Сербүүдийн гайхамшиг үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Сербүүдийн гайхамшиг үргэлжилсээр

Сербүүдийн гайхамшиг үргэлжилсээр

Волейболын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3-р шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн. Тэмцээний 3-р шатанд Риогийн олимпийн аварга Бразил, Риогийн олимпийн хүрэл, энэ оны Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрэл медальт АНУ, 2014 оны дэлхийн аварга Польш, Риогийн олимпийн мөнгөн медальт Итали, энэ оны Үндэстнүүдийн лигийн анхны аварга ОХУ болон Сербийн шигшээ багууд шалгарсан. Шилдэг 6 баг сунгалаагаар гурав гурваараа 2 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсгийн эхний тоглолтууд явагдлаа.

I хэсэгт Бразил, ОХУ болон АНУ-ын шигшээ багууд багтсан. I хэсгийн эхний тоглолт Бразил болон Оросын шигшээ багуудын дунд болж Өмнөд Америкийн багийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний хоёр сетийг Оросууд 25-20, 25-21 харьцаатай ялалт авсан ч Бразилын шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж сүүлийн 3 сетийг дараалан авснаар ялалт байгууллаа. Хэдийгээр Бразилын шигшээ баг сүүлийн 3 сетийг авсан ч тоглолт эн тэнцүү явагдаж байсан бөгөөд ердөө 1 онооны зөрүүгээр Бразилчууд хожсон. Тус тоглолтонд Бразилын багаас Риогийн олимпийн шилдгүүдийн нэг де Соуза 22 оноо авсан бол Л.Фонтелес, Дуглас Соуза, Л.Сааткамп нар 10-ээс дээш оноо авсан. Харин Оросын багаас Д.Волков 23 оноо авсан бол гурван тоглогч 10-аас дээш оноо авсан байна. Ийнхүү Оросууд эцсийн мөчид хожигдсноор дараагийн шатанд шалгарахад хүнд болж байна. Тэд АНУ-ын шигшээ багийг заавал хожих даалгавартай үлдэж байна. Ялалт байгуулсан Бразилын шигшээ баг хагас шигшээд шатанд шалгарахад тун ойрхон болсон.

J хэсэгт зохион байгуулагч Италийн шигшээ баг энэ тэмцээний нээлт Сербийн шигшээ багтай хийж хуурай хожигдлоо. Сербүүд Италийн шигшээ багийг 25-15, 25-20, 20,18 харьцаатай хожсон нь энэ жилийн дэлхийн аваргын томоохон сенсацийг тариад авсан. Италичууд 1-р шатанд бүх өрсөлдөгч нараа хожиж 2-р шатанд шалгарсан бөгөөд энэ шатанд Оросын шигшээ багт хожигдсоныг эс тооцвол тун өнгөтэй байсан. Гэвч тэд даруухан амжилттай Сербийн шигшээ багт чухал тоглолтонд хуурай хожигдож, тэгэхдээ бүр 2 сетэд нь 20 оноо авч чадалгүй хожигдсон нь багагүй шуугианы гол шалтгаан болж байна. Италийн багаас Д.Маззоне 11 оноо авсан нь багийн хамгийн өндөр оноо болсон бол багийн лидер И.Зайцев ердөө 9 оноо авсан. Харин 4 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд М.Ивович багийнхаа ялалтын гол түлхүүр болсон байна. Ялалт байгуулсан Сербүүд өнөөдөр Польштой тоглосноор 3-р шатны тоглолтоо өндөрлүүлнэ.

Дэлхийн аваргын 3-р шатанд хэсэг тус бүрийн эхний 2 баг хагас шигшээд шалгарна. I хэсгийн 1-р гарсан баг J хэсгийн 2-р гарсан багтай, J хэсгийн 1-р гарсан баг I хэсгийн 2-р гарсан багтай хагас шигшээд шатанд тоглоод хожсон багууд нь алтан медалийн төлөө тоглох бол хожигдсон хоёр баг нь хүрэл медалийн төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж