Архидалт гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Архидалт гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна

Оюутан, сурагчид  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас хэрэгт  их холбогддог

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран өнөөдөр /2018.09.28/ “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох 80  гаруй хүмүүс  оролцлоо.


Сүхбаатар дүүрэг нь нийслэлийн төвийн бүсэд байрлалтай, нийт 5215 байгууллага, аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулдаг, төр захиргааны байгууллага, томоохон  их дээд сургууль, үйлчилгээний төвүүд  төвлөрсөн байдаг. Албан бус тоогоор энэ дүүрэгт өдөрт 700.000 гаруй иргэд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцдог гэгддэг. Тэгвэл тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг хамгийн их гардаг аж. Үүний шалтгаан нөхцөл нь дүүргийн нэгдүгээр хороонд архи согтууруулах  ундаагаар  үйлчлэх  зөвшөөрөлтэй 102 цэг ажилладаг мөн үйлчлэх  цагийг шөнийн 04:00 цаг болгосонтой холбоотой гэдгийг  хэлэлцүүлгийн үеэр  хүмүүс хөндлөө.

Энэ асуудлыг бид Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Ганчимэгээс тодрууллаа.

– Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хэдэн хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байна вэ?

-Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8812 буюу нийт гэмт хэргийн 27.3 хувийг эзэлж байна. Бусдын биед хөнгөн гэмтэл, хохирол учруулсан гэмт хэрэг 1206 нэгжээр буюу өмнөх оныхоос 15.2 хувиар өсч харин хүнд, хүндэвтэр гэмтэл хохирол учруулж үйлдсэн гэмт  хэргийн тоо 50 хүртэлх хувиар буурсан боловч энэ төрлийн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 564  нэгжээр буюу 6.8 хувиар  өссөн байна.

-Бусдын биед хөнгөн гэмтэл, хохирол учруулсан  гэмт хэргийн гаралт буурахгүй улам өсөөд байгаа шалтгаан нь юу вэ?

Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт. Цагдаагийн байгууллага энэ төрлийн дуудлага мэдээллийг аваад шалгаад хуулийн дагуу шийдээд явж байна. Эдгээр гэмт хэргийн үйлдэгдсэн газрыг аваад үзвэл 50 орчим хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, баар цэнгээний газруудад үйлдэгдсэн байдаг. Мөн үүнээс гадна хүмүүсийн таарамжгүй харилцаа хэрүүл маргаанаас болж энэ төрлийн  гэмт хэрэг гарч байна. Тэгэхээр бусдыг хүндэтгэж, тэвчээртэй хандаж байгаасай гэж хүсэж байна.

 

 

-Архи уусан үедээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэдэн хувьтай байдаг вэ?

-Архи бол амьдралыг нь үгүй хийдэг хамгийн том шалтгааны нэг. Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэлтэй шууд хамааралтай болсон нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийллийн 90 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл авдаг 107 утсыг олон нийтэд сурталчилж таниулах, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлсэн. Цаашдаа ч мөн хамтран олон ажил хийхээр төлөвлөж байгаа.

-Танай дүүрэгт томоохон их, дээд сургуулиуд харьяалагддаг. Сүүлийн үед оюутнууд  хэрэгт өртөж, холбогдох явдал мэр сэр гарах болсон. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байн вэ?

– Энэ  төрлийн гэмт хэрэгт 18-25 насныхан хамгийн  холбогдож байна. Оюутан, сурагчид  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдсоны улмаас хэрэгт  их холбогддог. Ялангуяа сүүлийн үед  орон нутгаас ирсэн  оюутнууд  энэ төрлийн   гэмт хэрэгт их холбогдож  байна.

-Тэгвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол олон нийтийн хүчинд түшиглэсэн, олон нийтийн идэвх оролцоотойгоор хийгддэг ажил. Иргэдийн ухамсар гэмт хэргийн гаралттай зайлшгүй холбоотой. Ер нь болгоомжгүй байдлаас бусад төрлийн гэмт хэргийг үйлдэгч этгээд өөрөө бодож, төлөвлөж байж хийсэн нь тогтоогддог. Тиймээс тэр санаа зорилгыг нь таслан зогсоох, гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх тал дээр голлон анхаарч нөлөөллийн ажил, арга хэмжээг авч ажиллаж байна.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж