Улирлын өмнө: Колорадо Эвеланш баг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улирлын өмнө: Колорадо Эвеланш баг

Улирлын өмнө: Колорадо Эвеланш баг

Колорадо мужийн Денвер хотын Колорадо Эвеланш баг ҮХЛ дэх хүчирхэг багуудын нэг байсан бөгөөд жил бүр л плэй-оффын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлдэг баг юм. Харин домогт тоглогч Ж.Сакик болон П.Форсберг, П.Рой нар зодог тайлснаас хойш Колорадо Эвеланш багийн амжилт бага зэрэг уруудаж, плэй-оффт орохоосоо орохгүй нь их болоод байна. Багийн домогт тоглогч Ж.Саких багийн менежер болж найз П.Ройгийн хамтаар хайртай багаа сэргээн босгохын төлөө ажилласан боловч тэд багаа плэй-оффт гаргаж чадаагүй. Ингээд дасгалжуулагчаар ажиллаж байсан П.Рой багаас явж Канад мэргэжилтэн Ж.Беднарыг авчирсан. Канад дасгалжуулагч Ж.Беднарын удирдлага дор Колорадо Эвеланш баг эхний улиралдаа ҮХЛ-н 30 багуудаас ердөө 48 оноо авч анти амжилт үзүүлсэн ч өнгөрсөн улиралд багаа плэй-оффт шалгаруулж чадлаа. Хэдийгээр эхний шатанд Нэшвилл Предаторс багт хожигдсон ч плэй-оффт эргэн ирсэн нь багийн хувьд том ахиц байсныг онцлох ёстой. Ямартаа ч Ж.Саких хайртай багаа хүчирхэг баг болгохын тулд ажилласаар байна.

  • Багаас явсан тоглогчид: хаалагч Ж.Бернье Детройт Ред Уингс руу, довтлогч Б.Комо Даллас Старс руу
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч М.Калверт хоюулаа, хамгаалагч Й.Коул Колумбус Блю Жакетсаас, хаалгач Ф.Грубауэр Вашингтон Капиталсаас

Колорадо Эвеланш баг энэ зун солилцоонд төдийлөн идэвхтэй оролцоогүй. Харин хаалгач Ф.Грубауэр, хамгаалагч Б.Орпик нарыг Вашингтоноос авсан ч Б.Орпикийн гэрээг чөлөөлж явуулсан. Чөлөөт агентын зах зээл дээрээс туршлагатай хамгаалагч Й.Коул болон М.Калверт нарыг авчирч Б.Комогийн гэрээг сунгалгүй Даллас Старс руу явсан. Үүнээс өөр дорвитой солилцоо хийгээгүй. Шинэ ирсэн тоглогчдоос хамгаалагч Й.Коул бол стэнлийн цомыг хоёронтоо хүртэж байсан туршлагатай тоглогч юм. Иймд багийн хамгаалалтанд түүний туршлага хэрэгтэй.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

Г.Ландескуг – Н.МкКиннон – М.Рантанен

С.Жирард – Э.Жонсон

II ЛАЙН:

А.Керфүүт – К.Сёдерберг – С.Андригетто

П.Немет – Т.Баррие

III ЛАЙН:

В.Каменев – Жей.Ти.Компер – М.Калверт

Н.Задоров – Й.Коул

Колорадо Эвеланш багийн ирээдүйг гэгээлгээр харж байгаа. Учир нь энэ багийн цөм болсон тоглогчид бол драфтын сонголтууд бөгөөд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлээд байна. Хамгийн ахмад нь 32 настай Швед төвийн тоглогч К.Сёдерберг юм. Бусад тоглогчид бүгд 30 ба түүнээс доош насны залуучууд. Өнгөрсөн улиралд плэй-оффт шалгарсан тул энэ жил Ж.Беднар залуу багаа дахин плэй-оффт шалгаруулах итгэл дүүрэн байгаа болов уу? Энэ жил Н.МкКиннон болон М.Рантанен нарын хослол улам бүр л аюултай довтолгооны хослолыг үүсгэх боломжтой. 2013 оны драфтын тэргүүн сонголт Н.МкКиннон өдгөө ҮХЛ-н шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэж байна. Ямартаа ч баг бэртэл гэмтэлгүй байж чадвал хол явах бүрэн боломжтой. Гэхдээ нэг том асуудал бол хамгаалалт. Хамгаалалтанд лигийн шилдгүүдтэй дүйх шилдэг тоглогч хараахан байхгүй. Үүнийгээ ч нөхөх гэж Й.Коулыг авчирсан болов уу? Хамгаалалт нь найдвартай байж чадвал ирэх хавар Колорадо Эвеланш багийн хувьд плэй-оффт бол шалгарч чадна. Магадгүй 2-3 жилийн дараа Өрнөд бүсийн хүчирхэг баг болж стэнлийн цомын финалд ч гараад ирэхийг үгүйсгэхгүй байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс