Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс /2018.09.27/ хэрэгжиж эхэлж байгаа талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр албан ёсоор мэдэгдлээ.
МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр /2018.09.27/ танилцууллаа. Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ талаар хэлэхдээ "Сэтгүүлчдийн ордон иргэдэд, олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана. Нийгмийн гүүр, нийгмийн дуу хоолой байхад нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө” гэлээ.
Хоёр дахь төсөл болох “Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд мөн өнөөдөр /2018.09.26/ МСНЭ болон "Шинэ гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна.
"Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр сэтгүүлчдээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Гэхдээ сэтгүүлчид маань цалин хөлс бага, нийгмийн асуудал хүнд байна гээд ажлаа хийхгүй хойш сууж байгаагүй. Тэд маань үнэний төлөө явахаасаа няцаагүй. Хэрвээ сэтгүүлчдийн энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадах юм бол бид улам их амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд эхнээсээ гараанаас гарч байна. Цаг наргүй ажилладаг хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал. Монголын сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байна" гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тодотгов.
"МНСЭ"-ийн зүгээс "Шинэ гарц" ХХК-д сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьжээ.
Энэ талаар “Шинэ гарц" ХХК- ийн ерөнхий захирал Б.Бадамрагчаа хэлэхдээ "Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын "Шинэ гүрэн" төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2 сая 300 мянган төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1 сая 99 мянган төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтад орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана” гэв.
Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа сэтгүүлч, редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.
Холбоотой мэдээ