Концессийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Концессийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүллээ

Шинээр байгуулагдсан Засгийн газрын хийх ёстой гол ажил эдийн засгийг сэргээх явдал юм. Эдийн засгийг сэргээхэд Концессоор хэрэгжих төслүүдийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн болон энэ салбарын  судлаачид хэлдэг. Гэсэн хэдий ч 2014 оны есдүгээр сараас Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийх болсонтой холбогдуулж өмнө байгуулсан концессын гэрээний хэрэгжилт, шинээр байгуулах концессын гэрээнүүдийн хэлэлцээрүүд үндсэндээ зогсонги байдалд ороод байсан юм. Тэгвэл зогсонги байдалд ороод байсан энэхүү ажлыг хөдөлгөж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хэлэлцээрүүдийг  эрчимжүүлж эхэлсэн  байна. Тодруулбал,  Аж үйлдвэрийн сайдын санаачилгаар концессоор хэрэгжих төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авах ажил хийгдэж  эхэлжээ.

Тухайлбал, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор концессын 57 төсөл хөтөлбөр батлагдсанаас долоон  гэрээг үзэглэж, 20 төслийн концессын гэрээний хэлэлцээг эхлүүлжээ. Байгуулагдсан концессын гэрээнээс Нарийнсухайт– Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын авто замын барилгын ажлыг дуусган 2014 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Үлдсэн зургаан төслөөс Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжилтийн үе шатанд явж байгаа бол  Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын төсөл”, “Дулааны V цахилгаан станц төсөл”, “Тэлмэний дулааны цахилгаан станц төсөл”, “Туул сонгино усны нөөцийн цогцолбор төсөл”, “Хүний хөгжлийн төв төсөл” зэрэг  таван төслийн концесс эзэмшигчид дагалдах гэрээнүүдийг байгуулахаар ажиллаж байгаа аж.

2015 онд концессын гэрээний хэлэлцээг дуусгаж гэрээ байгуулахаар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох замууд, Багануур, Дорнод, Чандганы дулааны станцууд, Чойрын дэд станц, бага сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор зэрэг 10 гаруй төслүүдийг Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлэхээр мөн түүнчлэн энэ оны хоёрдугаар  сард багтаан 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлахаар  төлөвлөжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж