"Гадаад худалдааны яамтай болох ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

"Гадаад худалдааны яамтай болох ёстой"

"Гадаад худалдааны яамтай болох ёстой"

 “Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  /2018.09.28/ боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын гадаад худалдааны бодлого, түүнд тулгарч буй саад бэрхшээл, анхаарах асуудлын талаар хамтдаа нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, үндэс суурийг тодорхойлоход   оршино гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Монгол Улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах шаардлагатайг бизнес эрхлэгчид хэлж байна. Гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн хэдий ч түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд илтгэв тавив. Тэрбээр илтгэлдээ манай улсын гадаад бодлогын түүхийн талаар хэлэхдээ  гадаад худалдаа  1920-1960 оны үед зөвхөн ЗХУ-руу чиглэсэн бүтэцтэй байсан.  1989 он гэхэд манай улсын  нийт гадаад худалдааны 90 хувийг ЭЗХТЗ-ийн орнууд үүнээс, 79 хувийг ЗХУ-тай хийсэн худалдаа, 11 хувийг Болгар, Польш, Румын, Унгар, Чекословактай хийсэн худалдаа, үлдсэн 10 хувийг БНХАУ, Япон, Швейцарь, Австри, Их Британи, Итали зэрэг цөөхөн улстай хийсэн худалдаа эзэлжээ. Манай экспортын 86 хувийг Хятад улс дангаар худалдан авч байна. Нийт импортын  33 хувийг Хятадаас, 28 хувийг ОХУ-аас авч байна. Гадаад худалдааны бодлогыг Гадаад  харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”  хариуцан ажиллаж байна.   Манай оронд гадаад худалдааг дангаар хариуцсан яам байгуулах шаардлагатай. Мөн эдийн засгийн дархлааг бэхжүүлж худалдааны бодлого дээр онцгой ач холбогдол өгч анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр онцлолоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид гадаад худалдааг дангаар хариуцах яам бий болгох шаардлагатайг сануулж байна. Тодруулбал Гадаад худалдааны яамтай болсноор төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц сайжрах, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийгдэх, үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой болно.  Ихэнх улс оронд гадаад худалдааг дангаар хариуцан ажилладаг  яам, түүний дэргэд гадаад худалдааг дэмжих зохицуулалттай бие даасан байгууллага ажиллаж байна. Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих цаашлаад экспорт, импортын нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд нэлээдгүй бодлого, хөтөлбөр баталсан хэдий ч үр дүн муутай, биелэлт сайтай бодлого, хөтөлбөр бараг алга байна.  Мөн гадаад худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх институцийн орчин бүрдээгүй гэдгийг хэлж байна.

 УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл:

Тэрбээр “Экспортыг дэмжин урамшуулах ба худалдааг хөнгөвчлөх асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.  "Япон, Солонгос зэрэг улс орнууд  гадаад худалдаагаа солонгоруулах тал дээр экспортыг дэмжих агентлагууд байгуулсан байдаг. Мөн гадаад худалдааны салбарын хүний нөөцийг бэлдэх асуудалд анхаарал хандуулдаг.  Гэтэл манай улсад гадаад худалдааг дангаар хариуцсан яам ч байхгүй,  Гадаад  харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын хэмжээнд авч үздэг ийм жижигхэн төрийн бодлого байж болохгүй. Манайд хуучин Гадаад худалдааны яам гэж байсан. 1990 оноос зах зээлийг чөлөөлж эхэлсэн. Үүнээс өмнө гадаад худалдааг зөвхөн зөвшөөрөл авч явуулдаг байсан бол иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гадаад худалдаа чөлөөтэй болсон. Үүний үр дүнд сайн нь их, саар нь бага явж ирсэн. Гэхдээ дэлхийн бусад улс орон  гадаад худалдаагаа төрийн зохицуулалтаар уян хатан байдлаар  явуулж ирсэн  байдаг. Тийм ч учраас худалдааг хөнгөвчлөх гэсэн томьёолол Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн гол чиглэл болж байна. Манайд уг асуудал зүгээр нэг худалдаачдын дунд эсвэл ганц яам, төрийн бус байгууллагын хэмжээнд яригддаг. Уг нь бол худалдаагаа яаж дэмжих үү,  худалдаагаа яаж  хөнгөвчлөх үү гэж зоосны хоёр тал шиг харах шаардлагатай байгаа юм. Үүнийг бий болгож чадвал манай улс руу орох гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ” гэлээ.

“Наран” группын эзэн С.Болдхэт :

“Өнөөдөр Монгол Улс гадаад  худалдааны асуудлаа  жижиг хэлтсийн хүрээнд авч явж байна. Гэтэл Дэлхийн худалдааны байгууллага гэж том байгууллага байдаг. Энэ байгууллагатай манай улс бараг харилцдаггүй, худалдааны зохицуулалтууд хийгддэггүй.  Тиймээс  гадаад худалдааг дангаар хариуцах яам бий болох шаардлагатай. Яам дэргэдээ зах зээлийн институцтай, дэлхийн зах зээлийн хандлага, үнийг судалдаг байх. Үүний дараа экспорлогчдодоо анхааруулдаг, мэдээлэл өгдөх байх хэрэгтэй.  Өмнөд Солонгос, Чили, Хятад зэрэг худалдааны сайн бодлоготой улсуудын туршлагаас харахад гадаад худалдааны бодлогыг шат дараатай, тогтвортой хэрэгжүүлж ирсэн бөгөөд гадаад худалдааг хариуцсан яам, түүний дэргэд экспортыг дэмжих тусгай байгууллага ажиллуулах замаар өөрийн улсын экспортыг дэмждэг” гэв.

"Барс зах"-ын эзэн Ч.Амарбаатар:

Гадаад худалдааны бодлого зөв явсны үр дүнд үйлвэрлэлийг өөрийг нь хөгжүүлдэг. Хэрэв дэлхий дахин худалдааны солилцоог Чингис хааны байгуулсан торгоны замаар хийж чадаагүй бол үйлдвэрлэл хөгжихгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл зөвхөн өөрийн хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг бол шууд хэлэхэд сүйрэл юм. Тиймээс бид экспортод зориулсан үйлдвэрлэлийн асуудлыг ярьж байж гадаад бодлогын асуудлаа зөв авч явна. Ингэхдээ хамгийн чухлаас  нь эхлээд дараалалыг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Гэтэл үүнийгээ өнөөдөр үндэснийхээ хэмжээнд тодорхойлоогүй учир будилаад байгаа юм. Валютын ханшийг  яаж өсгөхгүй байх уу гэхээр бид хэрэглээгээ танах хэрэгтэй. Хэрэглээг танах тухай бодлого улсын түвшинд өнөөдөр алга.

УИХ-ын гишүүн Баттөмөр:

Гадаад худалдааны салбарын асуудал өнөөдөр хуульгүй явж байна. Хуульгүй байна гэдэг бүртгэлгүй,  бүртгэлгүй үйл ажиллагааг хууль ёсны бус гэж үздэг. Монголчуудын ихэнхийнх нь амьдрал худалдаа дээр тогтож байгаа. Үйлдвэр худалдааны яам гэж хуучин байсан. Өнөөдөр ХХААХҮЯ гээд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг нэг яаманд нэгдчихсэн. Энэ бүтцийг би зөв гэж үздэггүй. Аль ч үндэстэн оршин тогтнохын тулд өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, хуримтлалтай болохын тулд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаднаас мөнгө татдаг. Манай улс дан ганц уул уурхайгаас мөнгө оруулж ирдэг. Уул уурхайн бус салбараа дэмждэггүй, урсгалаараа явж ирсэн. Ийм учраас үйлдвэр, худалдааны яам  байх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж