УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татвар/ОАТ/-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 60 гаруй хувийн саналаар “Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хуульд өөрчлөлт оруулснаар архи, тамхи, шатахуунд ногдуулж ирсэн ОАТ-ыг доллараар бус төгрөгөөр тооцон авдаг болно. Одоо дээрх төрлийн бүтээгдэхүүнд ам.доллараар татвар ногдуулдаг байна. Энэ нь валютын ханш өндөр үед аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч буй аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс 2009 оны эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улсынхаа нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байхаар хууль баталсан. Гэтэл ОАТ-ыг ам.доллараар тооцох хууль түүний хаагуур нь яваад гарчих вэ” гэсэн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ч.Улаан нар “Хуулийн зөрчлийг арилгах талаасаа дээрх хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Аж ахуйн нэгжүүдэд ирэх ачааллыг ч нөгөө талдаа бууруулна” гэсэн байр суурь илэрхийлж байв.
Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дээрх хуульд өөрчлөлт оруулснаар ОАТ-аар дамжиж улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгөөр буурна. Энэ бол цаагуураа том лобби явж байгаа хэрэг. Улсад 60 гаруй тэрбум төгрөг төлснөөс 10 хувийг нь авлигад өгчихсөн нь хялбар тусна. Хэн нэгний лобби орсон хууль гэж би үзэж, байна, хууль батлагдсан нөхцөлд Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлж, хэн нэгний лоббигоор архи, тамхинд ногдуулах ОАТ-ын хэмжээг бууруулж байна” гэж хардлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ