Нэр дэвшигчид ногдуулах торгуулийг өсгөх санал гаргав | News.MN

Нэр дэвшигчид ногдуулах торгуулийг өсгөх санал гаргав

Нэр дэвшигчид ногдуулах торгуулийг өсгөх санал гаргав

Нэр дэвшигчид ногдуулах торгуулийг өсгөх санал гаргав

Сонгуулийн тухай хуулийн 60.5 "Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй" гэсэн заалт бий. Олон улсад улс төрийн санхүүгийн хариуцлагагүй байдалд хүлээлгэх энэ санкц байдаг. Ийм чухал заалтыг хүчингүй болговол уршигтай гэдгийг судлаачид, хуульчид онцолж байлаа. Гэвч зарим улс төрийн намууд болон хэсэг бүлэг иргэд энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байгаа юм байна. Тиймээс Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ төрийн бус байгууллага хамтран “Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.09.28/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Э.Гэрэлт-Од нар болон хуульчид оролцож санал солилцлоо.

Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль намуудын толгойны өвчин болдог. Намууд жилд нэг удаа болон сонгуулийн үед тодорхой хугацаанд намын санхүүжилтийн тайлангаа аудитаар шалгуулж, олон нийтэд ил болгох хуультай. Гэвч энэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжих нь тун ховор. Ялангуяа сонгуулийн үер улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, ямар байгууллага, аж ахуй нэгжээс санхүүжилт авч байна вэ гэдэг нь тодорхой байдаг ч үнэн бодит эсэхэд дүгнэлт хийдэг нь эргэлзээтэй аж. Мөн аудитын байгууллага хандив бүрийг нэг бүрчлэн шалгадаг эсэх нь эргэлзээ дагуулдаг. Улс төрийн намын санхүүжилтийг цогцоор нь шийдэхгүйгээр бид авлига, тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил, ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлаа бүрэн шийдэж чадахгүй гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гол нь хууль эрх зүй болон бодлогын түвшинд ямар зохицуулалт хийх вэ гэдэг нь маш чухал гэдгийг ч хэлж байлаа.

МУБИС-ИЙН НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР Э.ГЭРЭЛТ-ОД:

-Дэлхийн улс төрийн намууд намынхаа санхүүжилтийг тогтмол, ил тод тайлагнадаг туршлага байдаг. Улс  төрийн намууд иргэдийн өмнөөс шийдвэр гаргадаг онцгой эрхтэй байгууллага учраас намын санхүүжилтийг ил тод болгох, тайлагнадаг болгох нь авлига хээл хахууль, ардчиллыг бэхжүүлэх хөшүүрэг болж байгаа гэдэгтэй дэлхийн улс орнууд санал нийлж байгаа. Харамсалтай нь, Монголд намуудын санхүүжилт ил тод биш, тайлагнадаггүй, хууль хэрэгжихгүй байсаар өдийг хүрлээ. Өдгөө 116 орны нэр дэвшигчид сонгуулийн зардлаа тайлагнадаг байхаар хуульдаа тусгажээ. Үүнээс 85 нь сонгуулийн, 26 нь тусгай энэ чиглэлийн, 25 нь аудитын, 19 нь яам, 15 нь шүүх, зургаа нь парламентдаа санхүүжилтээ тайлагнадаг туршлага байна.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН ТЭНХИМИЙН ПРОФЕССОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР О.МӨНХСАЙХАН:

-Санхүүжилтээ тайлагнаагүй намыг дараагийн сонгуульд оруулахгүй гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх болсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ заалт нь эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа гэж үзэж, маргаан үүсгэсэн байгаа юм. Уг нь сонгуульд оролцсон нам эвсэл 45, нэр дэвшигч 30 хоногийн дотор санхүүжилтийн зардлаа ил тод тайлагнах хуулийн заалттай. Гэвч хуулийн энэ зохицуулалт манайд хэрэгждэггүй. Энэ нь тэдгээрт тооцох торгуулийн арга хэмжээ нь бага байгаатай холбоотой. Жишээ нь, сонгуульд нэр дэвшихдээ ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөг зарцуулаад түүнийгээ ямар эх үүсвэрээс гаргаснаа огт тайлагнадаггүй. Гэтэл хуулийн хүрээнд хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах хэмжээ нь 6.7-8.3 сая төгрөг байдаг. Тэрбумыг гаргасан хүнд ийм хэмжээний торгууль ногдуулж байгаа нь маш бага. Тиймээс тодорхой тохирсон шийтгэлийг хуулийн санкцдаа тусгах ёстой.

Хэрэв Үндсэн хуулийн цэц энэ маргааныг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэц хүлээж авах бол улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнаагүй ч УИХ-ын болон дараа дараагийн сонгуулиудад оролцох эрхтэй болох эрсдэл үүсэх юм. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой хугацаанд тайлагнадаг байх, хэрэв тайлагнаагүй бол тодорхой заалт бүхий хариуцлага тооцох асуудлыг хууль эрх зүйн зохицуулалтаар тусгах ёстой юм. Ялангуяа Улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн хуулиуд хэлэлцэгдэж байгаа энэ үед улс төрийн намын санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн оролцогчид онцоллоо.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2018-09-28 59.153.115.44

Энэ нам нэртэй луйварчдын нэддэг байгууллагаас бүх муу муухай юм эхэлж байна. Намын тухай хужлийг чанга хатуж болгох ёстой

ok 2018-09-28 66.181.189.71

ene chin l hamag avilgaliin undes bolood baigaa shdee. Suudal avsan toogooor ni uls sanhuujuuldeg bolmoor bnadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж