 10 жил  тогтвортой, үр дүнтэй ажилласнаар төлж барагдуулна гэсэн үг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өчигдөр (2018.09.27) боллоо. Нээлтэд Дархан аварга Ж.Мөнхбатын хүү сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, спортын алдартнууд оролцсон юм. Энэ үеэр үеэр их аварга Хакүхотой ярилцлаа.


-“Их шавь дэвжээ, спортын төвийн нээлтийн арга хэмжээний сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Өнөөдөр билэгтэй сайхан өдөр аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн дэргэд спорт, сургалтын төвийг нээлээ. Бөхийн хүндтэй аваргууд олноор ирлээ. Уулзаж амжаагүй байсан олон хүнтэй уулзлаа. Сэтгэл их өндөр байна. Энэ намрын тэмцээнд түрүүлж, 41 дэх түрүүгээ авч, 1000 давааны босгыг давлаа. Миний бие ёкозүна цолтойгоор авсан даваа 800-д хүрлээ. Монгол хүн хүрч чадах юм бол аливаа зүйлийн оргилд нь хүрч чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ дэвжээ, сургалтын төвийн нээлтэнд том бэлэгтэй ирж байгаадаа сэтгэл туйлын хангалуун байна.

-Таны аавын үүсгэн байгуулсан “Их шавь” сургуулиас спортын олон алдартан төрж байна. Та хүүхэд байхдаа энд бэлтгэл сургуулилт хийж байсан уу?

-Би энэ сургуулийг үүсгэн байгуулж байсан Нараа багштайгаа их ойр байсан. Олон сайхан ах нартай хамт энд бэлтгэл хийдэг байлаа. Аавын минь шавь энэ жил улсын начин цол хүртсэн Б.Батжаргал энэхүү үйл хэргийг сайхан авч явна. Энэ сургуулиас олон сайн шавь нар төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан хүчтэнүүд төрөн гарсаар байна. Цаашид улам сайхан өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр аавын минь үүсгэн байгуулсан сургууль дээр сайхан үйл явдал болж байна. Тиймээс аавынхаа "Баатар"-ын тэмдгийг зүүгээд ирлээ. Монголчууд “ах баатар” гэж билэгшээж хүндэтгэдэг шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"Б.Шижир-Эрдэнийн рекорд оюуны спортод шинэ түүх бичсэн"

Одоогоос найман  жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монголын оюун ухааны академи өдгөө дэлхийд  чансаагаараа манлайлах тамирчдыг бэлтгэн, бахдам амжилтыг гаргасаар ирсэн. Ингээд Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч,  Б.Баасандоржтой ярилцлаа


-Өнгөрсөн саруудад манай тамирчид оюун ухааны олон улсын тэмцээнд нэлээд амжилт үзүүллээ. Энэ амжилтуудаас дурдаад яриагаа эхлүүлье? 

-Хамгийн сүүлийн тэмцээн болох   БНСУ-ын   ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай тамирчид өнгөрсөн наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд тамирчид маань үнэмлэхүй ялалт байгуулан бүх насны ангилалд эхний шилдэгүүүд болж эхний гурван байрыг эзлэн  есөн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Мөн  энэхүү тэмцээний  хамгийн онцлох амжилт  нь оюуны спортын тамирчдын хамгийн хүсэн хүлээдэг төрөл болох хурдны хөзөр  төрөлд нэг багц буюу   52 ширхэг хөзрийг богино хугацаанд цээжлэх  төрөл байдаг. Энэ төрөлд 52 ширхэг хөзрийг Их мастер Б.Шижир-Эрдэнэ маань   12 секундэд тогтоож, дэлхийн рекордыг  шинэчилж тогтоосон. Хуучин дэлхийн рекорд нь 15 секунд байсан юм. Энэ төрлийн өмнөх  рекордыг  дэлхийн номер нэг тамирчин Алекс Мюллен 15 секундээр эзэмшиж байсан юм. Манай Б.Шижир-Эрдэнийн эвдсэн рекорд нь  оюуны спортын түүхэнд нэгэн том шинэ хуудсыг нээж өгснөөрөө оюуны спортыг  сонирхдог судалдаг, хичээллэдэг тамирчдын дунд гайхамшиг гэж нэрлэгдээд байна.

-Монголын баг тамирчид дэлхийн чансаанд хэддүгээрт жагсдаг вэ? 

Сүүлийн  гурван  жилийн хугацаанд манай баг тамирчид  оролцсон тэмцээн бүртээ амжилтаа бататгаж, тэргүүлсээр ирсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх насны ангиллын эхний гурван байрыг монголчууд эзэлж байна. 26 жилийн түүхэнд анхны эмэгтэй  дэлхийн аваргатай боллоо.  Манай тамирчин олон  улсын их мастер, Геннисийн рекорд эзэмшигч   Н.Мөнхшүр хамгийн залуудаа  дэлхийн аварга авлаа. Өнгөрсөн жилийн   ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр  бид  багаараа тэргүүлж мөн Ази тивийн хошой аварга болж дэлхийд номер нэг гэдгээ баталж харууллаа.

Үргэлжлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж