© EPA/SEBASTIEN NOGIER
Террористуудын эсрэг чимээгүй жагсаалд 700 мянга гаруй хүн оролцлоо гэж Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдэв.
Тус орны янз бүрийн районуудад хүмүүс шуудхан цугларсан жагсаалууд нь өнөөдөр хийхээр төлөвлөөд байгаа Парист болох бүх үндэсний маршаас нэг хоногийн өмнө буюу өчигдөр болсон байна. Өнөөдөр Парисийн маршид нэг сая хүн оролцоно гэж цагдаагийн албад тооцоолжээ.
Үндэсний маршид Францын удирдлагаас гадна Бельги, Болгар, Их Британи, Герман, Испани, Итали, Польш, Туркийн төр засгийн удирдлага оролцох юм. Маршид оролцоно гэдгээ Европын холбооны удирдлага Жан-Клод Юнкер, Мартин Шульц, Федерика Могерини, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар мэдэгдээд байгаа юм. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров толгойлж байна.
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo шог сэтгүүлийн байранд өнгөрсөн лхагва гаригт террористууд халдсан юм. Энэ үеэр арван сэтгүүлч, хоёр цагдаа амь үрэгдсэн байна. Тэднээс гадна 11 хүн шархаджээ. Цагдаагийн мэдээгээр халдагсад гурвуул байсан ба нэг нь өөрөө цагдаагийн газар ирж халдлагад оролцоогүйгээ хэлсэн гэнэ. Ах дүү Шериф, Саид Куаши хоёрыг тусгай хүчнийхэн гурав хоногийн турш мөрдөн хөөж буудалцаад сүүлд нь Парисаас жараад км-ийн зайтай дагуул хотын хэвлэх үйлдвэрийн байрнаас тэднийг илрүүлэн устгасан байлаа.
Ах дүү хоёртой хамсаатан болох Амеди Кулибали гэгч кошерийн хүнсний дэлгүүрт хүмүүсийг барьцаалсны дараа түүнийг бас тусгай ажиллагааны явцад устгажээ. Кулибалийн эхнэр тэдний хамсаатан байж болох Хаят Бумедьен гэдэг эмэгтэйг цагдаагийнхан хайсан ч тэрээр Туркаар дамжин Сирид гарчээ. Туркийн хилээр тийм эмэгтэй дайран өнгөрснийг гаалийнхан мэдээлсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР