“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.28) эхэллээ. Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг” гэж онцоллоо.

"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын үеэр Үндсэн хуулийн эрх зүй, Эрүү, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, олны анхаарал татсан хэргийг шийдвэрлэхэд гардаг хүндрэл, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, хэвлэл мэдээлэлтэй холбогдох зүйл заалтууд, Шүүгчийн ёс зүй хариуцлага, Цагдан хорионы шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, Хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвүүдээр сэтгүүлчдэд шүүхийн эрх зүйн мэдлэг олгох юм. Хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Б.Батцэрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунчимэг, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл нар заах юм. Мөн Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд сургалтад оролцож, шүүхээс мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар сэтгүүлчидтэй санал солилцоно.

Шүүхийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан тус сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлын бас нэгэн хэмжүүр болохын хувьд шүүх ба олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлдгээрээ онцлогтой. Өнгөрсөн хугацаанд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч”-ээр 240 орчим сэтгүүлч бэлтгэгдсэн билээ.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж