Худалдааны дайны сөрөг үр дагаврууд гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Худалдааны дайны сөрөг үр дагаврууд гарч эхэллээ

Худалдааны дайны сөрөг үр дагаврууд гарч эхэллээ

АНУ болон БНХАУ-ын хооронд болж буй худалдааны дайн үргэлжилсээр байна. Сүүлийн байдлаар өнгөрсөн даваа гаригт /2018.09.24/ АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд 200 тэрбум ам.доллартай тэнцэх татварыг албан ёсоор ногдуулж эхэлсэн.

Тэгвэл томоохон компаниудад аль хэдийн худалдааны дайны эерэг болон сөрөг үр дагаврууд нөлөөлөөд эхэлсэн аж.

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд моторс компани худалдааны дайнаас болж хувьцааных нь ханш Лхагва гаригт /2018.09.26/ нэг хувиар унажээ.

“Төмөр,  төмөрлөгийн эд зүйлд татвар ногдуулснаас болж бид нэг их наяд ам.доллартай тэнцэх хохирол амссан. Хамгийн харамсалтай нь, бид үйлдвэрлэсэн автомашины ихэнхийг нь АНУ-д нийлүүлдэг” хэмээн Форд моторсын гүйцэтгэх захирал Жим Хакетт Блүүмбэрг агентлагт ярьжээ.

Учир нь АНУ бусад орнуудаас ган төмөрт 25 хувийн татвар авдаг бол хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулдаг болсноор үйлдвэрлэлд хүндээр тусаж, бусад салбаруудад нөлөөлөх болсон.

Мөн домогт мотоцикл үйлдвэрлэгч Harley davidson компани худалдааны дайнд өртжээ. Европын улс орнуудад зориулан үйлдвэрлэдэг зарим үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэхээр болсон. Harley davidson компанийн тооцоолсноор Европын орнууд руу экспортлох мотоцикл тутамд 2200 ам.долларын татвар нэмэгдэж байгааг тооцоолжээ.

Түүнчлэн алдарт Coca cola ундааг үйлдвэрлэгчид үнээ нэмэх талаар дуулгасан байна. Учир нь ундааны савлагааны зардал ихсэх талаар олон нийтэд анхааруулсан аж.

Тэгвэл БНХАУ-д үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд болох Японы Mitsubishi, Toshiba, Өмнөд Солонгосын SK Hynix, LG Electronics зэрэг компаниуд нүүхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдээлжээ.

Mitsubishu компани бол автомашин үйлдвэрлэгч бөгөөд АНУ болон БНХАУ-д өөрийн гэсэн зах зээлийн байр сууриа олсон боловч одоо мөрдөгдөж буй татвар компанийн эдийн засгийн нөхцөл байдалд хүндээр тусч магадгүй хэмээн нүүхээр бэлтгэж эхэлжээ. Toshiba бол гэр ахуй болон электрон бараа үйлдвэрлэгч компани. Харин Өмнөд Солонгосын SK Hynix нь компьютер болон  ухаалаг утаснуудад суурилагдсан санах ойн чип бүтээгч компани юм. LG Electronics дэлхий зах зээлд телевиз, мониторын үйлдвэрлэлтэй Samsung групптэй өрсөлддөг.

БНХАУ-д хямд ажиллах хүчийг ашиглахаар дэлхийн олон компани тус улсад салбар болон үйлдвэрээ байгуулсан боловч одоо нүүлгэн шилжүүлэхээр болоод байна.

Бас нэгэн сөрөг үр дагавар гарч ирсэн нь компьютерийн график карт үйлдвэрлэгч NVIDIA, AMD компаниудын зохион бүтээсэн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсч болзошгүйг дуулгажээ. Олон улсын эдийн засаг судлаачдын үзэж байгаагаар бизнес, хувийн хэрэгцээнд өдөр тутам ашигладаг хэрэглэгчид болон Master Race-ийнхан ихэд бухимдах талаар дүгнээд байна. Гэхдээ NVIDIA, AMD компаниуд өөрсдийн түншүүд ASUS, EVGA, MSI, Gigabyte зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж хэрэглэгчдэд татварын нэмэгдлийг мэдрүүлэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулж арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ажээ.

Судлаачдын үзэж байгаар АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн урт хугацааны туршид үргэлжилж болзошгүй хэмээн сануулаад байна.

Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж