Улирлын өмнө: Флорида Пантерс баг

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Флорида Пантерс баг

Улирлын өмнө: Флорида Пантерс баг

Хойд Америкийн ҮХЛ-н даруухан амжилттай баг бол нарлаг Флоридагийн Флорида Пантерс баг юм. Баг байгуулагдаад 24 жил болохдоо ердөө 5 удаа л плэй-оффт шалгарч байсан бөгөөд 1995-1996 оны улиралд стэнлийн цомын шигшээд шалгарч байсан нь багийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт болон тэмдэглэгдсэн байдаг. Өнгөрсөн улиралд багийнхаа түүхэнд 3-т орох өндөр оноо болох 96 оноо авсан. Улирлын 82 тоглолтоос 44 ялалт байгуулж 96 оноо авсан ч плэй-оффт шалгарч чадаагүй нь тун харамсалтай. Флорида Пантерс өнгөрсөн улирлын төгсгөлийг маш сайн хийсэн. Ялангуяа 4 сард хийсэн 5 тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулсан. Гэвч Дорнод бүсэд ердөө нэг онооны зөрүүгээр плэй-оффын гадна үлдсэн.

  • Багаас явсан тоглогчид: төв К.Бриклей Нэшвилл Предаторс руу
  • Багт ирсэн тоглогчид: хаалгач М.Хютчинсон Виннипег Жетсээс, хамгаалагч Б.Киселевич ТХЛ-н ЦСКА Москвагаас, жигүүрийн тоглогч Т.Броувер Калгари Флэймзээс, жигүүрийн тоглогч М.Хоффман Оттава Сенаторсоос

Флорида Пантерс багаас Чех жигүүрийн довтлогч Р.Врбата зодог тайлсан бол К.Бирклейгийн гэрээг чөлөөлж Нэшвилл Предаторс руу явуулсан. Бусдаар багийн амжилтанд нөлөөлөхүйц тоглогч багийг орхиогүй. Зөрүүлээд солилцоо хийхээс илүүтэй чөлөөт агентын “хар зах”-аас хэд хэдэн тоглогч багтаа авчирсан. Виннипег Жетсээс хаалгач М.Хютчинсоныг авчирсан нь ирээдүйг харсан сонголт байсан болов уу? Өдгөө 28 настай Канад хаалгач ирээдүйтэй хаалгач бөгөөд сүүлийн 2 улирал 92-оос дээш хувьтай хаалгаа манаж байгаа. Мэдээж М.Хютчинсон ирээдүйд домогт хаалгач Р.Люнгог орлохоор ирж байгаа. Өдгөө 39 настай Канад хаалгач Р.Люнго 1990 оноос хойш ҮХЛ-т тоглож байгаа бөгөөд түүний эрин үе өндөрлөхөд ойрхон ирсэн. Иймд Р.Люнгогийн дараагийн хүнээр М.Хютчинсоныг авчирсан. Үүнээс гадна ТХЛ-нээс ЦСКА Москва багийн хамгаалагч Б.Киселевичийг авчирсан. Б.Киселевич анх удаагаа ҮХЛ-т хөл тавьж байгаа бөгөөд Оросын шигшээ багийнхаа хамтаар Пёнчаны олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан хамгаалагч юм. Орос залуу Б.Киселевич чухам хэр зэрэг дасан зохицох бол? Бас л сонирхолтой хүлээлт бий болж байна. Флорида Пантерс баг 2016 онд ЦСКА Москвагаас М.Мамин гэдэг довтлогчийг авч байсан бол энэ жил Б.Киселевичийг авч байна. Үүнээс гадна ТХЛ-н СКА багаас Е.Дадоновыг өнгөрсөн улиралд авсан байдаг. Ямартаа ч Флорида Пантерс баг 3 Орос тоглогчтой болж байна. Е.Дадонов өнгөрсөн улиралд шинэ багийнхаа төлөө 74 тоглолтонд оролцохдоо 28 гоол, 37 дамжуулалт өгсөн нь муугүй үзүүлэлт юм.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I лайн:

Е.Дадонов – А.Барков – Н.Бюгстад

К.Яндлье – А.Экблад

II лайн:

Ж.Юбердо – В.Трочек – М.Хоффман

М.Мэйтисон – М.Пысик

III лайн:

Ф.Ватрано – Я.МкКэнн – Д.Мальгин

М.Уигар – Я.МакКошен

Өнгөрсөн улиралд плэй-оффт шалгарах боломж байгаа гэдгээ харсан тул энэ жил дахиад плэй-оффын төлөө дайралт хийх нь гарцаагүй. Шинэхэн бас залуухан багийн ахлагч А.Барков Орос залуу Е.Дадоновтой зэгсэн хослолыг үүсгээд өрсөлдөгч багийнхныхаа хамгаалагч нарт толгойны өвчин болох боломжтой. Энэ багт бас нэгэн авъяаслаг залуу байгаа нь энэ жил ердөө 22 настай Канад хамгаалагч А.Экблад юм. Тэр ҮХЛ-т хөл тавиад ердөө 4 жил болж байгаа ч ирээдүйтэй хамгаалагч гэдгээ харуулаад байгаа. Ер нь өнөөгийн Флорида Пантерс харьцангуй залуу баг бүрдээд байна. 32 настай туршлагатай хамгаалагч К.Яндльегийн дэргэд залуу хамгаалагч А.Экблад хөгжсөөр байна. ҮХЛ-т хөл тавьсан эхний улиралдаа л Калдер Мемориал цомын эзнээр шалгарч байсан гэхэд А.Экблад ямар ирээдүйтэй тоглогч гэдгийг тодорхой харуул байгаа болов уу? Ирэх улиралд залуухан Флорида Пантерс багийг плэй-оффт харах магадлалтай. Урдаа А.Барков, Е.Дадонов хойноо А.Экблад гэсэн залуучуудаас бүрдсэн Флорида Пантерс хүчирхэг багийг бүрдүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж