Монголын үндэсний бөхийн холбооны маргааны улмаас маргааш болох байсан бөхийн барилдаан хойшлогдлоо. Өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд үймээн гаргасны улмаас ийнхүү цуцалжээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг дахин хамгаалалтад авч үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна.
Үндэсний бөхийн холбооноос Л.Чинбатыг хууль бус тэргүүн болж, холбооны гэрчилгээ, тамгыг давхардуулсан гэдэг шүүхийн тайлбарыг өгөөд байна. Тэгвэл Х.Баянмөнх тэргүүтэй холбооныхон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг мөн л хууль бус тэргүүн болсон гэж үзэж байгаа аж. Тиймээс тэд өнөөдөр дахин маргаан дэгдээж, Бөхийн өргөөнд болох байсан бөхийн барилдааныг хийлгэхгүй гэж үймээн гаргажээ. Энэхүү үймээний улмаас Бөхийн холбооноос товлосон байсан намрын барилдааны нээлт болох улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг түр хугацаагаар хойшлуулжээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид есдүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, бөхийн барилдааныг тасалдуулахгүй байх, барилдааны хуваарь, сахилга бат, жудгийн талаар тодорхой саналуудыг хэлэлцжээ. Энэхүү хурлаар аймаг, цэргийн цолтой бөхчүүдтэй ирэх аравдугаар сарын эхний 10 хоногт уулзалт зохион байгуулж, санал хүсэлт авахаар болсон байна. Мөн дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдийн төлөөлөлд сахилга баттай байхыг сануулсан байжээ.
Х.Баянмөнх аварга дахин үймээн гаргав
Монголын үндэсний бөхийн холбооны маргаантай асуудлууд үргэлжилсээр байна. Өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөнд нэвтэрч багагүй үймээн үүсгэжээ. Одоогоор холбооны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Үндэсний бөхийн холбооноос ирэх амралтын өдрүүдэд намрын нээлтийн барилдааныг эхлүүлэх товыг гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр үүссэн маргааны улмаас маргааш барилдаан болох эсэх нь тодорхой бус байна.
Мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР