Токиогийн Анагаахын их сургууль шинэ захиралтай боллоо | News.MN

Токиогийн Анагаахын их сургууль шинэ захиралтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Токиогийн Анагаахын их сургууль шинэ захиралтай боллоо

Токиогийн Анагаахын их сургууль шинэ захиралтай боллоо
Юүкико Хаяаши

Япон улсын Токио хотын Анагаахын их сургуультай холбоотой хэрэг өнгөрсөн наймдугаар сард олон нийтийг шуугиулсан билээ.

Токиогийн Анагаахын их сургууль эмэгтэй элсэгчдийн тоог цөөрүүлэхийн тулд санаатайгаар элсэлтийн шалгалтын оноог өөрчилдөг байсныг тус улсын прокурорууд ил болгож Боловсролын яамнаас хариу арга хэмжээ авсан. Уг хэрэг явдал болсноос хойш тус их сургуулийн өмнөх захирал, орлогчтойгоо хамт халагдсан бөгөөд өдгөө хүртэл албан үүргийг нь үргэлжлүүлэн хаших захиралгүй байсан юм.

Тэгвэл Токиогийн Анагаахын их сургууль шинэ захиралтай болжээ. Тус сургуулийг удирдах захирал нь уг их сургуульд өвчин эмгэг судлалын ахлах профессороор ажилладаг 56 настай Юүкико Хаяаши юм байна. Түүнийг Анагаахын их сургуулийн зөвлөлийн ихэнх гишүүд дэмжсэнээр өнгөрсөн Мягмар гаригт /2018.09.25/ томилжээ. Тэрбээр ирэх аравдугаар сарын 1-ээс үүрэгт ажилдаа орох юм.

“Надад асар их хариуцлага оноогдож байна. Би ирэх хичээлийн шинэ жилээс элсэлтийн шалгалтыг шударга, эрх тэгш байлгахаар зорьж мөн өмнө нь их сургуулийн шалгалтаас болж шударга бусаар хасагдсан элсэгчидтэй ном ёсны дагуу асуудлыг шийдвэрлэх болно” хэмээн Юүкико Хаяаши мэдэгджээ.

Тэрбээр 1986 онд Токиогийн Анагаахын их сургуулийг дүүргэж, 2013 оны наймдугаар сард ахлах профессор болсон аж.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS
Г. МАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж