Г.Буянбаатар хэмээх таван настай хүү өглөө бүр нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд байрлах сандал дээр суугаад цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүдийг харан суудаг болжээ. Цэцэрлэгийн ажилчид хүүг гэрт нь хүргэж өгөх гэхээр “Би цэцэрлэгт л явмаар байна” гэж хэлдэг байсан аж. Цэцэрлэгийн ажилчид нөхцөл байдлыг эрхлэгч А.Анхмаад хэлснээр хүүг цэцэрлэгт авчээ.
ЭЕРЭГ МЭДЭЭЛЛИЙГ ИХ САЙХНААР ХҮЛЭЭЖ АВДАГ БОЛЖ
Биднийг тус цэцэрлэгт очиход Буянбаатар хүү ангийнхантайгаа тоглож байлаа. Тэрбээр хурц тод хэлтэй, найрсаг жаал аж. Ангийн багш Ц.Догсмоо “Хүү өчигдрөөс эхлэн цэцэрлэгт явж байгаа ч биеэ их даасан, мундаг байна. Хувцсаа жимбийтэл эвхээд тавьчихдаг, цэвэрхэн хооллочихдог, ичиж бэргэлгүйгээр хүүхдүүдийн дунд ороод тоглож байна. Бидэнд шүлэг, үлгэр уншиж, дуу дуулж өгсөн” гэлээ. Мөн “Хүү манай цэцэрлэгийн үүдэнд хоёр өглөө суусан. Эрхлэгч эрхийнхээ хүрээнд цэцэрлэгт оруулахаар болж, хоёр хоногийн өмнө ээжтэй нь уулзаж эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд ир гэсэн. Боломжгүй байсан юм уу ээж нь ирээгүй. Гэтэл өглөө нь хүү дахин ирээд үүдэнд суусан. Ингээд цэцэрлэгийн ажилчид түүнийг шинжилгээнд хамруулж, хувцаслан, усанд оруулж цэцэрлэгт хүүхэд явуулахад тавьдаг шаардлагын дагуу бүх бэлтгэлийг хийсэн. Энэ үйл явдлын талаарх мэдээллийг өөрийн facebook-т байрлуултал 2.8 мянган хүн шейрлэсэн байсан. Ингэж хүмүүст хүрнэ гэж санаагүй. Манайхан эерэг мэдээллийг их сайхнаар хүлээн авдаг болж. Өнөө өглөө нэг хүн ирж хүүд өвлийн гутал бэлэглэсэн. Хүүгийн хөл өвөл даарахааргүй боллоо” гэж байлаа.
ТҮҮНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ҮНЭЛЭЭД ЦЭЦЭРЛЭГТ АВСАН
Нийслэлийн 135 цэцэрлэг 16 бүлгийн 680 хүүхэдтэй аж. Г.Буянбаатарын хувьд ахлахын “А” бүлэгт элссэн байна. Тус анги амьтантай танилцах анги аж. Ангид гурван мэлхий, хоёр тоть, загас байдаг юм байна. Г.Буянбаатар “Энэ амьтад хөөрхөн байгаа биз. Би тэд нарт хайртай. Цэцэрлэгт явах үнэхээр сайхан байна” гэж байлаа. Мөн тэрбээр багш болох мөрөөдөлтэй аж.
Цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа “Цэцэрлэгт явах чин хүсэл байвч боломжгүй байгаа энэ хүүхдийг яах билээ. Манайх олон хүүхэдтэй ч түүний хичээл зүтгэлийг үнэлээд цэцэрлэгтээ авсан” гэв.
Удалгүй Г.Буянбаатарыг авахаар ээж нь ирэв. Ангийн багш "Хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгслүүдийг эцэг, эх нь бэлтгэх ёстой ч бид Г.Буянбаатарын хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгслүүдийг бэлтгэсэн. Таны зүгээс хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч, авч байхад болно.” гэлээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХАШААНД ТОГЛОХООР ЯВДАГ Ч ЦЭЦЭРЛЭГ ДОТОР ОРООД СУУЧИХДАГ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
Ээж Б.Үүрийнцолмонгоос хүүгийн талаар лавлахад “Баянзүрхийн товчоонд байх үед хүү маань төлбөртэй цэцэрлэгт хэдэн сар явсан. Төлбөрийг нь дийлээгүй тул дахин цэцэрлэгт явуулж чадаагүй. Би саяхнаас энэ цэцэрлэгийн урд байрлах байранд орцны жижүүр хийх болсон. Намайг ажлаа хийх хооронд хүү маань цэцэрлэгийн хашаанд орж тоглохоор явдаг байсан. Тэгэхдээ цэцэрлэг дотор ороод суучихдаг байсан юм билээ. Хүүг маань цэцэрлэгт авч, ийм сайхан боломж олгосон хамт олонд маш их баярлаж байна” гэлээ. Мөн “Манай хүү үргэлж л бусдын эгдүүг хүргэдэг юм. Гудманд хүн зөрөхөөр “Энэ ямар хөөрхөн эгч вэ. Би энэ ахад, эгчид хайртай” гэж хэлдэг хэмээж байлаа.
"ХҮҮГИЙН ААВ ӨӨР ЭХНЭР АВААД, БИДНИЙГ ОРХИОД ЯВСАН"
Ээж, хүү хоёртой гэрт нь хамтдаа очив. Тэд цэцэрлэгийн урд байрлах 10 дугаар байрны орцонд, шатны доод хэсэгт амьдардаг юм байна. Өрөөнд нэг авдар, зурагт, ор байв. Саяхан буюу энэ сарын 19-нд нүүж иржээ. Түүнээс өмнө Б.Үүрийнцолмон Баянзүрхийн товчоонд саальчин хийдэг байсан аж. Эхээс дөрвүүл ч багаасаа өнчирч, эгч, дүү хоёртойгоо үлдсэн ч тус тусын амьдралаа хөөжээ. Тэрбээр “Манай найз намайг энэ ажилд оруулж өгсөн. Өглөө оройгүй үнээ сааж, хүнд өвс өргөхөөс хамаагүй амар ажил юм. Хүү маань цэцэрлэгт, би ажилд орчихлоо. Одоо их сайхан амьдарна” гэж байлаа.
Түүнээс хүүгийн аавын талаар асуухад “Би эгчээсээ нэг гэр аваад хүүгийн аавтай хамт амьдарч байсан. Хүүг хоёр настай байхад өөр эхнэр аваад, биднийг орхиод явсан. Түүнээс хойш нэг ч удаа уулзаагүй” гэв. Мөн тэрбээр саальчин хийж байхдаа 300 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Одоо 380 мянган төгрөгийн цалин авах бөгөөд анхны цалингаараа хамгийн түрүүнд хүнсний материал аваад үлдсэн хэсгийг нь хөргөгч авахаар хадгална гэж байсан юм. Мөн “Жаахан гэдэс байсан ч хүүдээ хоол хийгээд өгчихдөг юм. Хөргөгчтэй болж, цалин буусан үедээ авсан хүнсээ хадгалахгүй бол хүүгийнхээ гэдсийг өвтгөчихөж магадгүй” гэж байлаа. Түүнчлэн “Хүү маань наадмын өдөр төрсөн. Буянтай бас баатар хүн болоорой гээд Буянбаатар гэдэг нэрийг өгсөн юм. Хүү маань өөрийн зүтгэлээр цэцэрлэгтэй болчихлоо. Цэцэрлэгийнхэн нь шаардлагатай зүйлийг нь бэлтгэж, цүнх хүртэл өгсөн. Хүү маань цүнхээ дахин дахин үүрээд бөөн баяр байгаа. Одоо хүүгээ эрдэм номтой, сайн хүн болгохын тулд хичээх болно. Ар гэрийн боломжгүйгээс би дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Ажлыг гололгүй хийнэ” гэж байлаа.
Холбоотой мэдээ