Монгол, Сингапурын Гадаад харилцааны яам хоорондын Бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 28-нд болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, сингапурын талаас Гадаад харилцааны яамны Ази номхон далайн орнуудыг хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нг Тек Хеэн нар даргалав.
Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг талууд харилцан нотолж, цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Сингапурын хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуй, дэд бүтэц, санхүүгийн салбарт нэмэгдүүлэхийн зэрэгцээ тус улсын дэвшилтэт технологи, инновац, ухаалаг компанийн засаглалыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын бизнесийн орчин, зах зээл, боломж, эрхзүйн орчны талаар бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэхийн чухлыг сингапурын тал онцолж, бизнес форум зохион байгуулах санал тавив.
Сингапур Улсын Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1992 оноос хойш 1400 гаруй мэргэжилтнийг Сингапурт санхүү, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлээр сургалтанд хамруулж ирсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд Сингапур Улсын хувь нэмрийг үнэлж, талархаж байгаагаа монголын тал илэрхийлэв.
Цаашид хоёр талын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх үүднээс зам тээвэр, харилцаа холбоог сайжруулах нь чухал болохыг талууд онцлов.
Цаашид хоёр тал Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй гадаад бодлогынхоо хүрээнд санал солилцож, цаашид идэвхитэй хамтран ажиллахаар тогтов.
Эх сурвалж: ГХЯ