Улс төр хөшгөө нээж, улстөржих өдрүүд айсуй

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Улс төр хөшгөө нээж, улстөржих өдрүүд айсуй

Улс төр хөшгөө нээж, улстөржих өдрүүд айсуй

УИХ-ын намрын чуулган даваа гаригт буюу аравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийнэ. Чуулган эхлэхтэй зэрэгцээд эрх баригч нам дотор төдийгүй парламентын гадна улс төр ч эрчимжих төлөвтэй байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ МАН ХҮЛЭЭЖ АВАХ УУ?

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, УИХ хүлээн авснаар, сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлах болж, мөн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд товлон зарлах тогтоол гаргасан. Гэвч Үндсэн хуулийн цэц уг нөхөн сонгууль зарласан тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд  цэцийн шийдвэр хэлэлцэгдэх болж байгаа юм. УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсан ч, аваагүй ч нөхөн сонгууль хойшлохоос аргагүйд хүрээд байгаа.

Энэ удаагийн нөхөн сонгууль МАН-аас өрсөлдөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд халгаатай болно гэж үзсэн учраас эрх баригчид аль болох хойшлуулах бүх боломжийг эрэлхийлж буй гэж дүгнээд байгаа.

Хэнтий аймгийн 12 мянган сонгогч хэдий хүртэл УИХ-д төлөөлөлгүй явах нь эрх баригчдаас хамаарахаар болж байна. Тэд намын даргынхаа болоод намынхаа нэр хүндийг бодоод 2020 он хүртэл 12 мянган сонгогчийн эрхийг хязгаарлаж ч мэднэ гэж дүгнэх хүмүүс ч бий болоод байна. Ямартай ч намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн эрх баригчид Цэцийн дүгнэлтэд хэрхэн хандахаас ирэх өдрүүдийн нөхөн сонгуулийн зураг харагдана.

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫГ ТОМИЛНО

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч,  тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Энэ хэрэг гарсны дараа Засгийн газар Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Хуулиараа УИХ Засгийн газрын сайдыг томилж, чөлөөлдөг тул  намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудал нь дараагийн Зам тээврийн хөгжлийн сайд болж хүлээгдэж байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, горилогчдоос нэгнийх нь нэрийг санал болгоно. Одоогоор хуучин сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байгаа ч У.Хүрэлсүхийн зүгээс 32-ын бүлгийн хүнээ тавих болов уу гэсэн таамаг хөвөрч буй. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалаас ирэнгүүтээ энэ асуудлыг шийдэх сурагтай байгаа.

ЗАСГИЙН ГАЗАРТ ЗААГ ОРОХ УУ?

МАН-ын бүлэг УИХ дээр ч нам дотроо ч 33, 32-ын албан бус бүлгүүдтэй болсон. Хэдийгээр намын удирдлагууд нь бид нэг бүлэг гэж хэлдэг боловч 32, 33-ын бүлгийн ялгаа нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал дээр бүр ч илүү их тодорсон. Хотын дарга С.Батболдыг Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу нийслэлийн МАН-ын даргаар томилох байсан ч Бага хурлын гишүүд өөр сонголт хийсэн.

Хурлын танхимд бүлгээрээ хоёр хуваагдаж суучхаад Бага хурлын гишүүд рүүгээ  ээлжилж утас цохисоор хоёр өдөр хуралдсан энэ удаагийн нийслэлийн МАН-ын хурал МАН-ын хуваагдлыг илүү их тодотгосон юм.

Хуваагдал сүүлийн саруудад улам хурцдаж болж,  Засгийн газар ганхах, зарим сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг сөхөж магадгүй байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж эхэлжээ. У.Хүрэлсүх танхимынхаа 32-ын бүлгийн талын сайд нарт хариуцлага тооцно гэх зүйл ч яригдаж эхэлжээ. Мөн Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын дарга болсон нь У.Хүрэлсүхийн эмзэг цэг боллоо гэх чулууг ч нам дотроос нь шидэж эхэлсэн байна. Тэгэхээр намрын чуулгантай зэрэгцэн бужигнах нэг асуудал нь бол Засгийн газар танхимын асуудал болох нь ээ.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАХ УУ?

Хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийн улс төр эхэлж, зуны хугацаанд Хууль зүйн байнгын хороо хуралдуулах, ээлжит бус чуулган зарлуулахаар элдэв арга хэрэглэсээр ирсэн. Гэвч УИХ-ын даргын хуулийн дагуу арга хэмжээ авахыг сануулж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд байнгын хорооны хурлаа хэд хэдэн удаа товлосон ч ирц хүрээгүй байсаар өдийг хүрэв. Тиймээс намрын чуулганы эхлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн улс төр эхэлж, байнгын хороог хуралдуулах хүсэлтээ дахин уламжлах болов уу.

2019 ТӨСВИЙГ ӨНӨӨДӨР ӨРГӨН БАРИНА

Засгийн газраас 2019 оны төсвийг аравдугаар сар 1-нд өргөн барих учиртай. Иймээс өнөөдөр Засгийн газар хуралдаж, төсвийн төслөө хэлэлцэн, УИХ-д өргөн барих чигтэй байна. Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг нь 2019 оны төсөв. Тэгэхээр намрын чуулганаар сонгуулийн өмнөх жил тойрогтоо мөнгө татах гэсэн гишүүдийн шүүмжлэлтэй тулгарах болов уу. Одоогоор 2019 оны төсвийг хэрхэн тооцсон, өсөөд байгаа ам.доллараа хэрхэн тооцоолсон гээд мэдээлэл алга байна. 2019 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-аас өмнө баталж, дунд нь дөрвөн хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. УИХ-ын дарга намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд 2019 оны төсөв хэлэлцэнэ гэж баталжээ.

Эдгээрээс гадна намрын чуулганаар сонгуулийн хуулиуд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэрэг олон чухал хуулиуд ч хэлэлцэх асуудалд багтжээ. Сонгуулийн нэгдсэн хуулийг аймаг, нийслэл, УИХ, Ерөнхийлөгчийн гээд тус бүрийг нь хуульчилж байгаа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл олон парламент дамнасаар өдийг хүрч буй. 75 гишүүнтэй парламент намрын чуулганаа нээж, намрын хүйтэн өдрүүд халуун улс төрөөр “дулаацах” бололтой.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж