Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ний 3-р шатны 2-р тойргийн тоглолтууд явагдлаа. Тэмцээний I хэсэгт учраа таарсан АНУ болон Оросын шигшээ багуудын тоглолт 3 сетэд шийдэгдэж АНУ хагас шигшээд шалгарсан бол ОХУ-ын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүллээ. Тоглолтын агуулгын хувьд тун ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан ч Нэгдсэн Улсын баг сетийн төгсгөлүүдийг сайн хийснээр ялалт байгуулж байсан. Эхний сетийн төгсгөлд М.Кристенсон нэг хаалт хийсэн бол тус сетийн сүүлийн онооны бөмбөгийг өргөж өгсөн нь оноо болж Нэгдсэн Улсын баг хожсон. Тоглолтын 2 дахь сетэд тоо 24-23 байх үед Оросын багийн ахлагч С.Гранкин бөмбөг гаргахдаа алдаж өрсөлдөгч багтаа оноо бэлэглэж хожигдсон. Оросууд 3 дахь сетэд эргэн ирэлт хийхийг хичээж байсан ч тухай бүртээ алдаа гаргаснаар 23-25 харьцаатай хожигдож тэмцээнээ албан ёсоор өндөрлүүлсэн. Ялалт байгуулсан АНУ-ын шигшээ баг хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө Бразилын шигшээ багтай өнөө орой тоглосноор 3-р шатны тоглолт өндөрлөнө.
Харин тэмцээний J хэсэгт Польшууд Сербийн шигшээ багийг хожиж энэ хэсгийн нөхцөл байдал тун төвөгтэй байдалтай болж байна. Сербийн баг Италийг хожоод байсан бол Польшийн шигшээ багт хожигдлоо. Ингээд энэ хэсэгт Итали болон Польшийн шигшээ багууд шийдвэрлэх тоглолт хийх бөгөөд хэрвээ Польш ялалт байгуулж чадвал шууд хэсгээс гарах боломжтой болох бол Себри болон Италийн шигшээ багууд сетийн харьцааг тоолно. Ямартаа ч J хэсэгт өнөөдөр тун сонирхолтой, Италийн шигшээ багийн хувьд хожигдох эрхгүй тоглолт болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ