Жүдо бөхийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн УАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд боллоо. Тэмцээнд 21 байгууллагын 296 жүдоч хүч үзэж байна.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж “Улсын аваргад тамирчдадаа амжилт хүсье. Энэ жилийн улсын аваргууд Казахстаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна” хэмээн хэллээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг жингийн барилдаанууд болж, улсын аваргууд тодорно.

60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, өсвөрийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт Б.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Наньжины хүүхдийн олимпод оролцсон Ц.Цогтбаатар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Баттулга нарын шилдэг залуу жүдочид өрсөлдөж байна.

66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамрчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамрчин С.Ням-Очир, ОУХМ С.Мияарагчаа, Г.Одбаяр нарын шилдэг жүдочид зодоглож байна. 

Улсын аваргад түрүүлсэн жүдочид энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм. Тухайлбал, ирэх тавдугаар сарын 13-17-д Кувейт улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ, "Их дуулга", Гранпри, Ази, Европын нээлттэй тэмцээнд оролцох юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж