Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна.


АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн цагаар есдүгээр сарын 28-ны Баасан гаригт НҮБ-ын индэр дээрээс үг хэлнэ.  Монгол, АНУ нь 12 цагийн зөрүүтэй тул манай цагаар Бямба гаригийн өглөө таарч байгаа юм.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, сенатын  гишүүн Дан Салливан, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард гээд төрийн  бүх томчуудтай нь  уулзлаа.

Түүнийг  Цагаан ордны эзэнтэй хэзээ уулзах вэ гэсэн асуулт монголчуудын анхаарлыг хамгийн их татаж байсан. Айлчлалын хөтөлбөрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товлогдсон  ч хойшлогдсон.  Учир нь, АНУ-ын зүүн эргийн мужуудад флоренс хар шуурга нүүрлэж, олон мянган хүн орон байр, цахилгаангүй болсон. Тиймээс АНУ-ын удирдагч Д.Трамп байгалийн гамшигт өртсөн иргэддээ сэтгэл санааны болон санхүүгийн тусламж үзүүлэхээр мордсон тул Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орсон юм.

Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр цөөн хором уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ноён Д.Трамп Монгол орны соёл уламжлалын талаар Ерөнхий сайдаас сонирхон асуужээ.

Ерөнхийдөө, Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалаар тус улсын төрийн томчууд Монголын талаар сайхан сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс  Монголын Ерөнхий сайдтай дотночлон уулзаж, “Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд шийдвэртэй дэмжлэг үзүүлж, уг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байгаа”-гаа хэлсэн.

Тэрбээр Ерөнхий сайдтай хамт мотоцикл унахыг хүсч, Монголд очих хүсэлтэй байгаагаа уламжилсан билээ.

Ерөнхий сайдтай уулзсан АНУ-ын төрийн томчуудын нэг бол Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео. Ноён М.Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа”-г дуулгав.

Монгол Улсад, монголчуудад талархлаа илэрхийлж, Ерөнхий сайдаар үг дамжуулсан сенатын гишүүн бол Дан Салливан. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад сенатч чин сэтгэлээсээ талархаж, хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байгааг онцлов.   Түүний зүгээс Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулж, дэмжиж ажиллахаа амалсан юм.

Өнгөрсөн 25 жилийн турш монголчуудын эдийн засгийн нэг том түнш болж ирсэн Дэлхийн банкныхан, зовсон цагт нөхрийг чанараа харуулж яваа ОУВС-гийн удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж,  Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаад бидний өмнөөс  баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким “Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагавар гарч байгаад баяртай байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна” гээд улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг бас магтаад авахаа ч мартсангүй. Монголд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, мөнгөн тусламж үзүүлж буй ОУВС-гийн тэргүүн хатагтай Кристин Лагард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын идэвх чармайлт их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг авч гарч чадсандаа баяртай байна” гээд энэхүү уулзалтынхаа тухай твиттер хуудсаараа дамжуулан жиргэснээс нь харахад Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт түүнд эерэг сэтгэгдэл үлдээсэн бололтой.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхаа дараа гадаад айлчлалынхаа “зүг мөр”-өө  БНСУ-аас эхлүүлж, өнгөрсөн хавар Хятадад айлчилсан У.Хүрэлсүх  Цагаан ордны урилгаар АНУ-д айлчлахдаа  төрийн бүх томчуудтай нь уулзаж, гар барьж, зураг хөргөө авахуулсан нь ямартай ч Монгол бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс гэдгээ баталсан эерэг сурталчилгаа боллоо.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж