Индонезийн Сулавеси аралд өчигдөр /2018.09.28/ хүчтэй газар хөдлөлт тохиосны улмаас цунами болжээ. Одоогийн байдлаар байгалийн гамшигт 30 гаруй хүн амь үрэгдсэн болохыг аврах ажилтнууд тодруулаад байна.
Газар хөдлөлт 7.5 магнитуд байсан бөгөөд хоёр метр өндөр давалгаатай цунами үүссэн аж.
“Амь үрэгдэгсдийн цогцос энэ тэндгүй байсан. Тэд байшингийн нурангид даруулсан эсвэл цунамигийн давалгаанд шидэгдсэн. Бид одоогийн байдлаар мэдээлэл цуглуулж байна” хэмээн Индонезийн байгалийн гамшигтай тэмцэх агентлагийн төлөөлөгч Сүтопо Пүрво Нүгрохо мэдэгджээ.
Мөн газар хөдлөлт болон цунамигаас болж Сулавеси арлын Палу хотын цахилгаан станцуудад эвдрэл үүссэний улмаас арлын харилцаа холбоог хязгаарлагдаж аврах албаныхан тусламж үзүүлэхэд багагүй хүндрэлтэй тулгарч байгаа талаар дурджээ. “Гамшиг болсон газарт одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлэлт болон тусламжийн аян өрнөөгүй байна” хэмээн Палу арлын иргэн Тезар Кодонган Метро орон нутгийн телевизэд ярьжээ.
Индонезийн Сулавеси арлын Палу болон Донггалад 600 мянган гаруй хүн амьдардаг аж. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Индонези улсын Ломбок аралд 6.9 магнитудын газар хөдлөлт болж байсан бөгөөд 98 хүн амь үрэгдэж, 236 хүн бэртэж гэмтсэн.
Эх сурвалж: Reuters, AFP
Г. Мандах
Холбоотой мэдээ