Ажил олгогч ур чадвараас илүү хандлагыг чухалчлах болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Ажил олгогч ур чадвараас илүү хандлагыг чухалчлах болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй, туршлагагүй ч ажил хийхийг хүсч буй залууст зориулсан үзэсгэлэн болж байна.

Түүнийг Д.Бат-Эрдэнэ гэдэг. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан ч үйлчилгээний байгууллагад гурван жил ажиллажээ. Гэвч ачаалал их байсан тул ажлаас гарсан байна. Дараа нь төрийн бус  байгууллагад дөрвөн жил ажилласан ч дарга нь солигдохтой зэрэгцэн ажилгүй болжээ. Ингээд хоёр жил өөрт тохирох ажил хайж явсаар өнөөдрийг хүргэжээ. Түүнтэй “Хөдөлмөрч залуучууд”  хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үед таарсан юм.

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиас бага хүнийг авч байна. Миний хувьд хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь ч компьютер дээр ажиллаж чадна. Өөрт тохирсон ажил олдоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр хоёр жил ажил хайж байна” гэлээ.

Д.Бат-Эрдэнэтэй адил хөгжлийн бэрхшээлтэй, туршлагагүй ч ажил хийхийг хүсч буй залууст зориулсан үзэсгэлэн өнөөдөр /2018.9.28/ Дүнжингарав худалдааны төвд болж байна. Үзэсгэлэн яармагт 20 орчим аж ахуй нэгж 2900 орчим ажлын байр зарлажээ.

ОЛОН АЖЛЫН БАЙР БАЙХАД ИРЖ СОНИРХДОГГҮЙ

Үзэсгэлэнгийн үеэр ажил олгогч талын төлөөлөл “Арж капитал” компанийн хүний нөөцийн ажилтан Д.Оюунцэцэгээс ажил хайгчдад ямар шаардлага тавьж байгааг тодрууллаа.

Тэрбээр “Манай компани замын туслах ажилтан-50, В,С ангилалтай жолооч-10, авто засварчин-2, гал тогооны бэлтгэгч-2, үйлчлэгч нэг гэсэн ажлын байр зарласан. Орон нутагт ажилладгаараа онцлог. Ажилтныг байр, хоолоор хангаж, хувцсыг нь угааж өгдөг. Мөн ажил хайж буй иргэнд том шаардлага тавьдаггүй. Архи хэрэглэдэггүй, зөв хандлагатай байхад л болно. Одоогийн байдлаар ажил сонирхож тун цөөн хүн уулзлаа. Миний ажигласнаар залуусын хандлага буруу байх шиг санагддаг. Олон ажлын байр байхад ирж сонирхдоггүй, тогтвортой ажилладаггүй” гэлээ. Үзэсгэлэнд уул уурхайн компаниас гадна үйлчилгээ, оёдлын газрын нярав, нягтлан, камер хянагч, үйлчлэгч зэрэг туршлагагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан олон ажлын байр байлаа.

ЗАЛУУС ХУВИЙН БИЗНЕС ЭРХЛЭХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ БОЛСОН

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд одоогоор 3709 хүн ажил хайж бүртгүүлжээ. Үүнээс 3000 гаруй нь ажилд орсон байна. Залуус ихэвчлэн ямар төрлийн ажил хийхийг хүсдэг талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзоригоос тодруулахад “Сүүлийн үед залуус хувийн бизнес эрхлэхийг илүүд үздэг болсон. Харин ажил олгогч тал нь ур чадвараас илүү хандлагыг чухалчилдаг болсон” гэж байлаа.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр ажил хайж буй иргэдэд зориулан мэргэжлийн байгууллагууд сэтгэлзүй, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж