П.Ганхүү: Нүүрсний үнийг чөлөөлөх, эсэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

П.Ганхүү: Нүүрсний үнийг чөлөөлөх, эсэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой

П.Ганхүү: Нүүрсний үнийг чөлөөлөх, эсэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, төлөвлөгөөт ажлын биелэлттэй газар дээр нь очиж танилцлаа. Төвийн эрчим хүчний системийн 60 гаруй хувийг хангадаг Багануурын уурхайн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 75 хувьтай байна.

“Багануур” ХК-ийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн “Уурхайн уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс борлуулсан. Нүүрсний бэлэн нөөц 490 мянган тонн байгаа нь төлөвлөсөн хэмжээнд ажил явж байгаа гэсэн үг. Дулааны цахилгаан станц хэвийн буюу дунджаар 15 хоногийн нөөцтэй байгаа. Бид захиалга төлөвлөгөөний дагуу нүүрсээ нийлүүлж байна” гэв. Хэдийгээр төлөвлөсөн ажил хугацаандаа хэрэгжиж байгаа ч ус шүүрүүлэх болон уулын дэд станцыг шинэчлэн шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлалтайг уурхайн удирдлагууд танилцуулав. Тус уурхайн богино хугацаанд төлөх өр 80.2 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс энэ өрийг төлж барагдуулахын тулд тонн нүүрсний бодит өртөг дээр 5000 төгрөг нэмэхэд 3-4 жилдээ багтаж өрөө төлж барагдуулах боломжтойг онцоллоо.

Мөн Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөсөн хугацаандаа ажил явж байгааг компанийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү танилцуулсан. Гэхдээ тээвэртэй хөрс хуулалтын ажил хоцрогдолтой байгаа аж.

“Шивээ Овоо” ХК цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, өр төлбөрийн асуудлаа шийдэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд нүүрсний үнэ ханшийг бодит өртгөөс дээгүүр тогтоох шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд санал болголоо.

Уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Энэ жил Засгийн газрын 132 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу урт болон богино хугацаатай өр төлбөр болон 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлд зориулсан шаардлагатай асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жил дээрх хоёр уурхайд богино хугацаат зээлийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас 20 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу машин механизм, уурхайн засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. Нүүрсний үнэ тарифыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх компани, иргэд бий. Гэхдээ эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй тохиолдолд нүүрсний үнийг чөлөөлөх боломжгүй. Нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна” гэлээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт  тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Баасанбаяр, Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Ганболд, Нэгдсэн удирдлагын газрын захирал М.Цэнгэл нар ажиллаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн харьяа компаниудад ажиллаж байна.

Д.ДОРЖМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж