Хүний хөгжлийн сан өрөнд баригджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Хүний хөгжлийн сан өрөнд баригджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд зорилтот бүлгийн 0-18 хүртэлх насны хүүхдэд Хүний хөгжил сангаас сар тутамд 20 мянган төгрөг олгох боломж бүрдэнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар айл өрхийн амьжиргааны төвшинг үл харгалзан 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгодог юм. Гэхдээ нийт 800 мянга гаруй өрхийн 10 гаруй хувь нь Хүүхдийн мөнгийг огт авдаггүй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд хөндсөн анхаарал татахуйц асуудал нь Хүний хөгжлийн сан өнөөдөр өрөнд баригджээ. Сангийн сайдын онцолсноор тус сан 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон аж. Уг нь дээрх сан гурван эх үүсвэрээс орлого нь бүрдэх ёстой ч зарим нэг шалтгааны улмаас орлого бүрдээгүй, мөн сар бүр хүүхэддээ 20 мянган төгрөг олгох үүднээс бонд гаргаж эх үүсвэрийг нь бүрдүүлэх замаар явсаар 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон аж.  

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өр тавин байж, хүүхдийн мөнгийг алагчилж олгохыг дэмжихгүй. Хүний хөгжлийн сан нь халамжийн сан болж хувирсан байна. Хүний хөгжил сангаар дамжуулж өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийг иргэдэд олгосон байна. Энэ нь нийт дүнгээрээ гаднаас босгосон бондын хэмжээнд хүрэхүйц мөнгө. Гэтэл үүнийгээ халамж хэлбэрээр тараачихсан. Энэ мөнгө хэрэгтэй айл өрх бий ч одоо сонголт хийх боломжийг нь олгоё. Сар бүр 20 мянган төгрөг авах юм уу, хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг барихад зарцуулах уу гэдэг сонголтыг нь өгье. Хэрвээ бид энэ санг халамж болгож хувиргах гэж байгаа бол мөнгөн тэтгэмж болгоё. Хүүхдээ вакцинд хамруулах юм бол, хүүхэддээ ерөнхий боловсрол олгодог бол олгоё. Хүн амаа өсгөх бодлого юм бол 18 нас хүрээд дээд боловсрол эзэмших, эсвэл мэргэжлийн сургуульд суралцахад ашиглах Ирээдүйн боловсролын даатгалын сан болгож болдоггүй юм уу” гэж байлаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүний хөгжлийн сан баялгийн шударга хуваарилалтаар явж байгаа сан гэж ойлгодог.  Хүүхдүүдэд өгч байгаа мөнгө гэдэг сайн зүйл. Гэхдээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүний хөгжил сангийн орлого тасалдаж байгаа энэ үед хэтэрхий хавтгайруулсан халамжаас татгалзая гэсэн Засгийн газраас оруулж ирсэн  саналыг дэмжиж байна. Хүний хөгжлийн сангийн орлогыг бид хуулиндаа тодорхойлж өгсөн. Хэрвээ орлого тасалдвал бонд гаргах замаар хүний хөгжилийн сангийн орлогыг  нөхнө гэсэн ойлголт хуулинд байхгүй. Орлогын өөр эх үүсвэрийн замаар энэ санг аваад явж болохгүй юу” хэмээж байлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж