47 настай Австри улсын жимс жимсгэнэ тариалагч залууд хорих ял оноожээ. Учир нь тэрбээр шавж устгах химийн бодис цацсаны улмаас зөгийн колониудыг устгасан аж.
Тухайн үед цэцэг ногоо дэлгэрч байсан бөгөөд маш хүчтэй гэгдэх хлорпирофос шавж устгах химийн бодис өөрийн тариалж буй жимс жимсгэнийн моддоо зөгийнүүдээс хамгаалах гэж оролдсон байна. Гэвч түүний уршгаар ойр хавьд оршиж байсан 50 гаруй зөгийн колониуд устаж үгүй болсныг албаныхан тодруулжээ.
Австрийн Клангенфурт хотын шүүх гэмт этгээдэд санаатайгаар байгаль орчныг гэмтээсэн хэмээн ял оноосон ба түүнийг хор цацахад ямар үр дагавар авчрахыг мэдэж байсан гэсэн үндэслэлтэйгээр шийтгэж байгаа аж.
47 настай гэмт этгээдийг жилийн хугацаатай хорьж мөн 20 мянган евро буюу 23 мянга 500 ам.доллартай тэнцэх мөнгийг нөхөн олгохоор яллажээ. Тэрбээр шүүхийн гаргасан шийдвэрт санал нийлэхгүй байгаа ба давж заалдахаа мэдэгдсэн байна.
“Шавж устгах химийн хорийг байгаль орчин болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж хэрэглэх ёстой. Бидний энэ гаргасан шийдвэрийг ард иргэд анхааралдаа авч дахин битгий давтаасай хэмээн хүсч байна” гэж албаныхан мэдэгджээ.
Шавж устгах химийн хорны өргөн хэрэглээ зөгий болон бусад тоос хүртээдэг шавжуудын үхэлд буруутгадаг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын холбоо зарим химийн гаралт шавж устгалын бодисыг хорих хууль гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ