Өнөөдөр монголчуудын дунд тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг нь иргэдийн аюулгүй хүнсний хэрэглээний асуудал гарцаагүй мөн. Энэ тал дээр анхаарч ажилладаг улсдаа эрүүл чанартай хүнсээр тэргүүлэгч “Төгс ургац” болон “Элбэг ургац” хэмээх хүнсний аж ахуйн томоохон хоёр хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэдний гол борлуулагч нь И-Март (E-Mart) худалдааны төв. Эдгээр орчин үеийн техник технологи бүхий хүлэмжинд тарьсан эрүүл, чанартай өргөст хэмх болон гүзээлзгэнийг өдөр бүр шинээр нь хэрэглэгчдийн гарт хүргэдэг аж.
“ТӨГС УРГАЦ” ЖИЛД 500 ТОНН ӨРГӨСТ ХЭМХ ТАРИАЛЖ БАЙНА
Өргөст хэмхний найрлагад С болон В-ийн төрлийн амин дэм, фолийн хүчил, кальци, кали, магни, цайр гэх мэт хүний өдөр тутам авах ёстой бүх амин дэм багтдаг. Өргөст хэмхний стандарт хэмжээ нь 350 грамм байдаг бөгөөд “Төгс ургац” хүлэмжийн өргөст хэмхнүүд бүгд ургуулалтын стандартын дагуу энэ хэмжээгээр ургадаг байна. Тариалалтын А болон Б гэх хоёр заал болон үрслэгээний С гэх нэг заалнаас бүрдэх уг хүлэмж анх өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд одоогоор нийтдээ 40 гаруй ажилчид байгаагаас хүлэмжид 25 нь ажилладаг.
Мананжуулалт, сүүдрэвч, хэм бүгд цаанаасаа хяналтын дагуух шилэн хүлэмжинд өргөст хэмх бүрэн боловсорч хэрэглэгчдэд хүрэх хүртэл нийтдээ үрслэгээний, арчилгааны, хураалтын, савлагааны гэсэн дөрвөн хэсгийг дамжин эцсийн түгээлт борлуулалтын хэсэгт очих бөгөөд түгээлтийг И-Март худалдааны төв бүрэн хариуцдаг юм байна. Тэд хэрэглэгчдэд орчин үеийн технологи бүхий Голландын технологийг шингээсэн шилэн хүлэмжид өргөст хэмхийг ургуулдаг гэдгийг тус үйлдвэрийн онцолж байлаа.
Ургах үйл явц нь үрээ суулгаснаас дөрөв хоногийн дараа соёолно. Үүний дараагаар соёолсон ургацаа куб руу (чулуун хөвөн) суулгаж 3-7 хоногийн дараа тариалалтын заал руу шилжүүлнэ.
Тариалалт руу шилжсэнээс сарын дараа ургаж эхэлдэг. Хүлэмжинд ногоо тарихад нар маш чухал тул өвлийн улиралд тариалалтын хугацаа уртасдаг гэнэ.
“Төгс ургац” ХХК-ийн маркетингийн менежер Д.Ариунболор:
-Ургуулалтын хэм нь +20 градус байх ёстой. Түүнээс хэтрэх юм уу багасвал эрүүл бус ургалт болно. Агрономичд сойлт хийнэ, суганы нахиа авахаас бусад нь автомат. Манайх жилдээ 500 тонн өргөст хэмх хураах хүчин чадалтай. Нэмж нэг хүлэмж баригдаж байгаа. Тэр хүлэмж нэмэгдсэнээр жилдээ 1000 тонн авах боломжтой
ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД Ч АМТАТ ГҮЗЭЭЛЗГЭНЭ ИДЭХ БОЛОМЖТОЙ
Монголчууд уулын болон талын гүзээлзгэнийг байгалиас түүж хэрэглэж ирсэн. Гэвч Гэхдээ зөвхөн зуны дэлгэр цагт гүзээлзгэнэ иддэг байсан бол одоо дөрвөн улирлын турш гүзээлгэнэ идэх боломжтой болсон. Ялангуяа хүлэмжид тарьсан шинэ гүзээлзгэнийг өвлийн цагт ч худалдах боломж бидэн бий. И-Март худалдааны төвийн хүлэмжээс нь шууд хэрэглэгчийн гарт нийлүүлдэг бас нэгэн бүтээгдэхүүн бол гүзээлзгэнэ. Гүзээлзгэнэ жимсний 80 хувийг С амин дэм эзэлдэг бөгөөд зүрх судас, элэгнээс эхлээд олон төрлийн ач холбогдолтой. Монголынхоо хэрэглэгчдийг гүзээлзгэнээр хангадаг дотоодын аж ахуй нэгж бол “Элбэг ургац” жимсний аж ахуй. Тэд 2012 онд байгуулагдаж, Монголын ард иргэдийн гүзээлзгэнийн хэрэглээг хангах зорилго тавин ажиллаж байна.
“Элбэг ургац” жимсний аж ахуй нь хоёр төрлийн технологиор тариалдаг. Нэг нь эх орны үржил шимтэй хөрсөн дээр бордоо хэрэглэлгүй тариалдаг бол нөгөө нь усан тариалалт хийдэг. Тодруулбал,
Усан тариалалт – Газраас авч буй эрдэс бордоог усаар өгөх тариалалт
Тавцангийн тариалалт – Газрын хөрс бордоог тавцан дээр байрлуулан ургуулах тариалалт
“Элбэг ургац”-ын агрономич Б.Энхжаргалын хэлснээр гүзээлзгэнэ жимс маш их арчилгаа шаарддаг гэнэ. Тэрбээр, ургацыг нь улам нэмэгдүүлэхийн тулд арчилгаа их шаардана. Ус, чийг, нар, шим тэжээлийн бодис нийлж байж гүзээлзгэнэ бий болно. Шөнөдөө 15, өдөртөө 20-25 градусын хэмтэй байж ургацаа өгдөг. Зуны халуун үед сэнс ажиллаж халуун агаарыг хөөж гаргадаг гэсэн юм.
Одоогоор урт нь 60 метр, өргөн нь найман метр хэмжээ бүхий зургаан хүлэмжинд тариалалт хийж байгаа бөгөөд цаашид бөөрөлзгөнө, алим, чавга тариалах зорилго тавьжээ. Зургаан хүлэмжээс өдөрт 50-60 кг гүзээлзгэнэ авдаг бөгөөд үүрийн 06.00 цагтай уралдан гүзээлзгэнээ хураан шууд И-Март худалдааны төв рүү нийлүүлдэг байна. Ирэх жилээс усан үзэм тариалахаар төлөвлөж хүлэмжийнхээ тоог ч нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
“Элбэг ургац” захирал Д.Давааням:
-Хүн бүхэн хүнсний аюулгүй байдал ярьдаг болсон энэ цагт Монгол газартаа тарьсан эрүүл, шинэ хүнсээ иргэд өөрсдөө сайн сонгох хэрэгтэй. И-Март худалдааны төвтэй хамтран борлуулалтын асуудлаа бид шийдвэрлэж чадсан. Одоо улам л их ургац авахаар ажиллаж байна. Хувийн газар тариалангийн аж ахуй, фермерүүд ард олны хэрэгцээг бүрэн хангах боломжгүй. Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдал гэж ярьж л байгаа бол зайлшгүй улсаас хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих шаардлагатай байна.
Б.УУГАНБАЯР
Холбоотой мэдээ