Одоогоос найман жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монголын оюун ухааны академи өдгөө дэлхийд чансаагаараа манлайлах тамирчдыг бэлтгэн, бахдам амжилтыг гаргасаар ирсэн. Ингээд Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч, Б.Баасандоржтой ярилцлаа.
-Өнгөрсөн саруудад манай тамирчид оюун ухааны олон улсын тэмцээнд нэлээд амжилт үзүүллээ. Энэ амжилтуудаас дурдаад яриагаа эхлүүлье?
-Хамгийн сүүлийн тэмцээн болох БНСУ-ын ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай тамирчид өнгөрсөн наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд тамирчид маань үнэмлэхүй ялалт байгуулан бүх насны ангилалд эхний шилдэгүүүд болж эхний гурван байрыг эзлэн есөн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Мөн энэхүү тэмцээний хамгийн онцлох амжилт нь оюуны спортын тамирчдын хамгийн хүсэн хүлээдэг төрөл болох хурдны хөзөр төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг богино хугацаанд цээжлэх төрөл байдаг. Энэ төрөлд 52 ширхэг хөзрийг Их мастер Б.Шижир-Эрдэнэ маань 12 секундэд тогтоож, дэлхийн рекордыг шинэчилж тогтоосон. Хуучин дэлхийн рекорд нь 15 секунд байсан юм. Энэ төрлийн өмнөх рекордыг дэлхийн номер нэг тамирчин Алекс Мюллен 15 секундээр эзэмшиж байсан юм. Манай Б.Шижир-Эрдэнийн эвдсэн рекорд нь оюуны спортын түүхэнд нэгэн том шинэ хуудсыг нээж өгснөөрөө оюуны спортыг сонирхдог судалдаг, хичээллэдэг тамирчдын дунд гайхамшиг гэж нэрлэгдээд байна.
-Монголын баг тамирчид дэлхийн чансаанд хэддүгээрт жагсдаг вэ?
–Сүүлийн гурван жилийн хугацаанд манай баг тамирчид оролцсон тэмцээн бүртээ амжилтаа бататгаж, тэргүүлсээр ирсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх насны ангиллын эхний гурван байрыг монголчууд эзэлж байна. 26 жилийн түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аваргатай боллоо. Манай тамирчин олон улсын их мастер, Геннисийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр хамгийн залуудаа дэлхийн аварга авлаа. Өнгөрсөн жилийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бид багаараа тэргүүлж мөн Ази тивийн хошой аварга болж дэлхийд номер нэг гэдгээ баталж харууллаа.
-Тамирчид маань дэлхийн аварга болоход дасгалжуулагч багш нарын үүрэг ихээхэн чухал.Тамирчдынхаа бэлтгэлийг хангаж, тэмцээний үеэр оновчтой заавар зөвлөгөө өгсний дүнд дэлхийн шилдгээр тодорсон байх. Чухам ямар аргаар хүүхдүүдээ бэлтгэж ийм өндөр амжилт үзүүлдэг юм бол?
–Энэхүү амжилт нь дан ганц хүний хийсэн зүйл биш ээ. Академийн маань багш нар, хамт олон тамирчдын эцэг эхчүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Монголчууд IQ өндөртэй аливааг хурдан сурах, дасан зохицох чадвар маш өндөр байдаг. Манай сургалтын арга техник Монгол хүний онцлогт зохицож хөрсөндөө маш сайн буусан гэж боддог юм. Зөв арга барил, шаргуу хөдөлмөр,өндөр сахилга бат амжилтын үндэс юм. Бид тамирчдаа хэзээ ч "хайрцагладаггүй". Тамирчид мэдээж алдаа гаргана. Тухайн үед зэмлэхээс илүүтэйгээр хэрхэн алдаагаа засах талаар ярилцаж яг юун дээр алдаж байгааг тодорхойлж өгдөг. Зөвхөн тэр тамирчинд тохирох техникийг зааж өгч алдаагаа дахин давтахгүй байхад анхаардаг гэж болно. Хүүхдүүдийг зоригжуулж, урамшуулснаар тэмцээний даалгавраа бүрэн биелүүлэх чадвар, сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ гэдгийг сурдаг.
–Та Монголын оюун ухааны академид хэзээнээс багш, дасгалжуулагчаар ажиллах болов?
-Монголын оюуны академи анх 2009 онд Монголын оюуны хөгжил, оюуны спорт төрийн бус байгууллага нэртэй байх үед би долоо дахь элсэлтэд нь хамрагдаж байсан. Түүнээс хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн. 2012 оноос хойш ой тогтоолтын багш дасгалжуулагчаар ажиллаж байна даа.
СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛЧУУД ӨӨРСӨДТЭЙГӨӨ ӨРСӨЛДӨХ НЬ ИХЭССЭН
-Энэ спортоор хичээллэж, багшлах хугацаанд гаргасан амжилтууд гэвэл?
-Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй л дээ. Гэвч миний хувийн амжилт бол шавь нарын минь амжилтаар илэрхийлэгдэх байх гэж боддог. Монголд анх өсвөр насны ангилал гарч ирээгүй байхад тамирчин бэлтгэж, тэмцээнд оролцуулж байлаа. Өдгөө манай өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа нь миний бахархал.
-Багшийн эрдэм шавьд хэмээдэг. Таны гарын шавь нараас Олон улсын их мастер Э.Энхмөнхийг “Супер тархи” нэрээр нь олон түмэн мэднэ. Э.Энхмөнхийн хувьд “Авьяаслаг монголчууд” 2018 шоу тэмцээнд оролцож байгаа?
– Э.Энхмөнх миний ууган шавь нарын нэг. Анх 2013 онд манай академид элсэн орж, миний шавь болсон түүхтэй. Бид ярилцан “Авьяаслаг Монголчууд” шоунд энэ жил манай тамирчдаас яахын аргагүй оролцох ёстой гэж шийдсэн. Ингээд хоёр шавь болох Э.Энхмөнх, С.Марал хоёр маань орсон. С.Маралын хувьд хараахан нэвтрүүлгийн дугаар нь цацагдаагүй байгаа. Э.Энхмөнхийн маань хувьд эхний шатаа амжилттай давлаа. Түүний үзүүлсэн үзүүлбэр нь ой тогтоолтын арга техникийн хувьд маш хүнд үзүүлбэр юм. Зураг, тоо, текст, англи үг, тэмдэгтүүд гэх мэтчилэн зүйлүүдийг хольж дарааллын дагуу цээжлээд хаанаас нь ч асуусан нэрлэнэ гэдэг амаргүй. Дараа дараагийн үзүүлбэр дээр илүү гоё зүйлсийг бэлдсэн байгаа. Манай хоёр тамирчин “Авьяаслаг Монголчууд” шоунд түрүүлнэ л гэсэн зорилготой орж байгаа./инээв/
-Монголын оюуны спортын тамирчид дэлхийд толгой цохиж байна. Бусад орны тамирчидтай харьцуулбал ямар давуу тал ажиглагдаж байна вэ?
–Дэлхийн бусад улстай харьцуулах юм бол оюуны спорт манай оронд хожуу хөгжиж эхэлсэн ч өдгөө тэдний зэрэгт ирсэн бүр илүү гарсан байна. Энэхүү спортыг үүсгэн байгуулагч Англи, Германы олон жил хичээллэсэн тамирчдын амжилтыг манай тамирчид хоёр жилийн хөдөлмөрөөр л үгүйсгэж чадсан. Тэр дундаа Монголын өсвөрийн тамирчид 2013 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй түрүүлсээр байгаа нь Монгол хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг харуулж байгаа хэрэг юм.
Дэлхийд ой тогтоолтоороо тэргүүлдэг Герман, Швед, Англи, Япон улсын тамирчид энэхүү спортоор тасралтгүй 10-аас дээш жил хичээллэсэн байдаг. Гэтэл манай улсын тамирчид чөлөөт цагаараа энэхүү спортоор хичээллэдэг ч амжилтын буухиа тасраагүй. Түрүүн хэлсэнчлэн Монгол хүүхдүүдийн аливааг хурдан сурах, хариу үйлдэл үзүүлэх чадвар өндөр байдаг.
-Тэгвэл манай тамирчдын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчид вэ?
–Монголчууд өөрсдөө л байна даа. /инээв/ Ер нь сүүлийн нэг жилийн хугацаанд монголчууд өөрсөдтэйгөө өрсөлдөх нь ихэссэн. Өмнө нь Герман, Англи, Швед улсын тамирчидтай илүү өрсөлддөг байсан. Гэвч сүүлийн үед манай тамирчид тэдгээр тамирчдын амжилтыг удаа дараалан эвдэж шинэчилж тогтоож байгаа. Дэлхийн дээд амжилт монголчуудынх болсон учраас тамирчид нэгнийхээ амжилтыг шинэчлэхийн төлөө илүү шаргуу хичээллэж байгаа.
-Гаднынхан манай тамирчдын чадварыг юу гэж ярьцгаадаг бол?
–Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар бид нар түүхэндээ багаараа аварга авсан. Тэгсэн Тайвань улсын багийн дасгалжуулагч хэлж байна. “Танайх жил болгон дэлхийн аваргад ордог. Орох бүртээ багийн бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь шинэчлэгдээд ирдэг. Тэсэн мөртлөө өсвөрийн насны ангилалд дэлхийн аварга авчих юм. Яаж тэр вэ ? гэж асууж билээ.
ХОШИН ӨВӨРМӨЦ ХЭЛБЭРЭЭР ЦЭЭЖЛЭХ ЮМ БОЛ ХҮНИЙ ТАРХИНД ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХААРГҮЙ СУУДАГ
-Ой тогтоолтын спортын онцлог, давуу тал мэдээж их байх. Энэхүү спортынхоо тухайд яривал?
– Ой тогтоолтын спортын хамгийн том давуу тал нь хүний амьдралд шууд нөлөөлдөг гэдгээрээ бусад спортоос онцлог. Бидэнд өдөр тутам ямар нэгэн зүйл цээжлэх шаардлага гардаг. Тэгвэл энэ аргачлалуудыг эзэмшсэн тамирчдын хувьд юм цээжлэх гэдэг ямар ч асуудалгүй гэсэн үг. Хуулийн зүйл заалт, хүний нэр, англи үг, шүлэг, дууны үг гэх мэт цээжлэх шаардлагатай гэсэн хүссэн мэдээллээ хялбараар тогтоож байна. Хүссэн үедээ санаж болно. Ой тогтоолтын спорт нь арван төрөлтэй. Тэмцээн арван дүнгийн нийлбэр оноогоор аваргаа шалгаруудаг. Энэ арван төрөлд харааны ой тогтоолтыг шалгасан хүний нэр, царай зүс цээжлэх, багц хөзөр цээжлэх, тоо, түүхэн үйл явдал цээжлэх, сонсголын ой тогтоолтыг шалгасан дуут цифр цээжлэх зэрэг бий.
-Хэд хоногийн өмнө юу хийсэн, хэнтэй уулзаж, юу ярьсан гэдгээ мартах тохиолдол амьдрал дээр их л дээ. Тэгвэл энэ спортоор хичээллэснээр энэхүү мартах өвчнөөс салж чадах уу?
–Хүн бүр арга техникийн тусламжтай шаардлагатай мэдээллээ тогтоон хүссэн үедээ санах боломжтой. Өдөр бүр хамгийн багадаа 30 минут ном уншдаг хүний уураг тархи сийрэг байдаг гэж үздэг. Сүүлийн үед мартах өвчин гэж ярих нь ихсэж байна. Өвчин гэдэ шинж тэмдгээр авч үзвэл арай өөр зүйлээр илэрнэ. Бидний яриад байгаа мартах нь өвчин биш. Марталт гэдэг тархины өдөр тутам тохиолддог энгийн нэгэн хэв шинж. Гэхдээ шаардлагатай мэдээллээ эргэж санах үедээ тодорхой нэгэн арга техниктэй л хослуулж уялдуулж өгнө гэсэн үг л дээ.
-Ямар арга техник?
–Тэгвэл өөрөөс тань хэдэн зүйл асууя.
Б.Баасандорж: Хамгийн сүүлд болсон төрсөн өдрөө санаж байна уу?
-Сэтгүүлч: Саналгүй яах вэ?
-Б.Баасандорж: Дахиад нэг зүйл асууя. Өөрт хамгийн сэтгэлд хоногшсон олон жилийн өмнөх дурсамжаа санаж байна уу?
-Сэтгүүлч : Санаж байна
-Б.Баасандорж: Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн орой ямар хоол идсэн бэ?
-Сэтгүүлч: Ерөөсөө санадаггүй ээ. /Инээв/
-Санахгүй байгаа биз. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүн сэтгэлд хөдлөл оролцсон, анхаарал сонирхлыг татсан мэдээллийг илүү сайн санадаг гэсэн үг юм. Хүний тархи дандаа зургаар ажилладаг. Сэтгэл хөдлөл оролцсон мэдээлэл орж ирэх л юм бол тархи шууд автоматаар хадгалдаг. Тамирчид маань ч гэсэн сэтгэл хөдлөл оролцуулж цээжилдэг. 52 ширхэг хөзрийг 12 секундэд тогтоосон их мастер Б.Шижир-Эрдэнийг гаднаас нь харахад чухал царайтай харагдавч дотроо тэр хөзрүүдийг хараад бүх хөзрөө төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа гэсэн үг. Тархиндаа өвөрмөц үйл явдал болгож нэг ёсондоо хошин болгож цээжилнэ. Юм цээжлэхдээ аль болох сэтгэл хөдлөлөө оролцуулж хошин өвөрмөц хэлбэрээр цээжлэх юм бол хүний тархинд хэзээ ч мартагдахааргүй суудаг.
БИД ТАРХИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЮМ БОЛ СУРАЛЦАХАД ИЛҮҮ ХЯЛБАР БОЛНО
-Ойрын хугацаанд болох олон улсын ямар тэмцээн уралдаан байна вэ?
–Бид жилдээ 3-4 удаа олон улсын тэмцээнд оролцдог. Сүүлийн жилүүдэд түлхүү Монголдоо тэмцээн уралдаан зохиохыг эрмэлзэж байна. Аравдугаар сарын сүүлээр Монголд улирлын аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээн болно. Харин олон улсын тэмцээнээс дурдвал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээн гээд хоёр тэмцээнд орно гэж төлөвлөж байна. Дэлхийн цомын тэмцээн Макао хотод, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Вена хотод болно. Олон улсын дээрх хоёр тэмцээнд оролцохоор шигшээ багаа энэ улирлын аварга шалгаруулах тэмцээний дараагаар бүрдүүлээд бэлтгэлдээ орно доо.
-Энэ олон тэмцээнд оролцох зардлаа хэрхэн зохицуулж байна?
–Зардал мөнгөний хувьд тамирчид хувийн зардлаар явдаг. Академиас тодорхой хэмжээнд удаан хичээллэж байгаа амжилт нь ахиж байгаа тамирчдаа урамшуулаад зардлыг нь ивээн тэтгээд явдаг. Мөн хувь хүн албан байгууллагууд ганц нэг тамирчдыг маань ивээн тэтгэж оюуны спортыг дэмжиж ажилладаг. Оюуны спортыг дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа.
-Оюуны спортоор хичээллэсэн хүүхдүүд унтаа байсан тархиа ажиллуулж байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Баруун хагас, зүүн хагас бөмбөлгийг тэнцвэртэй ашиглаж сурч байна гэсэн үг л дээ. Баруун хагас бөмбөлөг бүтээлч сэтгэлгээний тархи гэж нэрлэгддэг. Төсөөлөн бодох чадвар өнгө будаг ялгах орон зайн баримжаа, зураг зурах гэх мэтчилэн чадваруудыг хариуцдаг. Харин зүүн тархи бол логик сэтгэлгээ шалтгаан үр дагавар математик, хими, хэл, яриа, бичгийн ухаан гэхчлэн зүйлсийг хариуцдаг. Бид тархи хэрхэн ажилладаг вэ? гэдгийг ойлгох юм бол суралцахад илүү хялбар болох юм. Эдгээрийн тод жишээ нь тамирчид маань өнөөдрийн амжилтаараа батлан харуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ